Ажилд нь муу үнэлгээ тавьсанд сайд С.Бямбацогт бухимдав

163

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2024.03.20/ болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Тайланг харахад Шилэн дансны хэрэгжилтээс эхлээд олон үзүүлэлт тэглэсэн байна.  Хүний эрхийн үндэсний комисс тайлангаа ирүүлээгүй, Байгаль орчин аялал жуулчлалын яамны нэг мэдээлэл ирээгүй гээд 0 тавьчихаж. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээллээ ирүүлээгүй гээд мөн баахан 0 тавьчихаар засаглал чинь муу байна гээд нийгэмд сөрөг мэдээлэл болох юм биш үү. Өнгөрсөн жилийн мэдээллээ копидоод тавьчихсан гээд тайлбар дээр нь байна. Ийм төрийн албан хаагчдаа ямар арга хэмжээ авах вэ. Хэдэн хариуцлагагүй төрийн албан хаагчаас болоод засаглалын ажил нь уначихсан.
Өөрийнхөө мэдэх тойргийн юмыг харахад шал худлаа юм бичсэн байна. Баянтээгийн уурхайг түшиглээд 20 мВт-ын дулааны станц барина гэдэг тодорхой заалт орчихсон байхад гүйцэтгэл дээр нь сайжруулсан түлшний үйлдвэрийн өргөтгөл хийсэн 50 хувьтай гээд бичсэн байх юм.
Дулааны цахилгаан станц барих тухай асуудал ярьж байхад сайжруулсан түлш дүгнэлт дээр нь тавиад. Аудитынхны 10 гаруй хувиар буулгасныг зөв л гэж бодож байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргын мэдээллийг хартал лаборатори дээр очтол хуурамч эмийг шинжилдэг лаборатори ажилладаггүй, бүгдээрээ эвдэрхий. Биенээ гайхсан хоёр гурван  хүн байна гээд байсан чинь энэ тайлан дээр гүйцэтгэл нь 100 хувь гэх юм. Тэр бүх эмийг бүгдийг нь шинжлээд гоё болгочихсон гээд байна.
“Нутгийн зам”-тай холбоотой ажлын  хэрэгжилт тааруу байна. Энэ асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тайлбар өгөөч гэв.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 2023 оны төлөвлөгөөг ярьж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажлыг яаж үнэлж дүгнэснийг би ойлгохгүй байна.
Зам тээврийн салбар 2023 онд өндөр өсөлттэй гарсан. Монгол Улсын эдийн засаг 7 хувь өссөн байхад зам тээврийн салбар 73 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбар 30 гаруй хувийн өсөлттэй байсан. Ажлаа сайн хийчихлээ, өсөлт сайн гарлаа, үнэлгээ сайн гарсан гэж бодоод байтал муу байх юм.
2022 онд 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 107 сая тонн ачаа тээвэрлэсэн. Зөвхөн авто тээврээр 31 сая тонн ачааг 2022 онд тээвэрлэсэн бол 2023 онд 71 сая тонн ачаа тээвэрлэсэн. Төмөр замаар 28 сая тонн ачаа тээвэрлэсэн бол 2023 онд 35 сая тонн ачаа тэвэрлэсэн. Онгоцоор 2022 онд 1 сая зорчигч тээвэрлэсэн бол 2023 онд 1 сая 730 мянган зорчигч тээвэрлэсэн.
Бүх салбартаа бүгд өсөлттэй гарсан. Тэгж байхад ажлаа муу хийсэн гэж дүгнэсэн ч байх шиг. Би ойлгохгүй байна.
2009-2023 он хүртэлх 15 жилийн хугацаанд МИАТ компани орон нутагт нислэггүй байсан бол нисдэг болсон. 2022 онд гуравхан аймагт онгоц нисдэг байсныг найман аймаг болгож, нэмэгдүүлсэн. Тийзний үнэ баруун аймгуудад 1,7-1,8 сая төгрөг байсныг 800 мянгаас 900 мянга болгож буулгасан. Энэ үр дүн биш юм уу.
20 жил америкчууд хүсээд монголчууд айгаад зөвшөөрдөггүй байсан хэлэлцээрийг Катар, Грек, Англи улстай байгуулсан. Олон чиглэлд агаарын тээвэр сэргэсэн. Сөүл-Улаанбаатар хооронд 7 хоногт 10 хан удаа нислэг үйлддэг байсан, өнгөрсөн зун долоо хоонгт 82 удаа ниссэн. МИАТ ганцхан, Солонгосоос Киа л нислэг үйлддэг, давуу эрхтэй монополь байсан. Үүнийг задалсан, өрсөлдөөнийг дэмжсэн. Үүний үр дүнд 7 хоногт 82 удаагийн нислэг үйлддэг болсон. Энэ ажил биш юм уу.
Сөүл-Улаанбаатар хооронд тийзний үнэ 3 сая төгрөг байсныг 1 сая болгосон. Энэ ажил биш юм уу. Яаж дүгнээд яаж үнэлээд байгаа юм.
Станбул-Улаанбаатар хооронд 5 сая төгрөгөөр нисдэг байсан хоёр дахин бууруулсан. 7 хоногт тавхан удаа нислэг үйлддэг байсныг 7 хоногт 34 удаа нисдэг болгосон. Энэ ажил биш юм уу. Хаа хамаагүй хүмүүсийн хийгээгүй ажлыг хүн дээр нааж, ажил унагааж үзүүлэлтийг нь доошлуулаад байгаа юм уу.
Г.Ганболд гишүүн сая асуулаа. УИХ төсөв тавьж өгөхгүй юм чинь яаж зам тавих юм. “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжээгүй гэв.
Г.ХОРОЛ

https://news.mn/r/2709298/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn