СПОРТЫН САЛБАРААС УИХ-д НЭР ДЭВШИГЧИД

0


Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өрнөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд спортын салбараас багагүй хүмүүс нэр дэвшиж байгаа. Тэдний төлөөлөл болгон зарим нэг олны танил нэр дэвшигчдийг танилцуулъя.

Х.БАТТУЛГА
         Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ, “Женко” хэмээх Халтмаагийн Баттулгыг монголчууд дэмжиж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайдаар удаа дараа сонгож, тэр битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл болгож байлаа. Гэтэл тэрбээр МАН-ын найз даа “хулихдуулж” Монгол Улсын Ерөнхийлөгчийн албаа ямар ч өрсөлдөгчгүйгээр, шилжүүлсэн, бэлэглэсэн аль болохыг мэдэхгүй алдсан. Ёстой нэг нөгөөх “Муу нөхөр”-ийн үлгэр шиг л юм болчихсон. Шинэчилсэн хуулийн заалтаар түүний найз зургаан жилээр ерөнхийлөгчийн тухтай  суудалд суухын тулд зузаан нөхөрлөлийнхөө “ноён нурууг хугалсан” билээ. Харин Х.Баттулгын офшор данстангуудтай тэмцсэн тэмцэлд нь олигтой үр дүн хэр гарсаныг иргэд мэдрээгүй өнгөрсөн. Оросыг дэмжиж төмөр замын төслийг өргөн, нарийн царигаар барина гэж олон жил гацааж, тойрдог, төөрдөг төмөр зам болгоод өмнөөс дорныг чиглэсэн чилийсэн урт ашиггүй, мухар зам болгоод хаячихсан билээ.
Ц.ЦЭРЭНПУНЦАГ
        Манай бөхчүүд яагаад МАН-ыг сонгоод байдгийг мэдэхгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг билээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суусан ч ард түмэн бидний амьдралд хэрэгтэй, үр өгөөжтэй нэгээхэн ч хууль, дүрэм батлуулаагүй. Харин МАН-ынхаа дархан эрхийг баталгаажуулах хуулийн нэмэлт өөрчлөлтөд ханцуй шамлан, кноп дарсан нь олон. Тойргоо услах гэж Богд Зонховын хөшөөт цогцолборыг 32 тэрбумаар босгох гээд багагүй шүүмжлэлд өртөж буруудсан. УИХ-д дөрвөн жил суусан энэ хугацаанд түүний хувийн бизнес цэцэглэж, эсрэгээрээ улс орны хөгжил уланд ортлоо уруудсан. Гэтэл тэрбээр өөрийгөө “Цэвэр нэртэй, цогц бодлоготой” төрийн түшээ хэмээн, хөдөөгийн сонгогчдыг “Морьтой аравт” хэмээн молиго үмхүүлэн, хөөрцөглөж явна. Баруун бүсийг эрчим хүчээр хангах Тосонцэнгэлийн цахилгаан станцыг цогцлооно гэж сонгуулийн шоугаа хийж байгаа ажээ.
Х.ЦАГААНБААТАР
            УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд спортын салбараас төрөн гарсан хоёр хөдөлмөрийн баатар нэр дэвшсэн байна. Тэд бол МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ Д.Баатаржав нар юм. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшиж байна. Тэрбээр жүдо бөхийн олимпын хүрэл медальтай, дэлхийн аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальтай, Ази тив, Азийн наадмын аварга билээ. Монгол Улсаас жүдо бөхийн спортоор анхны дэлхийн аварга болсон тамирчин бол Х.Цагаанбаатар. Түүний гэргий бол Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн цомын аварга МУГТ О.Гүндэгмаа юм.
          Цагаанаа аварга зодог тайлж, жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийг байгуулан Үндэсний шигшээ багийн залгамж халаа болох олон ирээдүйтэй хүүхэд, залуусыг төрүүлэн гаргаж эхлээд байгаа. Шавь нар нь түрүүчээсээ өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртээд эхэлсэн билээ.
         Х.Цагаанбаатар аварга улс төрд эрт орсон. 2012 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж, ялагдлын гашуун амтыг мэдэрсэн. Харин дарханчууд түүнд муудаа биш, МАН-ын Б. Баттөмөрт тус болж, АН-ын саналыг хуваах гэсэн хэмээн бага санал өгсөн гэх яриа  байдаг. Харин Цагаанаа “Улс төрчид чи бөхөө л барилд гэх юм. Бөх, бөбөөчин, барилгачин, эрдэмтэн гээд хэн ч байсан бид бол нийгмийнхээ нэг хэсэг нь. Миний бие бага наснаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж, их спортын ачаар тив дэлхийд нэрээ дуурсгаж явахдаа бусад орны хөгжлийг хараад цагаахан атаархаж байснаа нуухгүй ээ. Надад очиж үзээгүй тив, уулзаж үзээгүй үндэстэн гэж байхгүй. Үзсэн, харсан, сонссон, сурсан, ойлгосон. Багш хүнийхээ хувьд өөрийн сурсан, үзсэн, судалсан, бүхнээ шингээж, ирээдүй хойчдоо зөв нийгмийг үлдээхийн тулд, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна” гэжээ.
Г.ДАШНЯМ
        Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор "Jet" хэмээх цахилгаанаар цэнэглэгч скүүтерийг анх түрүүн санаачлан оруулж  оруулж ирсэн эрхэм бол "Jet" скүүтерийг үүсэн байгуулагч, жюү жицү, жүдо бөхийг дэмжигч,"Жи мойбал" компанийн ТУЗ-ийн Ганзоригийн Дашням юм. Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын хэрэглээ болсон зүйл. Скүүтерийг иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж бодсон байх л даа.
         Гэтэл нь скүүтерийг  таксийнаас өндөр үнээр түрээслэж байгаа. Улаанбаатар хотод скүүтер нэвтэрснээр түгжрэл бүрэн шийдэгдсэнгүй. Харин ЕБС-ийн хүүхдүүд унаж давхиж, уралддаг, уран үзүүлбэр хийдэг аюулын харанга дэлдсэн “үхлийн унаа” болж хувирсан.  Скүүтертэй хүмүүс авто замаар сүлжилдэн давхиж, замын хөдөлгөөнд саад учруулж, явган хүмүүсийн тайван амгалан зорчих хөдөлгөөнд саад учруулах болсон. Түгжрэлийг бууруулахад бага боловч хувь нэмэр оруулж байгаа нь юу л бол. Зориулалтын зам тавигдаагүй, цаг нь болоогүй байхад, тооцоо судалгаагүй л скүүтерийн бизнесийг эхлүүүлчихсэн бололтой. Гэхдээ огт юм хийхгүй байгаа УИХ-ын гишүүдийн дэргэд, шийдэл гарц хайж буй нь сайшаалтай зүйл юм.
        Г.Дашням “Олуулаа хэлэлцвэл буруугүй. Орон нутгийн төлөөлөл дээр тулгуурласан парламентаас салбар бүрийн төлөөлөл дээр суурилсан парламент руу шилжсэнээр жинхэнэ утгаараа "Ардчилсан" парламент бий болох ёстой” гэж андуурч, эндүүрч явна. Залуу хүн байж, чухам яагаад МАН-ыг сонгосныг мэдэхгүй. МАН-ын засаглалын өнгөрсөн найман жилд Монголын ардчилал алсран холдсон. Агаар, хөрсний бохирдол, хотын түгжрэл, үер ус, угаарын хий иргэдийн аминд хүрсэн. Авлигын үзүүлэлтээр Монгол Улс уруудаад байгаа. Амьдралын доройтол, үнийн өсөлтийн алийг ч МАН шийдэж чадаагүй. Эрх чөлөөг эрхэмлэгч залуу хүн хувийн өмчийг хязгаарлан, хааж, боймлон, хүний эрх, эрх чөлөөг хумин, дарангуйлагч коммунистуудыг дэмжих ёсгүй л баймаар юм. Гэхдээ түүний сонголтыг хүндэтгэж байна. Бизнесийн гүйлгээ ухаанаараа л алсыг харсан байлгүй дээ.
Д.БААТАРЖАВ
         Монгол Улсаас төрөн гарсан анхны паралимпын аварга тамирчин бол Хөдөлмөрийн баатар, МУГТ Дамбадондогийн Баатаржав билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст спортоор хичээллэх хүсэл тэмүүлэл, урам, итгэл, найдвар хайрласан түүнийг гавьяа зүтгэл хэмжээлшгүй их. Д.Баатаржав УИХ-ын  болж үзээгүй.  “Улны иргэд” бидний нэгэн төлөөлөл яах аргагүй мөн. Харин яагаад улс төр рүү тэмүүлэх болсныг нь мэдэхгүй. МАН-д тус болж, санал битгий хуваагаасай л гэж залбирч сууна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөөлөл болж, хувьсгалт намын угшилтай хүмүүсийг төрөөс шүүрдэхийн төлөө, төр түшилцэх гэсэн л байх.
Б.АРИУН-ЭРДЭНЭ
        Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Батбаярын Ариун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэрбээр МАН-ын их ноёрхлын найман жилд Булган аймгийг муугүй удирдсан. “Шуудайнд хийсэн үхрийн эвэр” шиг эв нэгдэлгүй АН-ын цорын ганц итгэл найдвар болж баттай зогсож чадсан билээ. Харин МАН-ын Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын “Айрагны өргөө” төсөл, айрагны хөшөө босгохыг нь илт дэмжээд буруудсан. Гэхдээ тэрбээр  нам гэж хэт туйлширахгүйгээр төрийн ажлаа сайн хийж байгаа. Б.Ариун-Эрдэнэ Жүдо бөхийн Үндэсний шигшээ багаас зодог тайлж, 2014-2016 онд “Эрдэнэт үйдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн зөвлөхөөр ажиллаж, улс төр, бизнесийн хар, хорны зах, зухаас суралцсан. Дараа нь 2018-2020 онд төрийн өмчит “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, улмаар 2020 онд Булган аймгийн Засаг даргын зөөлөн сэнтийд заларсан юм.
Г.ГАНХУЯГ
            Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын харцага, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат  Ганзоригийн Ганхуяг  УИХ-д нь нэр дэвшиж байна. Тэрбээр 2001 онд улсын начин Н.Бүрэнбаатараар зургаа давж өсөх идэр начин цол хүртэж, гурван жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага болсон. Ихэнх хүмүүс Г.Ганхуягийг бөх гэхээс нь илүүтэйгээр "Босоо Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн гэдгээрээ нь мэдэх болсон. Г.Ганхуяг харцага  энэ сонгуульд Шинэ нэгдсэн эвсэлээс IV тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт өрсөлдөх ажээ. Биеийн хүч, бяр, хэл ам, хэрүүл тэмцлээр биш, ухааны цар, хүрээ, алс ирээдүйг харсан зөв бодлогоор  улс, орныг удирдан чиглүүлдэг гэдгийг улсын харцага маань ухаарч ойлгосон л байлгүй дээ.
Х.ЭРДЭНЭБААТАР
         Жюү жицү хэмээх өвөрмөц бөхийн төрлийг бизнес, шоутай холбож багагүй амжилт гаргахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар. Тэрбээр Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөх, АН-ын ҮБХ-ны гишүүн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул. Санхүүч мэргэжилтэй, 2013 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Майзус финаншл сервиусис” компанийн хөрөнгө оруулалтаар “Мониполо” ББСБ-ыг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажилласан байдаг.
Улмаар 2018 онд “Хөвсгөл шинэ үе” ТББ-ыг байгуулж, “Чинээлэг малчин” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, Хөвсгөлийн тойргийг хоёр жил гаруй тойрч, тойглосон. Хэвлэлд ч хөрөнгө мөнгийг харамгүй цацаж, хөрөг нэвтрүүлгүүд хүртэл хийлгэж байлаа. Гэтэл АН түүнээс “нүүр буруулж” нэрийг нь татуулсан билээ. Харин энэ удаад тэр тойргоо булаалгахгүйн тулд 2018 онд эхлүүлсэн "Чинээлэг малчин" хөтөлбөрөө үргэлжлүүлж, "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлэгийг өрнүүлж байгаа гэсэн. Х.Эрдэнэбаатар “АН иргэдээс авдаг биш, өгдөг нам. АН иргэдийн бизнесийг хумьдаг биш, дэмнэдэг нам. АН үг хэлснийг хорьдог биш, эрх чөлөөг нь усалдаг нам. АН төрийн  ажлыг гацаадаг биш, баялаг бүтээдэг нам” хэмээн Хөвсгөл, Эрдэнэт, Булган аймгад сонгуулийн сурталчилгаагаа хийж явна.
Ч.АМАРСАНАА
         Чимэддоржийн Амарсанаа Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгийн даргын албыг арав гаруй жил тасралтгүй амжилттай удирдаж явсан, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн билээ. Тэрбээр 1995-1998 онд Английн Лондон хот, Берлингтон сургуулийн, англи хэлний дээд курсийг, 1998-2002 онд МУИС-ийг англи хэлний орчуулагчаар, 2002-2004 онд МУИС-ийг Аялал жуулчлалын удирдлагын магистраар, 2003-2004 онд Зальцбург хотын Аялал жуулчлалын их сургуулийн маркетинг, менежментийн дээд курсийг төгссөн байдаг.  2003-2007 онд  МУИС, СУИС болон “Раффелс” сургуульд Аялал, жуулчлал, англи хэлний багшаар ажиллаж байжээ. Харин 2007 онд “Talk talk English” төвийг үүсгэн байгуулсан.  2008-2014 онд Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Ц.ЖАДАМБА
            Жюү жицү бөхийн спортыг Монгол Улсад хөгжин дэлгэрэх үйлсэд багагүй хичээл, зүтгэл, хөрөнгө оруулалт гаргаж, чухал үүрэг гүйцэтгэсэн байгаа хүмүүсийн нэг бол Цагаан-Өвгөний Жадамбаа билээ. Тэрбээр чөлөөт цагаараа жюү жицү зааланд очиж бэлтгэл хийдэг. Ёстой ч нэг “Арьс махаараа” бөхийн спортыг мэдэрч яваа залуу удирдагч. Ө.Жадамбаа  АН-ын шинэ удирдлагадаа гомдож, тунирхан энэ удаагийн УИХ-д  нэр дэвших эрхээсээ татгалзаад байсан.  Гэтэл гомдол нь тайлагдсан юм байлгүй, шийдвэрээ өөрчлөн, сонгуульд оролцохоор болжээ. Тэрбээр "Итгэл алдарсан энэ он жилүүдийг эвдэх сэтгэл надад байна аа. Та бүхэн минь өөрсдөө тунгаана биз ээ" гээд УИХ-д нэр дэвшихээр эргэн иржээ. Ө.Жадамбаа 1990-2000 онд Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын ЕБС-ийг, 2000-2004 онд  “Их Засаг “ ОУИС бакалавр, 2005-2007 онд “Их Засаг” ОУИС-ийг магистраар, 2016-2018 онд Өмнөд Солонгосын Сөүлийн Үндэсний их сургуулийг технологийн менежмент, мэдээллийн технологи бодлого, төлөвлөлтийн инженер, инженерийн шинжлэх ухааны магистраар төгссөн байна.
            2004-2006 онд “Улс төрийн боловсролын академи”-д багш, эрдэм шинжилгээний ажилтанаар ажлын гараа эхлүүлжээ. Харин 2006-2007 онд  “Глобал удирдагч сан”-ийн үүсгэн байгуулагч, захирал нь болсон байдаг. Улмаар 2007-2008 онд “Глобал удирдагч” дээд сургуулийн захирлаар ажилласан байна. 2008-2012 онд  АН-ын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, 2012-2016 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагын даргаар ажиллаж байв. 2018 оноос эхлэн “Шинэ Сэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.

https://ergelt.mn/news/105/single/45244
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn