АНУ өрийн таазаа хоёр дахин нэмлээ

229


Удаан хэлэлцсэн маргаан эцэслэж, АНУ-ын Конгресс өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийг өнгөрсөн бямба гарагт баталснаар, тус улсын ерөнхийлөгч Ж.Байден Төсвийн хариуцлагын тухай хуульд гарын үсэг зурах эрхтэй боллоо. Өмнө байсан 31.3 их наяд ам.долларын өрийн таазыг шинэ хуулиар хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь 2025 он хүртэл хүчинтэй байхаар хуульд тусгажээ. АНУ-ын Сангийн сайд ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө асуудлыг шийдэхгүй бол дотоодын эдийн засгийн нөхцөл байдал дефолт зарлах хэмжээнд хүндэрснийг мэдэгдээд байсан. Үүнийг айлаар жишвэл, бэл бэнчинтэй, багагүй хөрөнгөлөг айл үрэлгэн зардлынхаа уршгаар бэлэн мөнгөгүй болж, өр төлбөрийн томоохон асуудалд орсонтой дүйж ойлгож болох.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын хувьд өр төлбөрөө төлж чадахгүй дефолт зарлах хэмжээнд хүрнэ гэдэг зөвхөн нэг гүрний бус дэлхийн эдийн засагт ам.долларын байр суурь ганхах хэмжээнд нөлөөлснийг онцлох нь зүйтэй. Тиймээс ч эдийн засгийн томоохон сорилоо даван туулах, дотоод асуудлаа шийдэхийн тулд ерөнхийлөгч Ж.Байден өнгөрсөн сарын сүүлээр Хирошимад болсон Их-7-ын уулзалтаас яаран буцсан байдаг. Тэрээр өрийн тааз нэмэх гэдэг гол асуудлаар Конгрессийн даргатайгаа хэд хэдэн удаа уулзсан боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй зургадугаар сарыг угтсан юм. Өөрөөр хэлбэл, “ноён” долларын ханш суларч, төлбөрийн гол хэрэгсэл байх уу үгүй юудээ тулсаны зэрэгцээ дотоодын эдийн засгийн хямрал багагүй өндрийг аваад байгаа хүндхэн нөхцөлд дээрх шийдвэр гарч буй юм. Тиймээс ч удаан хэлэлцсэн өрийн таазыг нэмэх шийдвэр гарах нь эрт орой хэзээ нэгэнт цагт болох ч үүнийг хэрхэн өөрсдийн талд эерэг байлгах вэ гэдэгт АНУ-ын голлох хоёр нам болох Ардчилсан нам болон Бүгд найрамдахчууд “өрсөлдөж” байсан гэж ойлгож болно.

Ийнхүү АНУ дефолтоос “аврагдаж”, ямартай ч ирэх 2025 он хүртэл өрийн асуудлыг ярихгүй хэмжээнд хүрснээр эрх баригч Ардчилсан намынхныг түр амсхийх боломж олгоод буй. Харин Бүгд найрамдахчуудын хувьд дээрх хууль батлагдсанаар одоогийн Засгийн газрын тодорхой эрх мэдлүүдийг хянах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд байгаа. Тухайлбал, “Батлан хамгаалахаас бусад салбарыны зардлыг өсгөлгүй, энэ жилийн хэвээр хадгалж үлдсэн нь эрх баригчдын үрэлгэн зардлыг хянах нэг боломж юм” гэж Бүгд Найрамдах намаас сонгогдсон төлөөлөгчдийн танхимын дарга Дэвин Маккартни мэдэгджээ. Бүгд найрамдах намын зүгээс эрх баригчдад хэд хэдэн болзол тавиад байсан. Тухайлбал, ажил хийхгүй халамж хүртэгчдийг багасгах, зардлыг танах зэрэг бодит шаардлагууд нь эхнээсээ биеллээ олж, хуульд тусгагдаж чаджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn