Голомт банк OneSky хүүхэд хөгжлийн байгууллагатай хамтарна

220



Голомт банк “OneSky” хүүхдийн төлөөх олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Голомт банк тус байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх юм. 2024 оны 6-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөөд буй хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулснаар бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороололд дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөх, жилийн дөрвөн улиралд тоглонгоо сурч хөгжих боломжийг олгоно. Тус төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөж байна. Дашрамд дурдахад хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид ч мөн адил хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө сургалтад хамрагдаж, сурч хөгжих боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ төсөл онцлогтой.

Арга хэмжээний үеэр OneSky ТББ-ын Гүйцэтгэх захирал Морган Ланс “Голомт банктай эхлүүлж буй энэ хамтын ажиллагаа гайхамшигтай эерэг байгаад баяртай байна. Манай байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явахад анхаарч олон талын дэмжлэг үзүүлж байгаа явдалд гүн талархал илэрхийлье. Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд бид цаашид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг гэр бүлүүдэд болон тэдний хүүхдүүдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж тууштай ажиллах болно.” хэмээсэн юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Хүүхэд бүр амьдралынхаа эхэн үед буюу 0-4 насандаа чанартай сайн асаргаа халамж авах, эрүүл орчинд өсөж торних эрхтэй. Энэ тал дээр OneSky байгууллага шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, маш нарийн арга барилын дагуу их үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулдаг. Банк, санхүүгийн байгууллагуудаас Голомт банк энэ төсөлд анхлан нэгдэж, хүүхдэд ээлтэй санаачилгыг дэмжиж хамтрах болсондоо баяртай байна.” гэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэгч Голомт банкны хувьд хүүхэд залуусын эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах сайн үйлсийн ажлуудаа илүү өргөжүүлэн тэлж олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлээд байна. Голомт банкны зүгээс хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд та бүхнийг бяцхан хүүхдүүдэд аз жаргал, баяр хөөр бэлэглэх гэгээн үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.

Хүүхэд бүр аз жаргалтай байг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn