Төв талбай дээр 20:00 цагаас өдөр бүр урлагийн тоглолттой

0
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. Мөн төв талбайд мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулж, гэрлэн чимэглэлүүд хийж, шинэ жилийн уур амьсгал оруулсан. Төв талбайн гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэсэн аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “БОАЖЯ нь НЗДТГ-тай хамтарч арванхоёрдугаар сарын 1-31-нийг хүртэл өдөр бүр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тус арга хэмжээ зайлшгүй нөхцөл байдлын улмаас хойшилсоор, өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ хүрээнд орой бүр тусгай хөтөлбөрүүд бэлтгэсэн. Мөн төв талбайн гэрлэн чимэглэлүүдийг нэмж, мөсөн хотхон, мөсөн гулгуур хийлээ. Хүүхэд багачууд болон иргэд төв талбайгаа зорин ирэх нь ихэссэн байна. Та бүхнийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр 20:00 цагаас хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.
Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу сайхан дурсамж бүтээх боломжтой байхаар зохион байгуулалтыг хийжээ. Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөсөн байна.  “Green fest-2022” арга хэмжээний урлаг соёлын хөтөлбөр богино буюу 30 минут үргэлжлэх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn