Тойргийнхоо нэр дэвшигчдийн ХОМ-ыг сөхөөд нэг харчихвал зүгээр дээ

666


Энэ жилийн сонгууль сонин содон зүйл ихтэй үргэлжилж байна. Ялангуяа нэр дэвшигчдийн ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/ иргэдийн анхаарлыг ихээр татаж, тэнгэрт тултал баяжсан хөрөнгөтнүүдийг хараад олонх нь алмайран гайхаж байна. Хэдэн тэрбумаар нь мэдүүлж, хичнээн ч хөрөнгө хурааснаа илчлэн тайлагнасан байхыг дийлэнх иргэд шүүмжилж, хөрөнгө мөнгөө өмгөөлөн хамгаалахаар УИХ-ын гишүүн болох гэж улайрч байгаа хэмээн бухимдсан олны бухимдал, дургүйцэл хөвөрсөөр...
Гэхдээ сонгогчид нэг зүйлийг анзаарч анхаарахгүй өнгөрч боломгүй юм. Нэр дэвшигчдийн дунд “нэрцэвэр, ХОМ цэвэр” хүн цөөн боловч байгааг олж судлан, сонголтдоо багтаах нь зөв сонголтын нэг шийдэл болох биз ээ.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн шинэ хүн маш олон байгаа. Тэдний ч ХОМ тэнгэр газар шиг ялгаатай нь анхаарал татах боллоо. Шинэ залуу үеийн төлөөллөөс сүүлийн үед маш ихээр шуугиан тарьж амжсан Сүндий болон цаашлаад удам дамжсан улс төрчийн гэр бүлийнхнийг дурдаж болно.

Тэгвэл энд нэг тойргоор харьцуулалт хийгээд үзье. БЗД-ийн 23-р тойрог. 3 мандаттай.
Нөгөө УИХ-д жендэрийн тэгш байдлыг хангахаар горилогч эмэгтэйчүүдийн төлөөллүүд, дээр нь шинэ сонголтыг горилогч шинэ залуу үеийнхэн ч хэдэн арван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болохоо илчилж, нүд бүлтийлгэж байна. Жишээ нь, АН-аас 23-р тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалагийн ХОМ-ийг хальт сөхөхөд л 1995 онд гишүүний туслахаас ажлын гараагаа эхэлсэн тэрээр одоо 3,7 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай, 1 тэрбум 220 сая төгрөгийн үнэ бүхий газартай, 2 жийп, 1 жижиг тэрэгтэй гээд хөлжиж баяжихын туйл болтлоо “өсчээ”. Нийт хөрөнгө нь 5,7 орчим тэрбум төгрөг. Гэтэл жирийн иргэд өнөө маргаашаа яая гэтлээ хямран, аж амьдрал нь дорсоор байх.
Энэ жил бас нэг моод дэлгэрч, цаадуул чинь эр, эмгүй хурдан удмын адуутай болсон нь гайхалтай биш гэж үү. Үүнийг хөрөнгөө нуух сүйхэйтэй арга гэж олон түмэн хэлэлцээд эхэлсэн байна.
Мэдээж бүх нэр дэвшигчид ийм хур баян биш л дээ. Үнэхээр бор зүрхээрээ, эх орон, түмэн олныхоо төлөө гэсэн чин сэтгэл өвөртлөн өрсөлдөөнд орж ирсэн хүн байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Дээрх тойрогт л гэхэд, ялангуяа бие даан нэр дэвшиж байгаа гэдгээр нь хошууч генерал Б.Баярмагнайг авч үзье. Түүний ХОМ-ийг харвал нийт хөрөнгө нь 500 сая ч хүрэхгүй байна. 1 байр, 1 машинтай, 60 толгой малтайгээд тун энгийн нэгэн харагдаж байна. Арга ч үгүй байх. 25 жил төрд алба хашаад тэтгэвэртээ суусан тэрбээр хөрөнгө цуглуулах гэлгүй, энхийг сахиулах ажиллагаанаас эхлээд батлан хамгаалах салбараа удирдах үйл хэрэгт зүтгэн эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч явж ирсэн л нэгэн. “Би хэдийгээр тэтгэвэрт сууж болох ч өргөсөн тангараг, үлдсэн насны эрч хүчээ эх орондоо өргөж зүтгэх халуун сэтгэл өвөртөлж явна” гэсэн нь цэргийн хүний эрс шийдэмгий шударга үг, үйлдэл гэлтэй.
Тэгвэл бүр ямар ч хөрөнгөгүй нэгэн бас байх. “Гэр хороолол хөгжлийн нам”-аас нэр дэвшигч Б.Батсүхийн нийт хөрөнгийн хэмжээ 0.0 төгрөг гэж мэдүүлжээ. Ямар ч хөрөнгөгүй мөртлөө өөрөө 8.4 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого нь 12 сая гэнэ.
Энэ гурван нэр дэвшигчийн тухайд Ц.Одонтунгалаг нь гишүүний туслахаар ажилласнаасаа хойш байнга захирлын албан тушаалтай явж иржээ. Б.Баярмагнай нэр дэвшигч насаараа цэрэг армид ажилласан Хошууч генерал цолтой хүн. Харин Б.Батсүхийн тухайд тодорхой мэдээлэл алга.

Нэг тойрогт өрсөлдөж буй харьцангуй дүр зургийг гуравхан хүнээр жишиж үзэхэд ийм байна. Сонгогч олон түмэн минь 2020 оны сонгуульд хариуцлагатай, ухамсартай санал өгөхийн тулд энэ мэт мэдээллийг нягтлан үзэж сонголтоо зөв хийхийг хүсэх байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn