Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочид шийтгэл оногдуулжээ

502
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 78 жолоочийг илрүүлэв. Үүнээс дурдвал, энэ амралтын өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 14 дүгээр байрны ойролцоох замд улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч М-ийг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна. Тус хэргийг тээврийн цагдаагийн албаны эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг тогтоожээ.
 
Мөн согтуугаар машин жолоодсоноос “Hyundai Verna” маркийн автомашинтай мөргөлдөн тус машинд зорчиж явсан дөрвөн настай хүүхдийг гэмтээсэн байна. Тус хэрэг нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Яармаг” барилгын материалын дэлгүүрийн урд замд болжээ.  
 
Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор”-ын замд “Toyota prius” маркийн 2 автомашин мөргөлдөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ц гэмтсэн байна. Иймд тээврийн цагдаагийн албанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Мөн дээрх хэрэгт хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ. Ташрамд дурдахад, Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 зүйлийн дагуу тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 95 жолоочийг тус бүр хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.
 
 
Б.СодгэрэлЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn