Ачилтын компани иргэнд 20 сая төгрөгийн хохирол учруулжээ

226

Ажлаа амжуулахаар автомашин унавал адаг сүүлдээ иргэд аль нэг байдлаар хохироод дуусдаг болжээ, энэ нийслэл хотод. Түгжрэлд гацаж цаг хугацаагаараа хохирно. Эвдрэлтэй замаар дэржигнэж явсаар эд ангиа эвдлүүлж бас нэг хохирно. Нүдний гэм болсон авто зогсоол хайсаар буруу газар тавьчихвал ачуулж 60 мянгаар “торгуулна”. Ер нь манайд авто зогсоолын асуудал шүдний өвчин. Ялангуяа хотын төвд төлбөртэй, төлбөргүй зогсоол олно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил. Нэгдүгээр эгнээнд машинаа хаях нь түгжрэлд нөлөөлдөг нь үнэн. Тиймээс үүнийг зохицуулахаар нэгдүгээр эгнээ болон бусад хориглох хэсгүүдэд автомашинаа байрлуулсан тохиолдолд ачиж журамлах ажил олон жил үргэлжилж буй.
 
Энэ үйл ажиллагааг 2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулдаг байсныг 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан. Машиныг ачиж түр журамладаг болсноос хойш иргэн, ачилтын компани хооронд олон асуудал, үл ойлголцол үүссэн. Үүнтэй холбоотойгоор “Зууны мэдээ” сонины редакцид ирсэн ачилтын компанийн ажилтан машиныг нь буруу ачиж 20 сая төгрөгийн хохирол учруулсан иргэний гомдлын мөрөөр сурвалжиллаа.
 
Асуудал ингэж эхэлжээ. Иргэн Э.Баярмаа тухайн өдөр болсон үйл явдлыг ярихдаа “Тэр өдөр БОАЖЯ дээр яаралтай хуралд дуудагдаж очсон. Яамны ойролцоох төлбөртэй зогсоол дүүрсэн байсан учраас “Cafй Bene” кофе шопын урд хэсэгт замын хөдөлгөөнд саад болохгүйгээр машинаа байрлуулаад хуралд орсон. 16:13 минутад машин ачсан тухай мессеж хүлээн авч хурал дууссаны дараа буюу 18:00 цагийн үед ТС-2 машин түр журамлах хашаанаас очиж машинаа авсан. Машинаа унаад явахад харанхуй болсон байсан. Машин тавьсан газар нь явган хүний замаас 5 метр дотор учраас ачсан гэж машин ачилтын газраас тайлбарласан. Тиймээс буруугаа хүлээн зөвшөөрч зохих ёсны торгууль, төлбөрийг төлж машинаа авсан. Машин авахдаа гаднах хэсгийг шалгасан ч явах эд ангийн гэмтэл унаад явсны дараа л мэдэгдэж байгаа юм. Машин бариад явах үед маш чанга дуу гарч байсан. Өвөл байсан учраас замын цас дуугарч байна гэж таамагласан ч байрны доод зогсоол руу орохоор уруудахад энгийн нэг дуу бус явах эд ангид ямар нэг асуудал гарсан нь илт мэдэгдэхүйц чанга чийхарч дуугарсан” гэсэн юм.
 
Автомашиныг шууд чирснээс машины кроп эвдэрсэн байна
 
сонин mn
“AWD” машиныг ачих заавар, стандарт.
 
Иргэний автомашин нь 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны аравдугаар сард орж ирсэн “Subaru forester” маркийн “full time”-тай буюу AWD \All wheel drive\ бүх дугуй нь хөтлөгчтэй машин байжээ. Ийм төрлийн бүх дугуй нь хөтлөгчтэй машиныг зөөх, тээвэрлэхдээ бүх дугуйг газраас хөндийрүүлж ачиж тээвэрлэх ба чиргүүлтэй машинд ачиж явах ёстой гэж олон улсын стандартад заасан байдаг төдийгүй “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам” дээр ч цагаан дээр хараар тодорхой бичсэн байдаг.
 
Тодруулбал, тус журмын 9.16.3-т зааснаар зогсоолын тоормосыг дарсан эсхүл хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөж ачих болон нэмэлт дугуй хэрэглэх, харин зогсоолын тормос дараагүй, хөдөлгүүрийн ачаалал хүч дамжуулах ангиас салгагдсан тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлнэ гэж заажээ. Гэтэл ачилтын компанийн ажилтан журмаа үл мөрдөн иргэний хувийн эд хөрөнгөд хайхрамжгүй хандаж нэмэлт дугуй хэрэглэх эс бол өргөж ачих ёстой машиныг хагас цоройлгон чирсэн байгаа юм.
 
Ингэж чирч байгаа нь замын камерт тод бичигдэж үлджээ. Үйл ажиллагаандаа мөрдөх журмаа мэддэггүйгээс үү, мэддэг ч мөрдөөгүйгээс хамаг асуудал ургах шалтгаан болжээ. Тиймээс холбогдох газруудад хандаж ЧД-ийн цагдаагийн газарт өргөдөл гарган өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш одоог хүртэл хөөцөлдөж байгаа ч хохирлоо барагдуулж чадаагүй байна. Ачилтын буруугаас үүссэн гэмтэл гэдгийг хэд хэдэн автозасварын газрын оношилгоогоор төдийгүй шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр баталсан байна. Иргэнийг Цагдаагийн байгууллагад хандахад нь хувийн засварын газарт оношлуулсан оношилгооны дүгнэлтийг үндэслэх боломжгүй учир баталгаат улсын оношилгооны төвд оношлуулж шинжээчийн дүгнэлттэй байх шаардлагатай гэжээ.
 
Иргэний гомдлыг хариуцаж авсан ЧД-ийн мөрдөн байцаагч н.Балдандорж “АТҮТ-өөс шинжээч томилдог, холбогдох албан тоотыг хүргүүлсэн” гэж хэлсэн боловч ямар ч албан тоот илгээгээгүй төдийгүй хоёр сарын хугацаанд ямар ч ажиллагаа явуулаагүй байжээ.
 
Ингэж иргэдийнхээ төлөө ажиллах ёстой цагдаагийн байгууллага хэргийг сунжруулж он дамнуулсан байна. Өвлийн хүйтэнд тухайн иргэн шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө машинаа засуулах ч эрхгүй хохирч явсны эцэст шинжээчийн дүгнэлт иргэний талд гарчээ. Энэ талаар тэрбээр “Шүүх шинжилгээний газар оношлуулахаар болж энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдөр шинжээч н.Дарханбаатарыг дагуулан, Дэнжийн 1000-д байрлах Субару кроп засвараар дагнасан засварын газарт автомашины кропоо задлуулж оношлуулсан.
 
Дөрвөн дугуй нь түгжигчтэй машиныг хүчилж чирснээс болж диск шатаж кропны дамарны араа хугарсан гэж оношилсон. Түүнчлэн шинжээч “Ачихдаа P буюу дугуй түгжсэн байхад хүчилж чирснээс болж кропод эвдрэл үүссэн байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан” гэсэн юм.
 
Ингэж иргэн Э.Баярмаа ачилтын компанийн хариуцлагагүй байдлаас 20 сая төгрөгөөр хохирчээ. Тодруулбал, энэ автомашины кроп нь засаж болдоггүй “SVT” учраас бүтнээр нь солих шаардлагатай тул Япон, Австралиас кодоор нь захиж авчруулдаг. Кроп нь 14 сая төгрөг, бусад эвдэрсэн эд анги, тосыг сольж бүрэн үйлчилгээ хийхэд 20 орчим сая төгрөг болох тооцоог автозасварын газрууд хэлсэн байна. Ийм хэмжээний мөнгийг иргэн хувиасаа гаргах боломж хомс, гаргалаа ч хохирлыг барагдуулах компани 20 орчим сая төгрөгийг төлөхөд ч хүндрэлтэйг бодолцож автомашинаа арай хямдаар дөрвөн сая гаруй төгрөгөөр “монголчлоод” засуулчихжээ. Гэтэл өглөгч хүн өөртөө хоосон гэдэг шиг нэхэмжилсэн 4.4 сая төгрөгөө ч авч чадалгүй, “монголчилж” засуулснаас машин нь хүржигнэж дуугардаг, явж байхдаа угзардаг, зарим автомат горим ажиллахаа больсон зэрэг олон асуудалтай болжээ.
 
Хохирол 50 сая төгрөг хүрэхгүй гэх шалтгаанаар хаах саналтайгаар прокурорт шилжүүлэв
 
Уг нь бол хувь, хувьсгалын дүгнэлтүүд бүгд ачилтын компани журмаа дагалгүй чирснээс үүдэж эвдрэл үүссэнийг баталсан байхад ЧД-ийн цагдаагийн газраас хохирлын хэмжээ 50 сая төгрөг хүрээгүй гэдэг шалтгаанаар хаах саналтайгаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорт илгээжээ. Ингэж дахин иргэнд чирэгдэл үүсгэж асуудлыг сунжруулсан байгаа юм. Угтаа бол тухайн үедээ шүүх шинжилгээний дүгнэлт гарчихсан, ачилтын компанийн захирал, ажилтантайгаа хуваагаад төлөх саналтай байгаагаа ярьж байснаа гэнэт ам буцжээ.
 
Харин прокуророос мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр Цагдаагийн газарт буцааж иргэн Э.Баярмаад өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр хариу мэдэгдэл хүргүүлжээ. Тэгвэл иргэний хохирлыг барагдуулах эсэх талаар “Батзэв” компанийн захирал В.Гантогоо “ТС-2 хашаанд 12 ачилтын машин байдгийн 2-3 нь түрээсийн машин ажилладаг. Түрээсийн машины нэг нь энэ асуудлыг гаргасан.
 
Он залуу “Insight, Subaru” маркийн автомашинуудын “full time” нь өөрсдөө салдаг бол тухайн иргэний машин салдаггүй байсан юм билээ. Кроп доторх эд, анги чирэлтээс үүдэж эвдэрдэггүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлт гарчихсан учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тухайн үедээ жолоочтой хувааж төлөхөөр ярилцаж байсан ч жолооч нь орхиод Солонгос улс руу явчихсан учраас манай компани бүрэн хариуцаж хохирлыг барагдуулна. Саяхан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас холбогдоход 4.4 сая төгрөгийн хохирлыг нэг сая төгрөгөөр долоо хоногоор хувааж төлөх саналаа мөрдөгчид хэлж иргэний дансны дугаарыг илгээхийг хүссэн. Гэвч иргэний дансны дугаарыг манайд явуулаагүй. Цагдаагийн газраас иргэний дансны дугаарыг явуулахыг хүлээж байна. Ер нь бэхэлгээ тасрах, машины урд гупер хагарахаас өөрөөр их хэмжээний хохирол учирсан асуудал үүсдэггүй” гэсэн юм.
 
Ямартай ч ачилтын компани буруугаа хүлээж иргэний хохирлыг барагдуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Цаашид энэ мэт асуудал гарахгүй байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс иргэд өөрсдөө түр саатуулах хашаанаас автомашинаа авахдаа бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж байх ёстойг анхаарах хэрэгтэй.
 
Энэ талаар Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын хяналт удирдлагын хэлтсийн дарга С.Бямбасүрэн “Автомашины ачилттай холбоотой асуудлыг энэ оны гуравдугаар сараас манайх хариуцаж эхэлсэн учраас тухайн гомдолтой холбоотой мэдээлэл байхгүй. Гуравдугаар сараас хойш хоёр гупер эвдэрсэн, зурагдсан гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу ачилтын үеийн бичлэг, зургийг иргэнд үзүүлж ачилтаас үүсээгүйг тайлбарлаж ойлгуулсан байгаа. Машин ачилтын компанийн жолооч нарт харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, дагаж мөрдөх журмын талаар сургалт хийсэн. Удаа дараа асуудал үүсгэж журам мөрдөхгүй бол гэрээг цуцлах арга хэмжээ авна. Иргэд түр саатуулах хашаанаас машинаа авахдаа сайн шалгаж байхыг хүсье” гэдгийг онцоллоо. Өнгөрсөн өвлөөс зуны дулаан улирал хүртэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирон хөөцөлдсний эцэст хохирсон иргэн Э.Баярмаа нааштай хариу сонсож байгаа ч бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш юм. Ер нь энэ мэтчлэн сар, улирал, жил дамжин сунжруулсаар иргэдийг залхаан цээрлүүлж мартагнуулдаг хэв шинж манайд тогтчихжээ. Мөнгөн хохирлыг барагдууллаа ч хариуцлагагүй ажилтан, залхуу төрийн байгууллагын улмаас эцсийн дүндээ иргэд сэтгэл санаа, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
 
 
Баттулгын БЯМБАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn