"37 жил үнэ төлбөргүй сургалт явуулж байна"

Монголд дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг байгууллага болох "Хүүхдийн урлан бүтээх төв" энэ жил 37 дахь жилтэйгээ золгож байна. Анх 1988 онд байгуулагдсан тус төв нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан анхан, дунд, гүнзгий шатны сургалтуудыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулдаг.
Өнөөдрийн байдлаар 16 төрлийн 23 дугуйлан тогтмол хичээллэж байгаа бөгөөд зөвхөн 2024-2025 оны хичээлийн жилд нийт 2200 орчим хүүхэд суралцсан байна.
Тус байгууллагын дугуйлан, хөтөлбөрүүдийн талаар “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн сургалтын менежер С.Энхбаатараас тодрууллаа.
16 ТӨРЛИЙН 23 ДУГУЙЛАН ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Сургалтын менежер С.Энхбаатарын хэлснээр, тус төвд 2-12-р ангийн сурагчид хамрагдаж, нийт 23 төрлийн дугуйлан долоо хоногт дөрвөн удаа хичээллэдэг. Үүнд:
- Уран зураг
- Уран баримал
- Эко урлал
- Монгол уран бичлэг
- Анхан шатны гар урлал
- Арьсан урлал, сийлбэр
- Чимэглэх уран зураг
- Анхан шатны монгол уран бичлэг
- Монгол үндэсний уран хатгамал
- Монгол зураг
- Шүрэн урлал
- Сүрлэн наамал
- Сүрлэн сүлжмэл
- Хүүхэлдэй бэлэг дурсгал гэхчлэн нийт 23 дугуйлан хичээллэдэг.
ХӨТӨЛБӨР НЬ ШАТАЛСАН БҮТЭЦТЭЙ
Хүүхдүүдийг нас, түвшинд нь тохируулан шаталсан хөтөлбөрөөр сургадаг. Үүнд:
- Анхан шат: 2-5-р ангийн хүүхдэд зориулсан бөгөөд гурван жилийн хөтөлбөртэй.
- Дунд болон гүнзгий шат: нийт таван жилийн сургалтын хөтөлбөрөөр явагддаг.
Анхан шатны ангиуд буюу 2-5-р анги нь нэг ээлжинд 20-25 хүүхэдтэйгээр долоо хоногт дөрвөн ээлжээр хичээллэдэг. Харин дунд, ахлах ангид нэг ээлжинд 12-15 хүүхэд суралцдаг бөгөөд мөн адил долоо хоногт дөрвөн ээлжээр хичээллэдэг байна. Тухайн нэг ангид дунджаар 50-60 сурагч хичээллэдэг аж.
ХҮҮХДҮҮД ЗӨВХӨН УР ЧАДВАР БУС, АМЬДРАХ УХААНД СУРАЛЦДАГ
Сургалтын гол зорилго нь хүүхдүүдийн гоо зүй, авьяас чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ амьдралд хэрэгтэй ухаалаг хэрэглээ, бүтээлч сэтгэлгээ, өөрийн гараар урлах ур чадварыг олгоход чиглэдэг байна.
Мөн тэрбээр Хүүхдийн урлан бүтээх төвийг дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр тасралтгүй 37 жил үнэ төлбөргүй сургалт явуулж байгаа цорын ганц байгууллага гэж онцлон тэмдэглэсэн юм.
Шинэ элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
2025-2026 оны хичээлийн жилийн шинэ элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 1-нээс эхэлж, нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 13-ны Бямба гаригт болохоор төлөвлөгдсөн байна. Сурагчдын амралтын үеэр сургалтад хамрагдах сонирхолтой эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт элсэлт зарладаг байна.