Хөвсгөл дэх коммунизм ба Да.Ганболд
Хөвсгөлчүүд 2012 оны сонгуулиас эхэлж МАН-д итгэл үзүүлж ирсэн. Энэ нь Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүд дотооддоо хагарч, талцсан, МАН-аас нэр дэвшигчид том эрх ашиг дээрээ нэгдэж чадсантай холбоотой гэдэг. Орон нутгийн намын байгууллага дотроо хагаралдсан нь МАН-ын Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарт олон жил боломж олгож ирэв.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас өнөөх л Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн болон Л.Мөнхбаатар, АН-аас Б.Баярмаа, Да.Ганболд, Ч.Батцогт нар нэр дэвшиж буй. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд Хөвсгөлчүүд хоёронтоо итгэл үзүүлж, УИХ-д суулгасан. Тэрбээр эрх ашгийн зөрчилтэй Хөвсгөлийн гурван гишүүний нэг хэмээн хэвлэлээр цоллуулдаг. Тэр өөрийг нь тойрсон хүмүүсээ л маллаж, тойглогч нэгэн гэгддэг. Өөрөөр хэлбэл түүнийг тойрон хүрээлэгчид, дэмжигчид л ажил албан тушаалд хүрдэг, амьдрал ахуй нь сайжирдаг. Гишүүн болоод өөрөө ч тэрбумтны эгнээнд шилжсэн.
Харин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гурван удаа Хөвсгөлчүүдийн итгэлийг өвөртөлсөн. Гэвч Засгийн газрын гишүүн болсноор тойрогтоо ажиллах нь цөөрөх болсон гэж яригддаг. Сонгууль дөхөөд л тойргоо услахаа хэзээ ч мартдаггүй. Өөрийнхөө тойргийг яг онож усладаг. Ямар сайндаа л тойргийнхоо хүүхдийг хүртэл олимпиадад хүчээр түрүүлгэж шагнал өгчихдөг овжин нэгэн гэх ярианд холбогдох вэ дээ.
-ГИШҮҮД НЬ САЯТАН ТЭРБУМТАН БОЛСОН Ч, АЙМАГ НЬ ЯДУУРЛААРАА ДЭЭГҮҮРТ ЖАГСАВ-
Тус аймаг ядуурлаараа аймгуудын долдугаарт буюу дээгүүрт бичигдэж байгаа. Малчид нь зуд турханд нэрвэгдээд ноолуур ноос, аялал жуулчлал, үйлдэврээс хүртсэн зүйлгүй, өр зээлтэй. Харин тэднийг төрд төлөөлөхөөр сонгогдсон гишүүд нь саятан, тэрбумтан болчихсон.
Ц.Даваасүрэнгийн орлого: 154 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 54 сая, орон сууц 371 сая, мал 113 сая, үнэт эдлэл 23 сая, хадгаламж 29 сая төгтөг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн “Ди Эл Өү”, “Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг ХХК, Цолмон хээр дэлгүүр ХХК, Өег Мебель ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.
Л.Энх-Амгалангийн орлого: 5 тэрбум, гэр бүлийн орлого 1.5 тэрбум, машин 300 сая, үнэт эдлэл 1.6 тэрбум, хадгаламж 10 сая, авлага 2.7 тэрбум, зээл 244 сая төгрөгтэй. Мөн “Эм Си Эс Монгол” ХХК, “Интер групп интернэйшнл” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.
–БОДИТ БАЙДАЛ: ХӨВСГӨЛИЙН СУМДАД ХАА НЭГ ТАЛХНЫ ҮЙЛДВЭР БИЙ, ХАРИН ҮЙЛДВЭРЛЭЛ АЛГА-
Хөвсгөл бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг. Энэ утгаар тус аймаг өрсөлдөх чадвараар манлайлж, иргэд нь ажил, орлогоороо тэргүүлж байх ёстой байв. Гэвч өрсөлдөх чадвараар доороосоо зургаад бичигдэж байна. Хаа нэг талхны цех байхаас тэнд үйлдвэрлэл алга. Иргэд нь ЖДҮ зээл хүртэж чаддаггүй. Жинхэнэ ЖДҮЧИД тэнд цөхөрчихсөн. Мөн аялал жуулчлалаас олж буй үр ашгийг хөтөч, тайлбарлагч, тур оператор, зочид буудал хүртдэг болхоос Хөвсгөлийн уугуул иргэд хүртсэн зүйл алга. Аялал жуулчлалыг анхаарах эзэнгүй нь илрэл. Нөгөөх хоёр, гурван гишүүний удаан ноёрхлын үр дүн. Хөвсгөлчүүд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй явж ирж. Энэ хэрээрээ феодол, нэгдэл рүү чирэгдэв.
–ХӨВСГӨЛИЙНХНИЙ ХҮСЭЖ БУЙ ШИНЭ САЛХИ СЭВЭЛЗЭХ ҮҮ-
Уг нь аялал жуулчлалын гол бүс нутагт иргэдийнхээ амьдрал ахуйг яаж бол яаж суга татан өөдлүүлж болмоор. Жимсний эх оронд жимс жимсгэний үйлдвэрлэлийг өндөр түвшинд гаргаж ч болмоор. Өөрөөр хэлбэл тэнд бодлогын дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа. Шинэ бодлогыг, шинэ салхийг хүсэж байгаа. Энэ салхины чигийг энэ удаагийн сонголтоор өөрчлөх эсэх нь ердөө 14 хоногийн дараа шийдэгдэнэ. Арваад жил МАН-ын салхинд илбүүлсэн хоймор нутгийнхан АН-ын салхинаас чиг асуух уу. АН-аас Б.Баярмаа, Да.Ганболд, Ч.Батцогт нар зүтгэж буй. Эдийн засгаа либерал болгоё, бизнесүүдэд эрх чөлөөг нь өгье, хувийн хэвшлийг бодлогоор дэмжье гэдэг хүн бол Да.Ганболд.
Энэ утгаараа АН түүнийг хоймор нутаг руу илгээж буй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийг чадах чинээгээрээ дэмждэг гэдэг утгаар нь Ардчилсан нам түүнд итгэл хүлээлгэсэн. Тэр бол ерээд оны Монголын эдийн засгийн шинэчлэлийн гол авторуудын нэг хэмээн үнэлэгддэг. Өнөөдөр бүгдээрээ үр шимийг нь хүртэж яваа зах зээлийн эдийн засгийн үрийг суулгалцсан нэгэн. Мөн түүнийг гялтайлгах нэг автор нь эдийн засгийн ухааны доктор. Тиймдээ ч хувь хүний хөгжил, чөлөөт эдийн засгийг дэмжих, эл харилцаанд төр хатуу хараа хяналтаа тавихгүй байх зэрэг либерали үзлийг хамгийн сайн мэднэ. Хөвсгөлд тогтсон коммунизм либералын салхиар солигдож байж аялал жуулчлал, жимс жимгэнэ үйлдвэрлэл, цаатан соёл, ЖДҮ эрхлэлтэд төрийн бодлого хүрч эхлэх буй за.
У.Уян
Эх сурвалж: eguur.mn