Л.Гантөмөр: Би ядуу улсын Ерөнхий сайд болмооргүй байна

187

АН-ын дарга Л.Гантөмөрийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орсон ярилцлагыг хүргэж байна.
-Та яагаад намын дарга болохоор шийдэв. Энэ асуултаас яриагаа эхэлье?
-Ардчилсан намд зүтгэж байсан үе үеийн сайд, дарга нар, намын залуу лидерүүд санаачлага гаргаад, АН-ыг нэгдэх хэрэгтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Гол хуваагдал бол ҮБХ буюу намын удирдах төв байууллага хуваагдаад, нэг талдаа 60 хувь, нөгөө талдаа 40 хувь, заримдаа 50:50 гэх байдлаар яваад байсан. Тиймээс эхлээд ҮБХ-гоо нэг болгоё, бүтэн бага хурлаасаа шийдвэрүүдээ гаргаад явдаг болъё гэдэг дээр ҮБХ-ны гишүүд нэгдээд явж байгаа юм. Ингэхээр АН-ыг бүтэн болгох боломж хэнд байна? гэдэг асуулт гарч ирсэн. АН нам бүтэн болохын тулд юу хийх вэ?!
Нэгдүгээрт, үзэл санаа нь дээрээ нэгдэх нэгдлээ баръя. Тэгвэл үзэл санаа дээрээ хатуу зогсох боломж нь хэнд байна вэ? Хоёрдугаарт, хамтын удирдлага руу шилжих асуудал. Өнөөдрийг хүртэлх АН-ын хуваагдлыг хараад байхад нэг нэг лидер дагасан фракцын хуваагдал яваад байсан. Тэгвэл өнөөдөр улс төрийн намын хувьд нэгдсэн хамтын удирдлагатай болох шилжилтийг хийж байна. Тэр хамтын удирдлагын хийж өгдөг лидер, намын дарга хэрэгтэй. Үүний тулд ҮБХ нь шийдвэрээ гаргаад, Их хурлаараа батламжлаад явъя. ҮБХ-гоо нэг цул болгохын тулд ямар хүмүүс өрсөлдвөл зохилтой вэ, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүс хэн хэн байна вэ? гэдэг яриа өрнөсөн. Түүнээс хэн нэг нь сайн дураараа “би болъё, би хийе” гэдэг зүйл биш. Намын хамт олон шийдэх ёстой, намын гишүүд шийдэх хэрэгтэй, тэр шийдвэр гаргах түвшний хүмүүс нь ярилцах хэрэгтэй. Энэ ярилцлагын дундаас би гарч ирсэн гэж ойлгож болно.
-Сая болсон сонгуульд таниас гадна гурван ч хүн нэрээ дэвшүүлсэн, хоёр нь тантай өрсөлдсөн. Таны баримталсан зүйл юу байв? Залуучууддаа амласан зүйл, тавьсан зорилт юу байв?
- Монголын ардчилал алхам алхмаар алдагдаж байна. Өнөөдөр Монгол Улсыг дарангуйлагч шинж чанартай нэг нам, нэг хэсэг бүлэг хүмүүс удирдаж байна. Хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө хаалгасан, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй, өмчийн эрх нь хязгаарлагдсан, хөрөнгийг нь хэзээ ч хурааж авч мэдэхээр, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн байхгүй, төрийн оролцоо нэмэгдсэн, төрийн мөнгө нэмэгдсэн ийм л улс болчихлоо. АН суларч алга болсноор ийм байдалд хүрээд байна.
Тиймээс миний тавьсан зорилт бол АН хүний эрхийг хамгаалахад хүчээ нэгтгэе. Өмчийн эрхийг хамгаалахад хүчээ нэгтгэе. Иргэний нийгмээ хүчирхэгжүүлье. Энэ ажлыг биднээс өөр хийх хүн, улс төрийн нам, хүчин байхгүй. Хоёрдугаарт, улстөрийн намуудыг ухаалаг, шилэн болгоё. Бүртгэл нь тодорхой, гишүүддээ үйлчлэхээс гадна нийгэм рүүгээ гардаг, хүмүүстэйгээ уулздаг, хүмүүсийнхээ санал бодлыг сонсдог, намынхаа бодлого шийдвэрт тусгадаг байя. Жишээлбэл, Засгийн газрын кабинетыг бүрдүүлэхдээ боловсролын салбарыг хариуцах хүн нь яваад багш нартайгаа уулзчихсан, башг нараа сонсчихсон хүн байх наад захын шалгуурыг тавья. Эрүүл мэндийн сайдаар ажиллах хүн эрүүл мэндийн салбараараа яваад ярьчихсан байгаасай, эмч нартайгаа уулзчихсан байгаасай. Ийм л шаардлагыг тавих юм. Нам илүү нээлттэй, мэргэшсэн, бодлого нь хүмүүстээ ойртсон, хүмүүстэйгээ цуг алхдаг байя л гэж байгаа юм.
Өнөөдрийн энэ дарангуйлагч маягийн дэглэм чинь ковидоос улбаатай шүү дээ. Ковид эхлээд бүх зүйл хаагдсан, боогдсон, хоорондоо уулзаж чадахаа больсон, хурал хуй нь цахим болсон. Энэ нь цаашлаад төсвийн нээлттэй байдал алга болсон, хяналт алга болсон, төсвийг дураараа зарцуулдаг болсон, хулгай дээрэм гаарсан. Төрийн энэ үнэгүйдэл, үл итгэлийг алга болгохын тулд хүмүүс дээрээ очдог улс төрийн хүчин байя л гэж байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж байгаа хүн нь малчидтайгаа очоод уулздаг, ярилцдаг тийм нээлттэй улс төрийн хүчин байя. Энэ санал маань олонхийн дэмжлэг авах боломжийг бий болгосон болов уу гэж бодож байна.
-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН-ын даргын сонгууль нэг бус удаа явагдсан. Ц.Туваан гэж хүн байсан, дараа нь М.Тулгат, О.Цогтгэрэл болсон. Дарга сонгогдсон ч гэсэн тэр хүнийг хууль ёсны болгож баталгаажуулах дээр асуудал үүсээд байдаг. Миний ойлгож байгаагаар Дээд шүүх таныг АН-ын даргаар бүртгэж авах ёстой. Гэтэл С.Эрдэнээр ахлуулсан хэсэг хүмүүс бас эсрэг мэдэгдэл хийгээд эхэллээ. Энэ маргааныг яаж нэг талд нь гаргах вэ?
-Ардчилалын суурь зарчим нь олонхоороо шийдвэрээ гаргадаг, цөөнхөө хүндэлдэг. Айл гэрт яз бүрийн л хүүхдүүд байдаг. Жаахан танхай нөхөр байдаг, жаахан дураараа нөхөр байдаг, эв зүйг нь олдог хүүхэд байдаг, ажилсаг хөдөлмөрч хүүхэд ч байдаг. Сайн, муу нийлээд сав дүүрдэг л хорвоо шүү дээ. Гэхдээ зарчим нь олонхоороо шийдвэр гаргадаг.
Жишээ нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэр дэвшүүлсэн. 2021 онд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ нэр дэвшилтүүд явахад манай нам Дээд шүүх дээр намын даргагүй байсан. Шийдвэр хаанаас гарсан бэ гэхээр ҮБХ-ноос. Хамгийн сүүлд өгсөн дүрмийн өөрчлөлтийг ҮБХ-ноос шийдвэр гаргаад, тэрийг нь намын Их хурлаараа батламжлаад Дээд шүүх дээр очиж бүртгэгдсэн байгаа. Дээд шүүхэд ямар протокол байна гэхээр АН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэхдээ ийм бүрэлдэхүүнээс санал хурааж дэвшүүлсэн байна гээд нэг протокол байгаа. Хоёрт, 2022 оны гуравдугаар сард намын дүрмээ бүртгүүлэхдээ ийм бүрэлдэхүүнтэй байсан байна аа 490 гаруй хүний нэртэй бас нэг протокол байгаа. Яг тэр хүмүүс чинь сая хоёр талаасаа цугласан. Саяхныг хүртэл хуваагдмал байсан ҮБХ-ны хоёр бүрэлдэхүүн нийлж хуралдаад шийдвэрээ гаргасан. Эндээс нэгдэл үүссэн. Тал талаасаа цуглараад 365 хүний ирцтэйгээр хуралдаж байгаа юм. Ирээгүй 35 хувь дотор гадаад дотоодод, хөдөө гадаа яваа хүмүүс байгаа. Мөн “энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй” гэсэн хэсэг ч байгаа. Гэхдээ энэ бол нэг, хоёр хүний л асуудал. Энэ нэг хоёр хүнийг дагаад 5-10 хүн явж байгаа. Гэхдээ энэ бол бидний дотоод асуудал. Бид бол албан ёсны шийдвэрээ шүүхэд өгсөн, шүүхдээ итгэж байгаа. Шүүгчид маань ардчилалыг аврах, хамгаалах шийдвэрээ хуулийн дагуу гаргана аа гэдэгт итгэж байна. Бид бол Улс төрийн намын хуулиа, бүртгэлийн хуулиа барьж байгаа. Энд хууль зөрчсөн зүйл ерөөсөө ч байхгүй. Дүрмийн зөрчил гараагүй. Ардын нам ч адилхан шүү дээ. Бага хурал нь хуралдаад намын даргаа сонгодог, Их хурлаараа батламжилдаг. Яг энэ процесс л сая манай намд явагдсан. ҮБХ бол төлөөллийн байгууллага, намын гишүүдээсээ сонгогдсон хүмүүс. Энэ сонгогдсон хүмүүс гишүүдээ төлөөлөөд тодорхой шийдвэрүүд гаргадаг. УИХ-ын нэр дэвшигчид, Ерөнхийлөгчид нэр дэвшигчидээ эндээс гаргадаг. Энэ процесс бол төлөөллийн төв байгууллагын хийдэг ажил.
-С.Эрдэнэ гээд хэсэг бүлэг хүмүүс байна. Та бүхэн энэ хүмүүстэй уулзсан уу, зөвшилцөл хийсэн үү, ямар нэг байдлаар хүчин чармайлт гаргасан уу?
-Уулзсан, цаашдаа ч уулзана. Энэ бол хоёр, гуравхан хүний асуудал. Ардчилсан нам өөрөө 200 мянган гишүүнтэй нам. Энэ намыг тодорхой хугацаанд тэргүүлж байсан нэг, хоёр хүн ямар нэгэн байдлаар уяатай байгаад байна. Энэ намыг бүтэн болгохгүй гэдэг бодлогыг хадгалаад, хамгаалаад яваад байна. Гэхдээ тэр хүмүүстэй уулзаад ямар боломж байна, яг ямар асуудал байгаад байна, яаж шийдэх вэ гэдгийг олон талаас нь ярьж байгаа. Товчхондоо бол манай нам тарж бутарч үзсэн нам. 1990 онд зөндөө олон нам байгуулаад гарч байсан. 2000 онд бүгд буцаад нэгдсэн. Хорин жилийн дараа дахиад баахан задралтай нүүр тулж байна. Гэхдээ энэ хүмүүс задраад гарч чадахгүй байна. Гараад явчихаар амьдарч чадахгүй гэдгээ мэддэг, 2000 онд тэрийгээ үзчихсэн. Тийм болохоор гарч явахгүйгээр яаж энэ намыг хүчгүй байлгах вэ? гэдэг бусдын бодлогын нөлөөнд автчихаад байгаа юм. Уулзалтууд бол мэдээж болж байгаа. Гэхдээ энэ бол бидний дотоод асуудал учраас дэлгэрэнгүй яримааргүй байна. Зүгээр гадна талд юу байгаа вэ гэдгийг л ярьж байна.
-АН өмнө нь тарж бутарч үзсэн. Одоо ч тарж бутарчих гээд байна. Юу нь болохгүй байна вэ?
-Институц болохгүй байна. Ер нь бол Монголын ардчилал залуу байна. Хөршийн нөлөө асар өндөр байна. Хоёр айл хөрш амьдрахад ч гэсэн нэг нь нөгөөдөө нөлөөлдөгө биз дээ. Энэ нөлөө маш том байна. Манжийн дарлалд бид 200 жил байсан. Дараа нь Оросын дарангуйлалд 70 гаруй жил байсан. Нөлөөнд нь автчихсан юм байна. Гадны соёлын тахин шүтдэг, дагаж амьдардаг, өөрийн ухааныг гаргахаас айдаг тийм аймхай болчихсон юм байна. Энэ бол ганц АН-д байгаа зовлон биш л дээ. Уг нь бол 1990 оны хувьсгалыг хийхдээ МАХН-ыг тараагаад улс төрийн бүх намыг нэг гараанаас эхлүүлэх л ёстой байж л дээ. Хувьсгал гэдэг чинь хувьсгал хийсэн хүмүүс нь засаглахыг хэлдэг биз дээ. Гэтэл өнгөрсөн 30 жилд хувьсгал хийсэн улсууд нь засагласангүй. Уламжлалт МАХН өнөөдрийг хүртэл засаглаж байна. Өнөөдөр бүр эрх тэдэнд байна, бүх шатанд.
Уг нь бол монголчуудын зүрх сэтгэл ардчиллын төлөө байгаа хэдий ч амьдралынхаа ачаанд дарагдаад тэмцэж чадахгүй байна шүү дээ, нэгд. Хоёрт, уламжлалт соёлдоо дарагдаад байна. Ах нарыгаа хардаг, ах нараасаа гуйдаг, тэднээр зөвшөөрүүлэхийг хүсдэг тийм нэг сэтгэлгээ сүүлийн 300 жилийн хугацаанд тогтчихсон байна. Үүнийг сүүлийн 30 жилд нь эвдэх гэж яваа хүмүүсийн буруу биш байхгүй юу. Эвдэх гэt; явахаар уламжлалт МАН нь эрх барьчихаад байна шүү дээ.
-Таны түрүүнд хэлсэн тэр нэг, хоёр хүн асар хүчтэй байгаад байна. Тийм үү?
-Эрх баригчдын дэмжлэгтэйгээр ийм хүмүүс гарч ирдэг тохиолдол маш их байдаг. Ер нь тэгээд 1990 оны хувьсгалын тухай ном, сонин яваандаа их гарах байх. Хэн нь тагнуул байсан, хэн нь НАХЯ-нд хов зөөдөг байсан тухай гээд бүгд гарч ирэх байх. Төрийг бүрэн хянаж байсан улс төрийн хүчин, бүх хяналтын систем Ардчилсан хүчнийг өлгийдөж авсан гэдгийг мартаж болохгүй. Тэр хяналтаас гарах гэж зүтгэсэн зүтгэл өнөөдөр ингээд цавчуулаад явж байгаа юм. Би жишээ нь 2000 онд Японд сургууль төгсөж ирээд улс төрд орсон хүн шүү дээ. Хоёрдугаар үеийн партизан маягтай. Гэтэл гуравдугаар үе нь төрдөггүй, хоёрдугаар үе нь жолооныхоо ард гарч ирдэггүй, дарагддаг. Ингээд харахаар хоёр янзын хүчин зүйл байна. Нэг нь ардчиллын лидерүүд засаглаж үзээгүй болохоор бууж өгдөггүй. Цөөхөн хүн байна шүү дээ, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл баатар гээд. Энэ хүмүүс өөрснийхөө хүссэн хэмжээнд Монгол улсыг, Монголын ардчиллыг бий болгож чадаагүй болохоор хаяж чадахгүй зууралдаад байдаг. Дутуу байгаад байдаг. Нөгөө арынх нь гарч ирж байгаа улсууд буюу бид нар 1990 оны хүмүүс биш шүү дээ. 2000 оныхон, арай өөр юм боддог. Тэгэхээр сэтгэлд нь хүрч өгдөггүй. Товчхон хэлбэл, өөрснийх нь тэмүүлж байсан нийгмийн тухай яриа, Гантөмөрийн ярьж байгаа яриа хоёрын дунд зай гарчихаад байгаа юм. Тэр зайнаас болоод үе солигдох ажил явахгүй байна шүү дээ. Уг нь бол 2016 онд энэ шилжилт явагдах ёстой байсан. З.Энхболд дарга дээр нэг явлаа, тэгээд цааш явсангүй. Буцаад нөгөө ардчиллын партизандаа намынхаа тамгыг өгчихсөн. Нөгөө ардчиллын партизанууд нь 2020 ондоо дараа үедээ тамгаа өгөх ёстой шүү дээ. Энэ процесс нь будилчихсан. Тэгээд бид хоёр жил даргагүй явж байгаа юм. Хоёр жил даргагүй яваад сая нэгдээд, үе солигдож байна. Энэ нь одоо хуулиар баталгаажих ёстой. Баталгаажиж байж яг энэ цаг үеийн ардчилагчид энэ нам дээр өөрснийхөө байр суурийг эзлэх ёстой гэж би хувьдаа боддог. Үүнийг хамтын удирдлага гэж нэрлээд байгаа юм.
-АН-д үе солигдохгүй байгаа учраас 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан, 2020 онд мөн яллаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг авлаа. Улстөрийн намын хувьд хоёр, гурван сонгууль дарааллан ялагдал хүлээнэ гэдэг чинь боловсон хүчний хувьд ч томоохон асуудал үлдээсэн болов уу гэж би бодоод байна. Цаашдаа танай намд залуу боловсон хүчний ундарга хэр байна?
-Хүний нөөцийн хувьд манай нам асуудалгүй. Намаа нээлттэй болгож чадвал хүний нөөц асуудал биш. Хамгийн гол нь, айлаар яривал хаалгаа хаачихаад суугаад байж л болохгүй юм байна лээ. Улстөрийн нам нээлттэй байх ёстой, иргэний нийгэмтэйгээ ажиллах хэрэгтэй. Хаалгаа хаачихаад байгаа хэд дотроо тоо бодоод байвал л болохгүй юм байна.
-Гаднаас шинэ боловсон хүчний ундрага оруулахад 1990 оны партизанууд зайгаа тавьж өгөх үү?
-Сая Элбэгээ дарга “Би больё, Эрдэнэ, Баттулга ч гэсэн боль оо” гэлээ шүү дээ. Энэ бол эхлэл. Эр зориг. Ийм эр зориг бүгдээс нь гарах байх. Би намын даргын хувьд ямар ч байсан намаа нээлттэй болгоно. Нээлттэй болгоно оо гэдэг нь хаалгаа онгойлгочоод хүрээд ирээ гээд сүүхыг хэлэхгүй. Өөрсдөө өрөөнөөсөө гарна, сургуулиуд дээр очино, шинжлэх ухааныхантайгаа уулзана, эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзана, бизнес эрхлэгчидтэйгээ уулзана, бүгдтэй нь уулзана. Бодлогоо гаргахын тулд тэр хүмүүстэйгээ ярих хэрэгтэй. Жишээлбэл, татварыг бид бууруулах хэрэгтэй биз дээ. Бууруулахын тулд яах вэ, ямар үе шаттай байх вэ? Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй биз дээ. Хөрөнгө оруулалтыг татахын тул юу хийх вэ, ямар үе шаттай байх вэ? Гадагшаа, дотогшоо явна. Миний хувьд Монгол, Япон хоёр улсын харилцааг улам өргөжүүлэх хүсэлтэй. Тэндээс бодитой хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Тэгэхийн тулд Японд байгаа хүний нөөцөө дайчилж таарна. Японд одоо манай 10 мянга гаруй залуучууд ажиллаж, сурч байна. Тэр хүмүүстэй уулзъя. Дэлхий даяар явж байгаа залуучуудаа уръя. Хамтраад энэ Монгол улсаа хөгжүүлэхгүй бол бид нар утаан дундаа үлдэх нь. Хүмүүсээ түгжрэл, утаан дунд нь үлдээж ерөөсөө болохгүй. Энэ бүхнээс салахын тулд бид зоригтой хөдлөх хэрэгтэй. Ингэхийн тулд бид хаалгаа маш сайн нээх хэрэгтэй. Өөрсдөө орж, гарах хэрэгтэй. Зүгээр суугаад байж болохгүй. Зөвхөн телевизээр яриад байж болохгүй. Миний зарчим бол энэ. Үнэхээр хариуцлага хүлээе гэж байгаа бол хүмүүс рүүгээ нийгэм рүүгээ оч оо л гэж байна. Иргэний нийгэмтэйгээ ажилла. Салбарууд руугаа ор. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Ярилцах л хэрэгтэй. Ярилцахаа больчихоор л хүмүүс холдоод явчихаж байгаа юм.
-2024 оны сонгууль хаяанд ирчихээд байна. Жил хагас хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Ардчилсан нам энэ сонгуульд нилээд том үүрэгтэй оролцох байх. Та ч сая ярилаа. Нэг нам дангаар засаглахаар ямар асуудал гардгийг, сөрөг хүчний орон зай дутагдахаар яадгийг сонгогчид ч ерөнхийдөө мэдэрч байгаа байх. Тэгэхээр танай нам үлдсэн жил хагасын хугацаанд хамгийн түрүүнд хийх шаардлагатай бэлтгэл ажил юу вэ?
-Ард түмэнтэйгээ гар барих... Зах дээгүүр явна, дэлгүүрээр орно, худалдаа эрхэлж байгаа хүмүүстэйгээ уулзана. Бидэнд нэг буруу байна. Телевизээр нэг юм хэлээд, эсвэл цахимаар гангараад, хүмүүстэйгээ зайнаас харьцах гээд байдаг. Ингэхээр л төр, түмэн хоёр салчихдаг юм байна. Жинхэнэ улс орны төлөө гэж байгаа улс төрийн хүчин бол хүмүүс дотроо ордог. Дээлээ өмсөөд малчины хотонд очдог юм байна. Гэр хороолол руугаа очдог юм байна.
-Сонгуульд өрсөлдөхөд хамгийн том асуудал нь мэдээж санхүүжилт. Сонгуулийн өртөг сонгуулиас сонгуульд өсөөд яваад байдаг. Санхүүжилтын асуудлыг яаж шийдэх вэ?
-Бид эхлээд улс төрийн намыг шилэн болгомоор байна. Улс төрийн намын хуулийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Улс төрийн нам өмчтэй байх эсэх, татвартай байх эсэх гэх мэт. Жишээ нь би, намын даргын хувьд намын гишүүдээс татвар авахыг болъё гэж байгаа. Яагаад гэвэл хатуу хайрцаг бидэнд хэрэггүй. Зөөлөн дэд бүтэц, үйл хэргээрээ намын гишүүдтэйгээ ойрхон байя. Түүнээс татварын бүртгэл хийгээд, мөнгөний харилцаанд орохоор явдаггүй, тэлдэггүй юм байна. Монгол Улсын иргэн улс төрийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Ямар нэгэн татвараар улс төрийн намд уягдадгүй байх хэрэгтэй. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй.
Нөгөө талдаа нэр дэвших гэж байгаа хүмүүстээ нэг л шаардлага тавина. Өдөр бүр хүмүүстэйгээ очиж уулз. Очоод гар барьсан хүмүүс чамайг худалддаггүй л байхгүй юу. Яагаад хүмүүс мөнгө зараад байдаг юм. Уулзаж чадахгүй, нэр нүүрээ алдсан учраас л тэр шүү дээ. Ганц чадах зүйл нь таньдаг хүнээр нь дамжуулж мөнгө тараах. Тиймээс сонгогч нэг бүртэй уулзах, ойлголцох хэрэгтэй. Асуудал нь юу юм, шийдэл нь юу юм. Санаа бодол чинь адилхан байна уу, өөр байна уу. Өөр байж болно. Тэгвэл ойролцоо болохын тулд юу хийх вэ, ямар алхам хийх вэ? Энэ байхгүй юу даа. Гэтэл манайхан залхуу, очдоггүй, хамт байдаггүй, өмнөөс нь тэмцдэггүй.
Сөрөг хүчний хувьд энэ их ядуурлын урсгалыг сөрөөд зогсож байх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг буруулахын төлөө хатуу байх хэрэгтэй. Өндөр цалинтай иргэнээс өндөр татвар авдагийг болиулах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтийг өргөн барих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй хуулийн дутагдлуудыг засах хэрэгтэй. Энэ их авлигын давалгааг таслан зогсоох учиртай. Сөрөөд зогс. Сөрж зогсохдоо хүмүүстэйгээ хамт бай. Зүгээр чуулганы танхимд Ардын намыг загнаснаар энэ тэмцэл зогсохгүй. Хэн нэгэн даргыг муулснаар бүтэхгүй. Тийм учраас зарчимтай бай. Мөнгөндөө биш, ойлголцолдоо байдаг юм. Тэгж байж ард түмэн төрөө барьдаг юм. Зүгээр мөнгө тараагаад гараад байх юм бол ард түмэн яаж төр барих юм.
-Одоо хоёулаа ярилцлагаа сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал руу хандуулъя. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ зээлийн зэрэг хэргүүд... Эрх мэдэлд очсон л бол Ардын нам ч, Ардчилсан нам ч ялгаагүй татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулдаг систем яваад байна. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн асуудал биш, маш урт хугацаанд үүссэн асуудал болоод явчлаа. Яагаад вэ? Ер нь монголчууд нийтээрээ ийм мораль муутай улсууд юм уу?
-Яагаад гэвэл эдийн засгийн бүтэц нь буруу байна. Зөвхөн уул уурхай дээр суурилсан, уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө нь Монголын эдийн засгийн дийлэнх болчихоод байна. Тэр нь мөнгө нь төрөөр дамжаад байна. Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Хөтөл гэхмэтчилэн. Жишээ нь, “МАК”-ийн цементын үйлвэр дээр хулгайн яриа байхгүй, “Энержи ресурс” дээр хулгайн яриа байхгүй л байгаа биз дээ. Эдийн засагт эзэлж байгаа төрийн оролцоо, эзлэхүүн том байх тусмаа л хулгай гарна. Бүр үргэлж гарна. Цаашид ч гарсаар л байна. Ковидын үед асар их хулгай гарсан байгаа биз дээ. Хаалттай байсных. Хэмжээ нь томорсных. Өмнө нь бид “Хэдэн зуун сая төгрөгийг тэгчихэж, ингэчихэж” гэж ярьдаг байсан. ЖДҮ дээр 950 сая гэж ярьж байсан. Гэтэл сүүлд Төмөр замын албаны даргын гэрээс 10 тэрбум гарч байна шүү дээ. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд нь 950 саяыг жагсч байгаад авч байсан бол өнөөдөр авилгын хэмжээ ингэж томорсон байна. Төмөр зам төрийн өмчид, тэгээд эрх мэдэл нь ч тэнд байна. “Тавантолгой”-н худалдан авагчийн мэдээлэл байхгүй, нүүрсийг хэн авч байгаа нь хаалттай учраас тэнд авлига байна. Ковидын хуулиар бүх мэдээллийг хаалттай болгосон учраас Тавантолгойн, Төмөр замын худалдан авалт ийм болсон. Тендэр зарладаггүй, тэнд сууж байсан хүмүүс байшин савтай болчихсон байна. Нээлттэй байх юм бол улаам цайм ийм гэмт хэргүүд гарахгүй, нэг. Хоёрт, төрийн өмч багасаад хувийн өмч нь хүчирхэг байх юм бол эдийн засгийн бүтцийн хувьд зөв, хувь хүний оролцоо ихсэх тусам хулгай алга болно.
-Нөгөө талдаа тэрийг олон нийтэд ойлгуулна гэдэг том асуудал. Нэг дарга гарч ирээд “хувьд очивол үнэ өсчихнө” гээд нам зогсоодог. Төрд байгаа учраас үнийг тогтвортой барьж байна гэдэг ч юм уу?
-Үнийг тогтвортой барих гэж зах зээлийн хуулийг зөрчвөл дампуурна л гэсэн үг. Төр бизнес, эдийн засгийг удирдаад ирэхлээр дампуурдаг байхгүй юу. Бид тэрийг 1930-1990 оны хооронд үзчихсэн шүү дээ.
-2012-2016 оны Ардчилсан намын үед ч “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжиж байсан шүү дээ?
-Харин тэгээд л дампуурсан байгаа биз дээ. Буруу юм хийхээр үр дагавар нь буруу л гардаг. Үнийг хүчээр барина гэдэг хуучин хандлагаа хаях хэрэгтэй. Ард түмэнтэйгээ ярилцаад ойлголцох л хэрэгтэй. Зах зээлд нь даатгая, худалдан авах чадварт нь хариуцуулъя. Эрэлт, нийлүүлэлт хоёроо зах зээлд нь өгөх ёстой байхгүй юу. Өгөхгүй байгаагаас болоод Улаанбаатар дампуурч байна. Дулааны үнэ хязгаартай байгаа болохоор дулааны шугам байхгүй. Цэвэр, бохир усны үнэ хязгаартай байгаа болохоор шугам нь доголдолтой. Шугамын доголдол байгаа болохоор зам барилгын тэлэлт явагдахгүй. Маш жижиг зайнд асар их барилга барьчихсан. Энэ тэлэлт зах зээлийнхээ жамаар явсан бол өдийд дахиад нэг цахилгаан станцаа бариад, ашиглаад эхэлчихсэн байгаа.
Дээр нь нэмж хэлэхэд, 2012 -2016 онд АН дангаараа засаглаагүй. АН 39 суудлаа авч чадаагүй учраас сонгуулийн дараа МАХН-тай хамтарсан. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөр Ардчилсан намын бие даасан бодлого байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хамтрагчтайгаа ярьж шийднэ, Сангийн сайд нь Ч.Улаан гуай байсан. Дараа нь, Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАН-тай хамтарсан. Гэтэл энэ үед АН дангаараа засагласан, бүх бодлогоо өөрөө шийдсэн юм шиг мэдээллийн зөрүү гаргаад байдаг. Мэдээллийн урсгал нь тийм байна. Комуникац хийчихдэг, нэг хүнд хариуцлага тохчихдог. Гэтэл тэр үед хэн юу ярив гэдгийг жаахан задалмаар юм байна лээ. Ямар сайд нь ямар асуудал шийдэхийг оролдов, юунаас болоод хамтрал тарав гэх мэт.
Жишээ нь, 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоход УИХ-ын дарга нь Н.Энхбаяр байсан. АН МАХН-тай хамтарч засаг барьсан. Тэгээд Ц.Элбэгдорж “Би авлигачдаас салмаар байна” гэж хэлээд, баахан авилгачдыг нэрлээд өөрөө хусагдаж байсан. Яг АН-ын бодлого хэзээ гарав гээд харахаар, хамгийн тод нь М.Энхсайхан гаалийн татвар тэглэж байсан үе. Э.Бат-Үүл даргын “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг эхлүүлсэн гэх мэтчилэн тодорхой цөөхөн хөтөлбөрүүд байна. Тэр дотор нь зөв, буруу бас байна. Бид дандаа ононо оо гээд байгаа юм биш. Алдаж магадгүй. Гэхдээ чиг баримжаа нь зөв байх хэрэгтэй. Бид бол зах зээлийн эдийн засгийн суурь ойлголтуудаа эвдэхгүйн төлөө байсан. Үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө байсан. АН-ын лидерүүдэд нэг үнэ цэнэтэй зүйл байдаг. Өөрийг нь доромжилсон, гүтгэсэн сэтгүүлчийг, иргэнийг хэзээ ч шүүхэд өгч байгаагүй. Би ч өгч байгаагүй. Яагаад гэвэл би доромжлуулах гэж тэнд сууж байгаа хүн. Тэр доромжлол, гүтгэлгийг даах гэж улс төрд яваа хүн. Улстөрч хүн тэр зэргийн нуруутай, тэвчээртэй байх ёстой.
-Одоо эрх барьж байгаа нам 2020 оны сонгуульд “Алсын хараа-2050” хөтөлбөртэй орсон. 2021 оны эхэнд “Шинэ сэргэлтийн бодлого” зарлаад явж байгаа. Ардчилсан намд 2024 оны сонгуулиар олонхи болоод Засгаа бүрдүүллээ гэж бодоход МАН-ын эхлүүлсэн бодлогыг үргэлжлүүлэх үү?
-Бидэнд маш тодорхой нэг зүйл байна. Тэр бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнол. Яг үүнтэй холбоотой бодлогыг хэн эхлүүлсэн нь надад хамаагүй, тэр бодлогыг заавал барьж авна. Эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрхийг дээдэлсэн бүх хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, энэ эрх чөлөөг яаж баталгаажуулдэг юм бэ? Тэр бол хөгжил байхгүй юу. Бид бараг 10 жил дороо гацчихлаа. Нэг газраасаа хөдөлдөггүй. Бидний эрх чөлөөгөө баталгаажуулах ажил бол хөгжил, эдийн засгийн өсөлт. Тиймээс эдийн засгийн өсөлтийн бодлогыг дэмжсэн аль ч Засгийн газрын бодлогыг бид хэрэгжүүлнэ. Монгол төр залгамж чанартай байх ёстой. Тэр залгамж чанар дотор бидний үзэл санаанд нийцсэн ажил, бодлого бүр явах ёстой. Тухайн хүнээрээ овоглоод явж болно. Ийм зүйл дээр дайсагнал байж болохгүй. Би ийм л бодолтой хүн. Яагаад гэвэл би ядуу улсын Ерөнхий сайд болмооргүй байна. Тиймээс бид хувийн өмч рүү дайрч байгаа дайралцааныг зогсооно. Өмчийн эрхийг баталгаажуулна. Монгол улсад хэн ч хөрөнгө оруулсан, ямар ч өмчтэй байсан, тэр өмч рүү төр халдаж дайрахыг бүрэн зогсоох ёстой.
Гуравдугаарт, үнэхээр энэ чөлөөт зах зээл дээрээ хөрөнгө оруулж болдог бол тэр орчныг нь сайжруулаад, дээш нь татаад явна. Бид одоо гуравдагч хөрштэйгөө буцаад нөхөрлөхийн тулд маш хол замыг туулах болчихоод байна.
-Манай эдийн засаг 10 жилийн турш гацчихлаа. Үүний шалтгааныг олон хүн “эдийн засгийн суурь бүтцээс гадна засаглал болохгүй байна” гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай сүүлийн үед маш их ярьж байна. Сонгодог парламентийн засаглал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай их ярьж байна. Үүн дээр таны байр суурь, АН-ын байр суурь ямар байгаа вэ?
-Гишүүдийн тооц цөөн учраас ирц нь байдаггүй, парламент давжаараад байгаа нь үнэн үү? Гишүүдийн тоог нэмчихвэл өөрчлөгдчих юм уу? Миний харж байгаагаар бол мөнгө тараагаад УИХ-ын гишүүн болж байгаа компанийн захирлуудыг бодитойгоор яаж багасгах вэ гэдэг эхний асуудал. Ажил хийдэг, бодлого боловсруулдаг хүмүүс тэнд баймаар байна. Нөгөө талдаа хурлын дэг дээр юм бодох хэрэгтэй. Гурван шатаар дамжиж хуулийн ярина гэдэг бол маш хүчтэй хамгаалалт. Парламентийг нэг талаараа хяналттай болгосон, нөгөө талаараа шийдвэр гаргахын тулд маш хүнд давааг давдаг. Нэг гишүүний ч хамаагүй саналыг заавал тусгах гэж оролддог. Энэ дэг мөн үү, биш үү? Үүнийгээ харах хэрэгтэй. Үнэхээр дэг нь зөв байгаад, орсон хүмүүс нь хурлаа таслахгүй ажлаа хийдэг байвал энэ парламент жижигдэх үү, үгүй юу гэдгийг бас харах хэрэгтэй. АН бол проперциналь буюу хувь тэнцүүлсэн тогтолцооны төлөө байгаа. Энэ бол гарцаагүй хийх ёстой зүйл. Ингэж байж аль нам нь ч ялсан бай, сөрөг хүчин бяртай байж, сөрж чаддаг болно. Муу юмыг шингээдэггүй сөрөөд зогсдог болно. Татварыг нэмнэ гэвэл сөрөөд зогсчихдог болно. Одоо Засгийн газар 9 хувийн хүүтэй бонд гаргаж байна шүү дээ, юу гэсэн үг вэ. Ийм өндөр хүүтэй зээлээр Монгол Улс амьдарч болох уу? Тэрний оронд төсвөө яагаад 10 хувь хэмнэж болдоггүй юм. Ийм л асуудлууд байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж болно оо. Харин шинэ Үндсэн хуулийн тухай яриа бол байхгүй. Энэ сэдвийг нэгмөсөн хаачих хэрэгтэй. Нэг нам дангаараа ноёрхож байгаа үед шинэ Үндсэн хууль батлах тухай ярина гэдэг бол Монголын улстөрчид үнэхээр ёс суртахууны маш их гажуудалд орсны нотолгоо. Үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа. Сонгогчдын 50 хувийн санал аваагүй нам дангаараа энэ “баталгаанд” гар хүрэх гэж байгаа бол ёс суртахууны маш том уналт. Хүнд ёс суртахуун хэрэгтэй. Одоо Монголын хамгийн өндөр рейтенгтэй улстөрч 30 хувийн л дэмжлэгтэй байна. Гэтэл энэ хүнийг дэмжихгүй байгаа 70 хувийн эсрэг “Монгол төрийг баталгааны асуудал дээр миний санаа энэ та нар хараад өгөөч” гэж болохгүй шүү дээ. Нэмэлт өөрчлөлтийг бол ярьж болно. Гэхдээ өөрчилсөнөөр байдал сайжрах ёстой. Заавал сайжрах хэрэгтэй. Сайжрах баталгааг бид нэхнэ. Парламентаа сайжруулах санаачлага залуу сайхан улс төрчдөөс гарч байгаа, бид ярилцана. Ярилцах ёстой. Гэхдээ хүч түрж шийдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Эх сурвалж: “Хар хайрцаг” MONGOL HD TV
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn