10 мянган сурагчтай нэг ч сургууль, цэцэрлэггүй хороо

20
Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд зааснаар хүүхэд бүр ерөнхий боловсролыг улсын өмчийн сургуульд үнэ төлбөргүй сурах эрхтэй. Гэвч энэ эрх  өнөөгийн нийгэмд бүрэн хэрэгжихгүй байгаа ч Баянзүрх дүүргийн XXVI хорооны хүүхдүүдэд бүр ч хамааралгүй болж таарлаа. Нэг үгээр хэлбэл, энэ хорооны 10 мянган хүүхдийн сурч боловсрох эрх төрийн бодлого, шийдвэрийн гадна хаягджээ.
 
БАЯНЗҮРХЭЭС ХАН-УУЛ РУУ 7-13 АВТОБУСНЫ БУУДАЛ, АРВААД КМ ШАХАМ ЗАЙТАЙ СУРГУУЛЬДАА ЯВЖ БАЙНА 

Баянзүрх дүүргийн XXVI  хороо  27 мянган хүн амтай. Үүнээс цэцэрлэгийн насны 3050, сургуулийн насны 7600 буюу 10 мянган хүүхэдтэй. Гэвч улсын өмчийн нэг ч сургууль, цэцэрлэггүй өнөөг хүрчээ. Тиймээс энэ хорооны хүүхдүүд өөр харьяа дамжин 3-4 ээлжээр хичээллэж иржээ. Зарим нь бүр хотын нөгөө захын дүүрэг дамжиж Баянзүрхээс Хан-Уул дүүрэг рүү 7-13 автобусны буудал, арваад км шахам зайтай сургуульдаа явдаг. Тухайлбал, 2-3 насны хүүхдүүд  дүүргийнхээ XII хорооны 137, 140, 120 дугаар цэцэрлэгт хуваагдаж явдаг. Ингэснээр 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт эдний хорооны хүүхдүүд нэмэгдэж 450 орчим хүүхэд хамрагдахаас аргагүй болжээ. Харин улсын өмчийн нэг сургуультай ч өөрийн гэсэн байргүйгээс  “Монгол Тэмүүлэл” сургуулийн байранд хамт байрладаг. “Монгол Тэмүүлэл” сургуулийг шинэ байртай болвол 133 дугаар сургууль хуучин байрыг нь авах зохицуулалтыг БСШУСЯ- наас хийжээ. 133 дугаар сургууль нь 2017 онд байгуулагдсанаас хойш гурван ээлжээр хичээллэж буй юм.
 
XXVI хорооны сургуулийн насны хүүхдүүдийг дүүргийнх нь 21, 33 дугаар сургуулиудад хамран сургах захирамж гарсан ч 33 дугаар сургууль ачаалал өндөр хэмээн хүүхэд нэмж бүртгэхгүй байгаа гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд арга ядахдаа хаягаа өөр хороонд шилжүүлдэг ч хүүхдүүд багадаа 6-7 км зайтай явж байж сургуульд суралцдаг гэдгийг хэлж байлаа. 
 
Асуудлын гол нь XXVI хороонд сургууль, цэцэрлэг нэмж баръя гээд мөнгө нь шийдэгддэг ч сул газар байхгүй. Тухайн хорооны нутаг дэвсгэрт барилга байгууламж, хот, төлөвлөлт замбараагүй олгосноос барилга барих нь битгий хэл хөл гишгэх зайгүй шахам болжээ.
Шинэ сургууль барих талаар 2018 оны улсын төсөвт тусгасан хэдий ч газрын маргаанаас болоод одоог хүртэл баригдахгүй байна. Тодруулбал, нийслэлийн  Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 23-ны А/754 захирамжаар “Олимп” хотхоны  дундах 7500 мкв газрыг сургууль бариулах зориулалтаар олгожээ. Гэтэл “Ика” гэх компанийн зүгээс уг газрыг өөрийн эзэмшил гэж үзэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Шүүхээс тоймтой хариу гаргаагүй байгаа бөгөөд шүүх хурал товлосон өдрөөсөө байнга хойшилсоор хоёр жил өнгөрчээ.
Энгийнээр тооцож үзвэл, XXVI хороо 1-5 насны 3050 хүүхэдтэй. 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барилаа гэхэд дор хаяж наймыг, харин 1840 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх боломжтой гэж тооцохоор ийм хүчин чадалтай таван сургууль барьж байж хүүхдүүдийн сурч, боловсрох эрх хангагдах нь ээ. Бид энэ талаар хорооны Засаг даргатай нь уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
 
Г.Отгонбаатар: МӨНГӨ НЬ БАЙСАН Ч СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗАР АЛГА  
/БЗД-ийн 26-дугаар хорооны Засаг дарга/ 

-Танай хорооны цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хаана сурч байгаа вэ?
 
-Манай хороо 2010 онд НИТХ-ын тогтоолоор XII хорооноос хуваагдан шинээр байгуулагдсан. Анх 1450 хүнтэй байсан бол арван жилийн дотор хүн амын тоо ес дахин өсөж 27 мянгад хүрлээ. Хүн амын тоо өсөхийн хэрээр улсаас сургууль, цэцэрлэгийн асуудлыг давхар шийдвэрлэх ёстой. Гэтэл одоог хүртэл манай хорооны нутаг дэвсгэрт нэг ч цэцэрлэггүй. Ганц  сургууль нь өөрийн байргүй. Тиймээс манай хорооны хүүхдүүд өөр харьяаны сургуулиудад 3-4 ээлжээр хичээллэж  байна. Жишээлбэл,  133 дугаар сургууль нээгдсэнээсээ хойш гурван ээлжээр хичээллэж, одоог хүртэл өөрийн байргүй. Зарим сурагчид XII хорооны 21 дүгээр сургуульд сурдаг. Зарим айлын хүүхдүүд Хан-Уул дүүргийн харъяа сургуулиудад сурч байна. Дундажаар 7-13 автобусны буудал өнгөрөх хол сургуульд сурдаг. 
 
-Яагаад одоо болтол сургууль цэцэрлэг, бариагүй юм бэ? 
-Хорооны онцлог нь байшин хороолол, хотхоноос бүрдсэн. Цаашид сургууль, цэцэрлэг барих төлөвлөгөөгүйгээр газрыг зүй зохисгүй хуваарилснаас хороолол хооронд зай завсаргүй, сул чөлөөтэй талбайгүй болоод байна. Шинэ сургууль, цэцэрлэг барихаар улсын төсөвт тусгасан ч сургуулийн байр барих талбай хүрэлцээгүй. Мөнгө нь байгаа ч сул газаргүй болчихсон.  Дүнжингарав худалдааны төвөөс хоёр километр зайд орших гурван га газрыг сургууль, цэцэрлэг барихаар олгосон. Энэ барилга нь хорооллуудаас дөрөв орчим километр зайтай, хоёр зам хөндлөн гардаг бас төмөр замтай. Тиймээс хүүхдүүд заавал автобус унаагаар явна гээд олон асуудал тулгамдаж байна. 2019 онд барьж эхэлсэн шинэ сургуулийн барилга ерөнхийдөө дуусч байгаа ч дэд бүтэц холбоогүй. Энэ намартаа амжиж нээлтээ хийх эсэхийг мэдэхгүй байна. Хорооны дарга тухайн үйл явцад шаардлага тавих эрхгүй, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар захиалагч тал гэдгээр шаардах эрхтэй байдаг. Цэцэрлэгийн барилга удахгүй барьж эхэлнэ гэж найдаж байна.
 
-Шинэ сургууль барих газрын маргаан яагаад өдий хүртэл шийдэгдэхгүй байна вэ? 
-Манай хороны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэг барих боломжтой сул газар нэлээн хэд бий. Даанч хувийн өмчийн компанийн эзэмшилд байдаг гээд хашаалаад авчихсан. Жишээлбэл, “Олимп” хотхоны дундах 7500 мкв газар“ИКА” ХХК-ийн эзэмшилд байдаг гээд захиргааны хэргээр анхан шатны шүүхэд хандсан. “ИКА” компани анх хотхон барих зөвшөөрөл авах төсөлдөө сургууль, цэцэрлэгтэй байна гэж багтаасан юм билээ. Энэ газраа хүлээлгэж өг гэхээр манайх удахгүй хувийн сургууль барина гэж маргалддаг юм. Гэвч одоо болтол тэр талбай хоосон хашаалчихсан л байгаа. Анхны төсөлдөө сургууль, цэцэрлэг гэснээс өмчийн хэлбэрийг нь нарийн зааж өгөөгүй юм билээ. Тиймээс одоог хүртэл шийдвэр гарахгүй шүүх хуралдаан хойшилсоор хоёр жил өнгөрсөн. Бидэнд итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч мэргэжлийн өмгөөлөгч нэн шаардлагатай байна.
 
Иргэд, оршин суугчдаас хорооны нутаг дэвсгэрт улсын өмчийн сургууль, цэцэрлэг байгуулах санал, хүсэлт байнга ирдэг. Энэ талаар Ерөнхий сайдад ил захидал илгээсэн. Мөн манай тойргоос шинээр сонгогдсон УИХ гишүүн Б.Энхбаярт хүсэлт хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй л байна. Хууль бусаар олгосон талбайг чөлөөлж улсын сургууль, цэцэрлэг барьж, манай хорооны мянга мянган хүүхдийн суралцах эрхийг хангаасай гэж хүсэж байна.
 
Бид хорооны даргатай уулзсаны дараа шинээр барьж буй сургуулийн барилгыг зорьж очлоо. 2019 онд Дүнжингарав худалдааны төвөөс 2.8 км зайд шинэ сургууль, цэцэрлэг барих гурван га газар олгож, цэцэрлэгийн төсвийг 2020 онд баталжээ. Харин сургуулийн барилга дууссан хэдий ч одоо болтол дэд бүтцэд холбогдоогүй байгаа гэнэ. Энэ сургууль нь нэг ээлжиндээ 920 хүүхэд буюу нийтдээ 1840 хүүхэд хичээллэх боломжтой юм. Гэтэл тус хорооны сургуулийн насны хүүхэд одоогийн байдлаар 7600 орчим байна. Цаашид улам нэмэгдэнэ. Мөн хамран сургах тойргоор БЗД-ийн XII хорооны хүүхдүүд суралцах эрхтэй юм. Хэрвээ 133 дугаар сургууль ганцаараа байвал дахиад л 3-4 ээлжээр хичээллэж, хүүхдийн эрх зөрчигдсөөр байх уу. Эзэмшигчид нь тодорхойгүй газрын наймааны асуудлыг хэзээ цэгцэлж шинэ цэцэрлэг сургуулиуд баригдах вэ гэдгийг XXVI хорооны оршин суугчид төрд дайлаа.
 
 
Б.мөнхчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn