Имартын шинэ салбар 500 гаруй ажлын байр бий болгожээ

212


 

Имарт нь Хан- Уул, Имарт Чингис, Имарт 3,4-р хороолол гэсэн 3 салбартай байсан бол өнөөдөр /2023.09.07/ Имарт Баянгол салбарынхаа нээлтийг хийлээ. Имарт Баянгол дах салбар нь дотоод бүтэц зохион байгуулалтынхаа хувьд шинэлэг хийц, хэв маягтай байсан бөгөөд бусад салбаруудаасаа онцлог нь олон төрлийн шинэ хэсгүүдийг гаргаж өгснөөрөө давуу талтай аж.

Мөн 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд 80 гаруй үйлчилгээ, 40 мянга гаруй  бараа бүтээгдэхүүний нэр төрлийг оруулж иржээ. Автомашины 350 зогсоол байгуулсан байна.

 

Энэхүү арга хэмжээний талаар Имартын гүйцэтгэх захирал Л.Жавзмаа: Бидний үндсэн гол зорилго нь хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягийг өөрчлөхөд оршдог. Энэ зорилгынхоо хүрээнд дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүнийг төлөвлөдөг. Жишээлбэл, өглөөний хоол гэсэн шинэ хэсэг үүсгэсэн. Бид бүхэн “Монгол хүн зуу наслаг” уриан дор ажилладаг. Иймд монголчууд маань өглөө бүр хоолоо идэж гарах ёстой гэдэг зүйлийг илүү ихээр тодотгож өгсөн. Мөн хүүхдийн тоглоомын хэсэг, бичиг хэрэг, хүүхдийн хоол хэрэглээний бүтээгдэхүүнийг онцолсон. Чанартай ахуйн бүтээгдэхүүнийг шинээр оруулж ирсэн. Цаашлаад хүний эрүүл мэндэд сайн гэсэн 40 гаруй нэр төрлийн хатаасан жимсийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа. Хүнсний бүтээгдэхүүнээ авахдаа номын сангийн дундуур гарч өнгөрдөг нь хүмүүсийг ном унших сэдлийг төрүүлэх зорилготой.

Нэмэлтээр, дарсны хэсэг гаргаж өгсөн. Монголчуудын хувьд архины хэрэглээ өндөр байна. Үүнд архины градус их нөлөөлдөг. Монголчууд бид түүх уламжлалаа бодоод үзэхэд хэдэн зуун  жил нэрмэл архийг хэрэглэж ирсэн. Нэрмэл архи нь  10-н градустай байдаг. 70 гаруй жилийн өмнөөс гэнэт 40-н градус руу орчихсон. Энэ  нь монгол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Иймд  бид бүхэн архины градусыг бууруулж, зөв зохистой хэрэглээг бий болгох зорилготой юм.

 

Имартын худалдааны менежер Б.Дөлгөөн: Бусад салбаруудад дарсны хэсэг одоохондоо байхгүй. Манай дөрөв дэх шинэ салбар буюу Имарт Баянгол салбар дээр 360 гаруй нэр төрлийн дарс худалдаалагдаж байна. Ихэвчлэн Франц, Итали гэсэн орнуудаас хамгийн сайн, чанартай гэсэн дарснуудыг хямд үнэ, өргөн сонголттойгоор оруулж ирсэн. Мэдээж хэрэг үндэснийхээ үйлдвэрээ дэмжих үүднээс Зэс-Хайрхан  компанитай хамтран ажиллаж байна. Манай дээр байгаа дарснууд 21-350 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг. Цаашдаа бид чанартай хийгээд эртний дарснуудыг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Хэрэглээний хувьд ихэвчлэн оройн хоолон дээр, найз нөхөд, хайртай дотны хүнтэйгээ уулзахдаа  хэрэглэвэл илүү тохиромжтой. Төрөл ангиллын хувьд хуурай, дунд зэргийн хуурай, дунд зэргийн чихэрлэг гэж ангилдаг. Арай илүү чихэрлэг гэвэл илүү олон төрлийн сонголттой болдог. Дарсанд дурлагсад бол ихэвчлэн хуурай дарсыг  сонгон хэрэглэдэг. Сүүлийн үед оргилуун дарсыг их хэрэглэдэг болсон байна. Зуны улиралд хөргөгчиндөө хийгээд хүйтнээр нь  хэрэглэвэл илүү таатай амт, тансаг мэдрэмжийг өгөх болно. Зарим үед мөстэй ч хэрэглэх боломжтой.

Имарт Баянгол салбарын дарсны хэсэгт шинээр киоск төхөөрөмжийг байршуулжээ. Энэ төхөөрөмжийн хувьд тухайн хүн өөрөө ямар дарс сонирхож байгаагаа хайх боломжтой юм. Энэ нь цаг хугацааны хувьд хурдан шуурхай байхаас гадна өөрийнхөө онцлогт тохируулан сонголтоо хийх боломжийг өгдгөөрөө давуу талтай аж. Имартын хувьд бусад сүлжээ дэлгүүрүүдийг бодвол хамгийн хямд үнээр, өргөн сонголттойгоор бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг. Дарсны хэсгийг гаргаж өгснөөрөө дарсны соёлыг түгээх, мэдлэг олгох зорилготой аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn