Аюултай хог хаягдлын 43.3 хувь нь цахилгаан станц, дулааны үйлдвэрлэлээс гардаг

37

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсов. Тэрбээр “УИХ-ын гишүүд салбарын яам хог боловсруулах чиглэлд дорвитой ажил хийхгүй байна. Иймд 21 аймаг, сум, дүүргийн удирдлагатай холбогдож, одоогийн хуулийн хүрээнд анхан шатны цэвэрлэгээ, хог устгалын дүрэм, журмыг мөрдөж хэрэгжүүлнэ” гэв. Мөн хог боловсруулах үйлдвэрийн газрыг шийдсэн атал барилгын явц удаан байгааг хэлжээ. Хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж, ажлын хэсэг байгуулсан юм.
Манай улсын хүн амын тоо, үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж байна. Хэдийгээр аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд 433.9 мянган тонн болж, 2022 онынхтой харьцуулахад 133.5 мянган тонн буюу 23.5 хувиар буурчээ. Гэвч энэ нь зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас үүссэн хог хаягдал багассантай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал 138.1 тонн буюу 46.8 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Үүнд “Ковид-19” цар тахлын үеийн үзүүлэлт нөлөөлснийг ажлын хэсгийнхэн тайлбарлав. Харин цахилгаан станц, дулааны үйлдвэрлэлийн аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд өмнөх оноос 1.8, уул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хог хаягдал 2.5, арьс шир, үслэг эд, ноос ноолуур, ээрмэлийн үйлдвэрлэлийнх 0.1 мянган тонноор тус тус өссөн байна. Тодруулбал, 2023 онд аюултай хог хаягдлын 43.3 хувь нь цахилгаан станц, дулааны үйлдвэрлэлээс, 36.1 хувь нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас, 20.1 хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэлтэй байжээ.
Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дархан-Уул аймагт аюултай хог хаягдал түр хадгалах агуулах бий. Харин Завхан, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Орхон, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 10 аймаг, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан агуулахын барилгын ажил зогсож, гүйцэтгэл 0-80 хувьтай байгаа аж.
Ч.Туяа
https://www.unuudur.mn/a/278067
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn