"Ковидын дэглэмээ шинэчилсэн Хятадын бодлого гэнэтийнх биш..." гэжээ

247


Ковид цар тахал дэгдсэнээс хойших гурван жилийн турш Хятад улс "Тэг Ковид" гэх халдвар хамгааллын хатуу бодлого хэрэгжүүл ирсэн билээ. Харин энэ оны 12-р сараас тус улсын Төрийн зөвлөл шинэ бодлого хэрэгжүүлж, олон нийтийн газар PCR шинжилгээний хариу шалгахаа болин, халдвар хамгааллын дэглэмдээ өөрчлөлт оруулж эхэлсэн юм.Тэгвэл Хятад улс халдвар хамгааллын бодлогодоо яагаад өөрчлөлт оруулах болов гэх асуудал урган гарч ирж байна.
 
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хятадын халдвар хамгааллын бодлого өнгөн талаас нь харахад гэнэт өөрчлөгдсөн мэт боловч хэрэг дээрээ тус улсын Засгийн газар энэ шийдвэрийг гаргахын тулд маш олон судалгааны ажил хийж, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн саналын үндсэн дээр өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлтийн нэг гол үндэслэл нь Хятадад өдгөө дэлгэрч буй коронавирусын омикрон хувилбар харьцангуй гарз хохирол багатай туулах боломж олгож буй явдал юм. Өмнөх альфа, делта зэрэг хувилбаруудыг бодвол омикирон нь халдварлах эрсдэл өндөр хэдий ч зовиур нь ерөнхийдөө хөнгөн, бараг л жирийн ханиад томууны дайтай болж хувьсан өөрчлөгджээ. Нөгөө талаар ДЭМБ ирэх хаврын эхээр коронавируст цар тахал дэлхийн хэмжээнд дуусгавар болсныг зарлах гэж буйтай ч холбоотой. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт ч коронавирусын омикрон хувилбарын энэ шинэ онцлог шинжийг Хятад улстай адил авч үзэж буй юм.
Энэ оны 12-р сарын эхнээс Хятадын Төрийн зөвлөл халдвар хамгааллын шинэчлэгдсэн 20 заалт, 10 заавар бүхий дэглэм хэрэгжүүлж, нийтийг хамарсан PCR шинжилгээ хийлгэхээ больж, олон нийтийн газар чөлөөтэй орж гарч болох, нийтийн унаанд ч шинжилгээний дүн үзэхгүйгээр аялахыг зөвшөөрч эхлэв.
 
Улмаар Бээжин, Гуанжоу, Шэньжэнь зэрэг том хотуудад эерэг тохиолдол үлэмж хэмжээгээр гарсан боловч өндөр настай, суурь өвчтэй хүмүүсээс бусад нь хэдэн өдөр халуурч ханиалган эм ууж, гэр орондоо биеэ сувилж тойлоод эдгэж байгаа юм.
 
Харин гадаадын зарим хэвлэлд “Хятад улсад дахин томоохон цар тахал дэгдэж, хүн ард нь үй олноороо нас баран, гамшгийн хэмжээнд хүрлээ. Үрэмч хотод болсон гал түймрийн улмаас Хятадын олон газарт эсэргүүцлийн жагсаал гарсантай энэ нь шууд холбоотой” гэх мэтээр цуурч байна.
 
Бодит байдал дээр энэ нь худал бөгөөд Хятад улсын халдвар хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй дээр дурдсан арга хэмжээнүүд бол урьдаас төлөвлөж хийсэн зүйл болохоос арга мухардсандаа гаргасан шийдвэр биш гэдгийг зориуд тэмдэглэн хэлэх ёстой болов уу.
 
Өдгөө Хятад улс халдвар хамгааллын гол хүчийг ахмадууд болон суурь өвчтэй хүмүүс, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглүүлэн ажиллаж байна. 60-аас дээш настай хүмүүсийг эрчимжүүлсэн вакцинд яаралтай хамруулж, эрүүл мэндийн салбарууд үйлчилгээгээ хялбаршуулж, хүнд өвчлөлтийг багасгах, нас баралтыг багасгах дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.
Сүүлийн сар гаруй хугацаанд өрнөж буй үйл явдлаас харахад Хятадын олон газарт халдварын байдал ерөнхийдөө өмнө нь тооцож байсантай адилхан байж, Бээжин, Гуанжоу зэрэг хотуудын албан хаагчид  ажилдаа орцгоож, бараг хоосон байсан гудамж талбайн ачаалал дахин ихсэж, цар тахлын өмнөх хэвийн байдалдаа эргэн орох эерэг хандлага ажиглагдаж байна. Гэхдээ шинжилгээний хариу эерэг гарч, халуурч, ханиалгаад хэдэн өдрийн дараа эдгэрсэн ч ажилдаа очих гэж яаралгүй, биеэ сайтар  сувилж, дахин халдвар авахаас сэргийлэхийг сануулсаар байгаа юм.
 
2023 оны шинэ жил, Дорнын сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэхийн хэрээр гарч мэдэх янз бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Хятадын Засгийн газрын холбогдох салбарууд цаг нартай уралдан ажиллаж байна. Тухайлбал, эм эмнэлгийн үйлчилгээ, эмч сувилагчдын орон тоо, эм бэлдмэл, эд барааны нийлүүлэлт нөөц, зам харилцаа, ложистик тээвэр зэрэг олон салбарт бэлтгэл ажлыг хангаж байгаа. Өдгөө Хятадад ямар нэг үймээн самуун гараагүй, иргэдийн амьдрал хэвийн үргэлжилж байна" гэж бичжээ.
 
Г.Бямба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn