Уулзахгүйгээр, мэтгэлцэхгүйгээр өрсөлдлөө

418
"Энгүй сайхан түүнд зуун зүрх тэмүүлж, эцэс хойно нь болоход ерэн ес нь шархалдаг" гэж Нямбуугийн Нямдорж найрагч нэгэнтээ шүлэглэжээ. Хэдхэн хоногийн дараа, 6-р сарын 24-ны санал хураалтыг хаах 22 цаг дөхөх тусам 2020 оны Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний зүрхний цохилт түргэссээр оргилдоо хүрч дараачийн хэдэн цагийн турш 630 зүрх ээлж дараалан навсайж бяцхан шархлах буйзаа. Олон нэр дэвшигч ямар ч найдваргүйгээ анхнаасаа мэдэж, зарим нь өрсөлдөгчдөө мэдээд аль эрт хувь заяатайгаа эвлэрсэн байх боловч сэтгэлийнхээ мухарт "тэр хүртэл гишүүн болчоод байхад би яагаад" гэсэн найдварын очыг унтраахгүй явсаар санал хураалтын дүнг сонсоно. Ялагдсан нам, нэр дэвшигчид сонгууль шударга бус болсныг чанга дуугаар зарлана. Тэр үнэн. Нисдэг тэрэг хөлөглөсөн хурандаа, дөрвөн жил сурталчилгаанд тоглосон сайд, хэдэн зуун мотоциклоор гайхуулсан тэрбумтан ба модон самбараа өөрөө хадаж суусан нэр дэвшигч шударга өрсөлдсөн гэж юу байхав. Сонгууль бол тийм ч шударга зүйл биш. Бас царцааны нүүдэлд өртлөө, саналаа луйвардуулчихлаа хэмээн цамнасан ширүүн нөхдүүд босоод ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ 2008 оны 7-р сарын 1-нд нэг сайн вакциндуулсан монголчууд бага зэрэг халуураад давж гарах байх аа.
Оскарын шагналд нэр дэвшвэл алтан баримлыг яг атгаж чадаагүй ч номинант гэдэг шаггүй алдартай үлддэг. Тэгвэл улс төрийн сонгуульд ялагдсан болгон хоосон хоцордоггүй. Нам нь ялсан, суудал авсан бол улаан шугамны ард үлдэгсдээ албан тушаалд байршуулах нь том бодлого. Тэр тусмаа одоо Засгийн газрын дөрвөн сайдаас бусдыг УИХ-ын гаднаас авах болсон. Хэрвээ сандал суудал цөөдөөд байвал нэмж, яам, агентлаг байгуулах эрх мэдэл тэдний гарт орж ирсэн байна. Мөн өмнөх сонгуулиудын дараа хэн хаашаа хөдөлснийг ажиглахад, ялагдсан нам, сайд дарга, албан тушаалтнууд эрх мэдлээ хураалгах хүртэлх хэдхэн хоногт амжиж өөрсдөө, эсвэл тэдний зөвлөх, туслах, цүнх сав баригчид нь дараачийн сонгуулийн өмнөхөн Харвард марвард төгслөө гэсээр онгоцноос бууж ирэхийн тулд төсвийн хөрөнгө, сургалтын төрийн санг цөлмөөд арилж өгдөг нь давтагдах биз. Ялсан намынхан ч гэсэн сонгуульд зүтгэсэн хүмүүсээ бас тэгэж шагнах буйзаа.
Гэхдээ өнөөдрийн асуулт бол энэ олон замын хаагуур явах вэ гэдэг шиг энэ олон нэр дэвшигчийн хэнийг сонгох вэ? Сонгогчийн боловсрол гэж том яривал мөрийн хөтөлбөрийг нь харах ёстой. Нарийн тооцоо судалгаатай гэж гайхуулсан, өө сэвгүй харагдахаас эхлээд илт марзан гээд есөн шидийн хөтөлбөр байна. Гэхдээ тэр олон үг, өгүүлбэр, амлалтад ямар шалгуураар хандах ёстой вэ? Бусад улс оронд сонгуулиар татвар нэмэх, нэмэхгүй, татварын тогтолцоог өсөн нэмэгдэх болгож өөрчлөх эсэх зэрэг зарчмын асуудлаар үзэж тарлаа гэдэг. Манайд бол тараах, түгээх, олгох, хуваарилах нь хамгийн гол шалгуур болжээ. Эсвэл эдийн засгийн хамгийн өндөр хувь хэмжээтэй өсөлт амалсныг сонгох ёстой юу? Хэрвээ МАН ахмадуудад суурь тэтгэвэр, насны хишиг олгоно, харин АН тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно гэсний аль нь дээр вэ? 150 мянган орон сууц барих ба урьдчилгаагүй орон сууцанд оруулах хоёр намын алинийг сонговол зүйтэй вэ? Ноднин МАХН үнэгүй орон сууцанд оруулах бүртгэлээ явуулж эхлээд зогсоосон ч орхиогүй. Тэрхүү бүртгэлийн гэрээнд "МАХН олонхи болсон тохиолдолд" гэж өгүүлбэр байгааг хөөрсөн түмэн уншаагүй. Тэртээ тэргүй олонхи болохгүй ч хэдэн даргаа Их хуралд оруулбал тус намын хэрэг зорилго бүтэх нь тэр. ":аанч та нар биднийг олонхи болгоогүй" гээд даапаалж суух биз. Энэ мэтээр намууд, нэр дэвшигчид уриа лоозондоо хэр хүчтэй үгийг сонгож авах, бие биенээ давах амлалтаа хаана тоормослох нь тэдний дурын хэрэг. Жижиг нам, бие даагчид юуг ч хамаагүй амалж чадна, яагаад гэвэл тэдэнд алдах юм байхгүй. Мөрийн хөтөлбөр гэж нэг иймэрхүү.
Харин хэдэн арван их наядаар хэмжигдэх болсон их өрийг ганц ч нам амалж авсангүй. МАН өөрийн мөрийн хөтөлбөрт "Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай, Чингэс, Гэрэг, Хуралдай бондын өрийн дарамтаас гарна" гэж нохойтсон байна. Бүр том зээл авч дарахаас өөр юу л байв гэж.
2020 оны сонгуулийн сурталчилгаа ерөнхийдөө өндөрлөж байна. Хорин нэг хоногт хүчээр шахаж багтаан телевизийн олон сувагт хуваасан албан ёсны сурталчилгаа эмх замбараагүй учраас толгой эргүүлж гүйцлээ. Эцсийн эцэст сонгогч хүн бүх 606 биш, зөвхөн өөрийн тойргийн багадаа 10, хамгийн ихдээ 36 хүний дундаас, нийслэл хотод бол захын гурван дүүргийн тойргийг эс тооцвол 23-аас дээш нэр дэвшигчдээс  хэдэн нэр дугуйлах учиртай. Гэтэл хамгийн том орон зай болох телевизийн дэлгэцэн дээрх сонгуулийн сурталчилгааг зүгээр л намын нэр, бие даагчдаар хуваасан, аль тойргийн хэн хэдийд гарахыг мэдэх аргагүй учраас бид тойргийнхоо нэр дэвшигчидтэй зөвхөн азаар, хааяа таарах магадлалтай. Нэр дэвшигчид ерөөсөө тойрог тойргоороо цугларч өгөхгүй, харьцуулах боломж олдохгүй байна. Ганц ганц нэг удаа тохиолдлоор тааралдахыг эс тооцвол шүү. Энэ тэр телевизээр явуулж байгаа мэтгэлцээнд шал өөр тойргийн хүмүүс учир зүггүй үзэлцээд сүйд ээ.
Үүний оронд сурталчилгааны тодорхой цаг дээр аль нэг тойргийн нэр дэвшигчдийг нүүр тулж уулзуулдаггүй юмаа гэхэд ярилцлага, нэвтрүүлгийг нь зэрэгцүүлэх гэх мэтээр сонгогчиддоо тусалж яагаад болохгүй гэж? Иймэрхүү юмыг санаачилж Сонгуулийн ерөнхий хороонд санал тавьж зохион байгуулах нь МҮОНРТ-ийн олон нийтийнхээ өмнө хүлээсэн үүрэг боловч сонгуулиас сонгуульд оромдсоор байх юм. Хэрвээ сонгогчид тойргийнхоо нэр дэвшигчдийг хагас дутуу, өм цөм мэдэх аядвал олигтой харьцуулж чадахгүй. Сонгогчдын боловсрол ярьж байгаа бол эндээс эхлэх ёстой болов уу. Саналаа яаж өгөх, хэрхэн дугуйлахыг монголчууд бараг зуун жил хийж байгаа, чадна.
Харин гудамжаар дүүрсэн хоёр хавтастай самбарууд арай дээр. Хэдхэн сонгуулийн өмнө гудамжны том самбараар үзэлцдэг, хашаа байшин дээр наагддаг байсныг (2000-аад оны эхээр Германы элчингийн эсрэг талын байшин дээр найман жилийн өмнөх нэр дэвшигчийн ухуулах хуудас наалттай хэвээр байсныг санав) бодвол япончууд бүх нэр дэвшигчдийнхээ зургийг нэг хананд ярайтал өрдөг тэр зохицуулалт руу нэлээд дөхсөн байна. Одоо болдогсон бол тойрог болгонд энзай талбай гаргаад бүх нэр дэвшигчдийн зурагтай самбарыг зэрэгцүүлж жагсаахсан. Нэр дэвшигч тэр хэн болох, мөрийн хөтөлбөрийг нь огт мэдэхгүй ч ядахдаа царайг нь ганц харчихаад саналаа өгөх өгөхгүйгээ шийдэх юмсан. Нүдэнд дулаан, итгэл төрүүлэхүйц ухаалаг харц, эсвэл зоримог шийдэмгий дайчин төрх нь таалагдахыг хэн байг гэхэв.    
Нэр дэвшигчдийн уулзалт олон болж байгаа ч ганц хоёроос илүүтэй таарсангүй. Эсвэл нэдэвшигч хол газарт уулзалтаа хийгээд, эсвэл би өөр газарт явж байх юм. Энэ удаагийн сонгууль түүхэндээ хамгийн олон нэр дэвшигчтэй. Урьд харьцангуй цөөн учраас хэдхэн хүн дээр анхаарал төвлөрч амар байжээ. Гэтэл одоо багтаж ядсан энэ олон хүний учрыг олоход сонгогчдод туслах мэдээлэл ховор байна. Багаар нь сонгоорой гэж зуурчихаад салахгүй байгаа том нам, тэдний нэр дэвшигчдийн мэдээлэл маш их, бас жижиг нам, нэр дэвшигчдийнх бас л их хэмжээтэй мэт боловч хорь гуч хуваагдаад хэт бага байна. Харин сурталчилгааны сүүлчийн өдөр намын дарга нарын мэтгэлцээн олон нийтийн телевизээр явахыг хүлээх л үлдэж байна. Олон нийтийн телевиз түүхэндээ мэтгэлцээн явуулж сураагүй, чаддаггүй, гэхдээ бидэнд өөр юу ч алга.
Тэгээд энэ олон хүнээс хэн хэнийг сонгох вэ?
Яриа хөөрөө сонсоход, энэ удаад сонгогчид саналаа тарааж өгөх байх. Яах аргагүй гурван субъект энэ сонгуульд харагдаад байна. Сурталчилгааны үг хэллэгээр бол, гурван мандаттай тойрогт аав ээж, өвөө эмээгийн нам, коронагаас сайн хамгаалсан МАН-даа нэгийг, ардчилал, эрх чөлөөг авчирсан АН-даа хоёрдахыг, харин гуравдахыг нь шинэ хүмүүс, шинэ үеийнхэнд өгвөл эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй. Тэгвэл гуравдах буюу бусад арваад намын болон бие даагч хориод нэр дэвшигчээс хэнийг вэ?
Гэтэл МАН, АН-аас эхлээд бүгд мандатын тоонд тултал дэвшүүлээд багаар нь сонгоё гэсэн уриа гаргаад үзэж тарж байна. Тийм ховдог байж таарахгүй, тэгэж чадахгүй ээ. Цагаа тулахаар тухайн нэр дэвшигчийн өрсөлдөгч нь бусад нам эвслийнхэн биш, харин өөрийн нам эвслийн нөгөө хоёр (хоёр мандаттай тойрогт бол нөгөө нэг) нэр дэвшигч болж байх шиг. Багаар нь гэдэг үгийн чанга дуудах тусам, зураг самбаруудаа бат бөх залгаж гагнасан ч хэн нэгнийх нь сурталчилгаа арай өөр, илүү, самбар нь хүртэл салж ганцаар зогсохыг нөгөөдүүл нь хараад юу эс бодох. Зарим нь зөвхөн жийрэг байсан гэдгээ эцсийн мөчид ухаарах. (Гэхдээ тэд хоосон хоцрохгүйг дээр хэлсэн)
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН, АН-ын "багаар нь сонгох" нэр дэвшигчдээс хэд хэдийг сугалж, бас бие даагчийг хүртэл баривчлаад хорьчихлоо. Гэхдээ тэдний нэр саналын хуудсанд хэвээрээ, сонгуульд оролцоно.
Энэ удаад чанга дуутай, гоё нэртэй олон нам эвсэл гарч ирсэн ч өнгөрсөн сонгуулиас хойш олны танил, брэнд шахуу болж чадсан нь ХҮН нам буюу Зөв хүн электорат эвсэл байх. Тойрог тус бүрийн эхний хоёр мандат МАН, АН-д очно гэвэл бусдад ганцхан суудал үлдэнэ. Хоёр мандаттай тойрогт бол үлдэх ч үгүй. Гэтэл Зөв хүмүүс бас тулгаж гурвыг юмуу хоёрыг  дэвшүүлжээ. Шинэ хүчин, шинэ хүмүүсийг дэмжих уур амьсгал хүчтэй байлаа ч тэд гуравдахь саналыг өөр хоорондоо хуваагаад бүгд ялагдах нь. Одоо сонгуулийн сурталчилгааны үлдсэн ганц хоёр өдөрт ямар нэгэн юм хийх хэрэгтэй, нэгэнт нэрээ татаж саналын хуудаснаас хасуулах боломжгүй ч хэн нэгнээ нөгөө хоёр (нөгөө нэг) нь дэмжиж мэдэгдэл хийвэл яадаг бол? Бүгдээрээ зөв хүмүүс байх, гэхдээ хамгийн туршлагатайгаа, эсвэл жендерээ бодож эмэгтэйгээ ч юм уу дэмжээд. Тэгвэл эцсийн мөчид сонгогчдын анхаарлыг татаж, бусад хорь гучин нэр дэвшигч дундаас товойлгож өгнө...   

Д.Цэрэнжав
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn