Хулгайч нарын хүүхэд амиа хорлочих вий гэдгээс иргэд айх ёстой юм гэнэ...

230


Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хууль, журам зөрчин тэтгэлэг олгон, гадаадын их, дээд сургуульд суралцуулж, түүнийгээ мөн л хууль, журам зөрчин тэглүүлж байсан нь тодорхой болоод буй билээ. Үүнтэй холбоотойгоор өдөр бүр л хэн нэг улс төрч өөртөө буюу эхнэр, үр хүүхэддээ тодорхой журам зөрчин Боловсролын Зээлийн Сангаас тэтгэлэн олгон, улмаар хэн нэг сайд нь түүнийг хууль зөрчин тэглэсэн тухай баримт ил болж байна.
 
Тэгвэл өчигдөр Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан нэгэн хачирхалтай зүйл хэлэв.
 
Тодруулбал тэрээр: " Сүүлийн өдрүүдэд манай Боловсролын Зээлийн Сан руу маш олон эцэг, эхчүүд холбогдож, гадаадаас хүүхдүүд холбогдож, одоо ер нь цаашдаа бид нар сургуулиа үргэлжлүүлэх хэрэггүй юм байна гэж хэлж байгаа юм байна. Зарим эцэг, эхчүүд манай гадаадад сурч байгаа хүүхдүүд амиа хорлоё гэсэн үйлдэл хийнэ гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирүүлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Ер нь амиа хорлосон тохиолдол байгаа шүү дээ. Нэг хүүхэд Польшид амиа хорлосон тохиолдол байгаа. Тэгэхээр энэ хувь хүний мэдээллүүдийг зарлах, эцэг эхтэй нь уялдуулж нийгэмд буруу ташаагаар ойлгуулах ийм нөхцөл байдал бас олон гэр бүлд хүндээр тусч байгаа юм байна шүү гэдгийг хэлчихье гэж бодож байна. Үүнийг бид нар эрүүл саруулаар бодох ёстой." гэсэн юм. 
Юу яриад эхлэв ээ?
 
Одоо ер нь явж явж бусдыг боломжийг хулгайлсан этгээдүүд биш уг мэдээллийг анх дэлгэсэн шүгэл үлээгч О.Сийлэгмаа, нэр бүхий сэтгүүлч нар, иргэд бид айх ёстой болж таарч байна даа.
 
Л.Энх-Амгалантан та Монголын мянга мянган залуучуудын сурах боломжийг хулгайлсан, хэд хэдэн хууль, журам зөрчмөн, Монголын ард түмний гараа цэврүүттэл ажиллаж, төрдөө тушаасан баялгаас авч, гадаадад хүссэн сургуульдаа сурч, туйлсан ноцтой асуудлыг хэрхэн засч, залруулах вэ? гэж санаа зовохгүй.
Харин шударга шүүмжлэл өрнүүлж буй ард түмний дарамтаас болж сэтгэл санаа нь хямарч буй хулгайч нарын хүүхдэд л санаа зовж буй хэрэг үү?
 
Ер нь Л.Энх-Амгалантны өгч буй цаад санаагаар бол Монголчууд ямар ч санг тоносон, хулгайлсан тухай яриад хэрэггүй юм биш үү? Учир нь эрх мэдэлтэн нэртэй хулгайч, тонуулчид, тэдний хань хамсаатнууд хувийн мэдээллээ дэлгүүлсэндээ сэтгэл санаагаар унаад, амиа хорлочихож магадгүй юм биш үү?
Хулгайлж, тонож, эсвэл хулгайлж, тоносон нь, бусдын боломжийг булаасан нь тодорхой мөнгөөр туйлж байхдаа санаа зовоогүй атлаа тэр нь ил болохоор л амиа хорлотлоо гутардаг юм гэнэ. Арай хэтэрч буй юм биш үү? Л.Энх-Амгалан сайдаа.
Иргэд төрөөс хийж буй хулгай, луйварт хяналт тавьж, санаа зовох бус хулгайч нарын хүүхэд амиа хорлочих вий гэдгээс айх ёстой гэж яаж хэлж чадаж байна аа!
 
Э.Сэржмядаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn