МАН-ын жор ба Ж.Чинбүрэн эмчийн ёс зүй
Хүний итгэлийг хөсөрдүүлнэ гэдэг ёстой л алга эргүүлэхийн төдийд л болчих юм даа. МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид батламжаа гардаж байх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эх орон маань хөгжлийн гараан дээр зогсож байна... бидэнд иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна" гэж гуйх гувшихыг зэрэгцүүлсэн. Үүний дараагаар тус намаас нэр дэвшиж буй гавьяат эмч Ж.Чинбүрэн Ерөнхий сайдынхаа үгэнд итгэчхээд, хөөрсөн үү яасан “Түргэн тусламж нь түргэн очдог, даатгал нь хүн бүрт хүрдэг нийгэм”-ийг цогцлооно" гэв.
Гавьяат эмчийн маань нүд яагаад сааралтад бүүдийгээ вэ. Түрэн тусламжийнхан өнөөгийн нөхцөлд харин ч сайн ажиллаж байгаа. Үүний нэг баталгаа бол дөнгөж саяхан Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн салбар төв байгуулсан явдал.
Мөн “Даатгалыг хүн бүрт хүрдэг болгоно” гэж хэлсэн. Тэгвэл даатгал төлдөг хүн даатгуулсныхаа үр шимийг хүртэж сурсан байгаа. Жишээ нь ахмадууд ЭМД-аар нүдэндээ болор суулгуулах, хөл, өвдөгний үений хагалгаанд орохдоо мэс ажилбарын үнийн дүнгийн 50 хувийг нь даатгалаас төлж, иргэн 50 хувиа төлдөг болсоор удаж байна... нуруу нугас, тархи гээд төрөл бүрийн MRI хийлгэхэд даатгуулдаг л бол 50 хувийн хөнгөлөлт эдэлж байгаа.
Байдал ийм байхад гавьяатай эмч маань арай л даяалчхав. Тэгснээ "Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив" гэгчээр “ МАН-ын багт иж бүрэн жор байна” гэсэн нь өөрийг нь сонгох гэж байсан олон мянган хүний итгэлийг хөсөрдүүлэв. Хавдраас өөр өвчний жорыг “Хавдрын” гэх тодотголтой Ж.Чинбүрэн эмч хэлээгүй нь ойлгомжтой. Тэгвэл “Хавдар эмчлэх жороо яагаад өнөөдрийг болтол гаргаагүй хэрэг вэ” гэх асуудал зайлшгүй урган гарч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө сурталчилгаагаараа “Хавдрын өвчнийг эмчлэх ийм сайхан залуусаас бүрдсэн баг байна...” гэж бахархаж байсан эмч яагаад ийм зүйл хэлэх болов. Бэлдсэн багт нь хавдрын өвчнийг эмчлэх жор, чадвар байхгүй гэсэн үг үү... гээд цааш асуудлыг дэвэргэж, хөврүүлж ч бас болно.
Гэхдээ эдгээрийг орхин зөвхөн ёс зүйн асуудлыг л ярья. Өнөөдөр ард түмэн нь бурхан мэт шүтэж дээдэлсэн, төр нь хайр халамжаа харамгүй өгсөн энэ эмч яагаад ийм ёс зүйгүй юм бэ. Байгаа жороо гаргаж эмчилгээ үйлчилгээндээ ашиглаагүй ийм ёс зүйтэй хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших хэрэг байна уу. Өөрсдийгөө магтах гэж бусдынхаа хийснийг харлуулах нь зүйд хэр нийцэх бол. Тэр тусмаа эмч хүний ёс зүйд хэр нийцэх бол гэдгийг эрхэм эмчээс асуумаар байна.
Төрийн сэнтийд залраагүй байхдаа “ЗАЛАРЧИХСАН” мэт аяглаж байгаа энэ эмч, иргэн Ж.Чинбүрэн ер нь бидэнд хэрэгтэй хүн мөн үү. Нөгөөтэйгүүр түүний хэлсэн энэ үг “НАМЫН ДААЛГАВРЫГ Л ЯГШТАЛ БИЕЛҮҮЛЖ БАЙВАЛ бусад нь хамаагүй гэх өнгө аяс илтгэж байхад энэ хүний нэрийг ДУГУЙЛЖ итгэл хүлээлгэх хэрэг байна уу.
Төрд залрах хүнд ёс зүй маш чухал. Тэр тусмаа эмч хүн хэзээ ч, хаана ч ямар ч үед ёс зүйгээ умартаж болохгүй. МАН ч гэсэн тэр жороо 65-уулаа хав дарчхаад, дараагийн сонгуулийн өгөөш болгох ТАКТИК боловсруулж иргэдийн эрүүл мэнд, амь насыг үнэгүйдүүлж байсан хэрэг үү. Арай л биш юмаа, арай л...
С.Туул
Эх сурвалж: erennews.mn