Долоодугаар сарын цаг агаарын төлөв

365
Долоодугаар сарын дундаж агаарын температур Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8…14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20…26°С, бусад нутгаар 14…20°С дулаан байдаг.
Долоодугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2018 онд олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2019–2021 онуудад дунджийн орчим байсан аж.

Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар 70–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог.
Зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, 1980–1981, 2000–2001, 2007, 2014, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1990, 1997–1998, 2003, 2006, 2012, 2018, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.

Энэ жилийн тухайд
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд, Ховдын зүүн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийг сүүлчээр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төвийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна, хур тунадас Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 1–2°С–аар хүйтэн байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. 
Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр дундаж орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. 
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн өмнөд болон хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

7 дугаар сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn