УОК: Нийт найман аймагт төмөр зудтай байна
Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26 хувь нэн их, 43 хувь их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Оны өмнө Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байв.
Харин энэ сарын байдлаар нийт найман аймаг төмөр буюу шилэн зуд, 16 аймгийн 85 суманд цагаан зудын мөн 16 аймгийн 75 суманд зудархуу нөхцөл байдалтай байна.
Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад суугаа элчин сайдууд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах уулзалтын үеэр энэ сарын 12-нд мэдээлсэн юм.
Нэгдүгээр сарын байдлаар Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс,Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.
Хаирин Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.