Олон улсад уламжлалт сэтгүүл зүйн алтан үе сэргэж байна

5


“Eagle News” телевиз 30 жилийн ойн хүрээнд сэтгүүл зүйн хөгжлийн форум зохион байгуулж буй. Үүний хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг хөндөн, салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв нь “Худал мэдээлэл ба сэтгүүл зүй”. Олон нийт мэдээллийн манипуляцд хэрхэн өртөж, худал мэдээлэлд яаж автаж байгааг, энэ нь иргэдийн санаа бодолд нөлөөлж, нийгэмд ямар сөрөг үр дагавар бий болгож буйг МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ, FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир, “Мизес Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин нар ярилаа.

Мэдээллийн манипуляц гэж юу вэ?

МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ
Мэдээллийн манипуляцыг ихэнх хүн худал, ташаа мэдээлэл гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ чухал асуудлаас чухал бус асуудал руу олон нийтийн санаа бодол, хандлагыг чиглүүлэхийг ингэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ярих ёстой агуулгыг бус ярих шаардлагагүй зүйлийг нийгэм даяараа хэлэлцэж, асуудлыг үнэлж дүгнэх нь мэдээллийн манипуляцын гол шинж. Өнөөдөр бид валютын ханш, төсөв ярих ёстой. Гэтэл хоёр улстөрчийн хоорондох зөрчил дээр олон нийт төвлөрчихсөн байна. Уг нь хэн байх нь бидний амьдралд ямар ч хэрэггүй агуулга. Монголын үе, үеийн Засгийн газар манипуляцаар улс орныг удирдаж ирсэн. Ингэхдээ айдсыг бий болгодог. Энэ нь ковидын үед их тодорхой харагдсан. Цар тахал гээд нэг дайсан, аврагч нь Засгийн газар, аврагдахыг хүссэн гүнж нь ард түмэн. Яг энэ загвар дээр мэдээллийн үйл ажиллагаа явдаг болоод олон жил болж байна. Сүүлийн үед яамд дунд зэргийн телевизээс илүү тоног төхөөрөмжтэй, студитэй, төсөвтэй өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн албатай болчихсон байна. Уг нь сэтгүүл зүйн өөрийн үүргээ гүйцэтгэх гээд хичээж байгаа. Гэхдээ нийгэм их өөр болчихсон байна л даа. Шууд хэлэхэд, өнөөдөр Монголын нийгмийн сүлжээ, мэдээллийн орчинд хар массын төлөөлөл давамгайлаад байна. Ер бусын, гаж зүйлээр өөрийгөө сурталчилдаг, сенсааци тарьдаг, эрүүл оюун ухаант, логиктой зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болчихжээ.
“Мизес Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин
Мэдээллийн өрсөлдөөн байгаа цагт тэнд манипуляц байх боломжгүй гэж боддог. Социализм, фашизмын үед зөвхөн өөрийн мэдээллийн сувгаа гаргаад, бусдыг нь хаачихаж байгаа үзэгдлийг манипуляц гэх болов уу. Хүн төрөлхтний үнэн рүү ойртох цор ганц зүйлийг хэлэлцүүлэг гэж би боддог. Нийгмийн сүлжээнд өдөр бүхэн хэдэн зуун хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнийг манипуляц гэж хэлэхэд хэцүү. Харин худал мэдээллийг эрх баригчид, зохион байгуулалттай тараадаг асуудал дээр бол санал нийлнэ. Төрөөс хэт хамааралтай сэтгүүл зүйн орчин үүсэх гээд байна уу гэдэг асуудал бий. Төрийн мөнгөний оролцоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өндөр байх нь хэвлэлийн тэнцвэртэй, олон талт байдлыг алдагдуулах эрсдэлтэй.

Хэвлэлд цензур тогтоох нь зөв үү?

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир
Манайх хуурамч мэдээллийг нягталж, шалгаад олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлж, худал мэдээллийг танихад нь туслах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Худал мэдээлэл хаана цацагдаж байна вэ гэхээр нийгмийн сүлжээнд хамгийн их тархдаг. Сэтгүүлчид худал мэдээлэл тараадаг юм шиг ойлголт байдаг. Гэхдээ судлаад үзэхээр, мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тархах тохиолдол харьцангуй бага. “Халаасны сайт” гэж нэрлэгддэг хэвлэлүүдээр худал мэдээлэл тархах нь бий. Гэхдээ мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санаандгүй тохиолдлоор худал мэдээлэл тараах тохиолдол мэр сэр байдаг. Хэвлэлийн зөвлөлөөр орсон ёс зүйн алдаатай хоёр бүтээл тутмын нэг нь мэдээллээ нягталж, шалгаагүй асуудлаар буюу санамсаргүйгээр буруутгагдсан байдаг. Санаатай худал мэдээллийн дийлэнх нь улс төр, эрх мэдэлтнүүдээс гаралтай цацагддаг. Тиймээс мэдээлэл түгээхдээ сэтгүүлчид илүү анхааралтай байх хэрэгтэй. Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд стандарт тавиад эхэлбэл эрх чөлөө хумигдаад эхэлнэ. Сайтууд олноор нээгдэх нь асуудал биш. Энэ зах зээлийн зарчим. Гэхдээ төрийн мэдээллийг дамжуулахын тулд, төрийн санхүүжилтээр сайт нээх нь өөрөө асуудал. Үүнийг салгахгүй бол сэтгүүл зүйн бүтээлийн чанарын тухай ярих боломжгүй.
“Мизес Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин
Төр данхар байгаа нөхцөлд сэтгүүлчид төрөөс хамааралгүй байя гэж хэчнээн орилоод ч нэмэргүй. Учир нь мөнгө төлөөд хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим нөлөөлөгчөө худалдаж авахад бэлэн байна. Тэгэхээр том зардалтай болчихсон төрийн зардлыг жижиглэхгүй л бол хэвлэл мэдээллийн төрөөс хараат байгаа байдал хэзээ ч дуусахгүй. Улам ялзарсаар байна. Энэ бол ялзрал шүү. Хэвлэл мэдээллийн салбар төрөөр дамжаад ялзарч байгаа хэлбэр.
МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ
Манайд хөгжиж байгаа сэтгүүл зүй байна. Тухайлбал, спортын сэтгүүл зүй. Барууны түвшинд хүрсэн гэж хэлж болохоор. Тэгэхээр улс орны асуудал, эдийн засаг зэрэг дээр ухуулга, сурталчилгаа явж байна. Уг нь эдийн засаг, санхүү дээр улстөржих ямар ч хэрэг байхгүй.

Сэтгүүлч цахим нөлөөлөгч байх боломжтой юу?

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир
Олон улсад янз, янзын туршлага бий. Сэтгүүлчийг редакцтай гэрээ байгуулахад нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байх хугацаандаа нийгмийн сүлжээ ашиглахыг нь хориглох тохиолдол цөөнгүй байдаг. Өөр нэг асуудал нь сэтгүүлч олж авсан мэдээллээ редакцаараа цацахаасаа урьтаж хувийн сүлжээгээрээ цацдаг. Энэ бол байж болохгүй ёс зүйн алдаа. Иймэрхүү байдлаар сэтгүүлч инфлюенсер болоод байна уу гэж ажиглагддаг. Уг нь ажил үүргийнхээ хүрээнд олж авсан мэдээлэл редакцынх байх ёстой. Эдгээрийг сэтгүүлч, редакц хоёр хоорондоо зохицох шаардлагатай. Гэвч манайд энэ төрлийн зохицуулалт байдаггүй.


“Мизес Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амартүвшин
Байгууллага, сэтгүүлч хоёрын тохиролцооны асуудал. Сүүлийн үед хувиараа мэдээлэл бэлтгэдэг хүмүүс телевизтэй хүчтэй өрсөлдөж байна. Энэ юутай холбоотой байна гэхээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төртэй хамтарч, пропаганда хийгээд байгаа учир хүмүүс үнэнийг эрж хайх явцдаа өөр сувгаас мэдээлэл авах сонирхолтой болоод байна. Энэ зөвхөн Монголд бус олон улсад ажиглагдаж байгаа үзэгдэл. Хэн үнэнийг тарааж байна, хүмүүс түүнийг үзэх сонирхолтой байна гэсэн үг. Гэхдээ нийгмийн сүлжээнд байгаа мэдээллийг үнэн, худлыг хэт их дэнслэх гээд хэрэггүй. Худал байгаа учраас бидний толгой ажиллаж эхэлж байгаа. Одоо хүмүүс эргэцүүлдэг, хэрсүү болсон байна.
МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ
Нийгмийн сүлжээний нөлөөлөгч бол олон нийтийн адилсах, даган дуурайх сэтгэл зүйтэй холбоотой. Хүн өсөхөөс өтлөх хүртлээ ямар нэг байдлаар бусдыг даган дуурайдаг. Тэгэхээр нийгмийн сүлжээнд хэн нэгэн олон дагагчтай болж байгаа нь харилцаанд байдаг л зүйл. Гэхдээ инфлюенсер бол аялал, хоол, хувцас хунар, гоо сайхан зэргийн хүрээнд л баймаар зүйл. Улс төрийн хүрээнд нөлөөлөгч гэж баймааргүй байгаа юм. Редакцууд өөрсдийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлоготой байх ёстой. Энэ нь хэвлэл мэдээллийн ялгарах гол зүйл нь. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар нэг үзэл санаатай байх хэрэгтэй. Тэр өнцөг, байр сууринаасаа ямар нэг асуудлыг олон нийтэд хүргэдэг. Сэтгүүл зүйн гол үүрэг асуудлыг гаргаж тавих. Шийдэх биш. Шийдэл нь олон нийт. Нөлөөлөгч гэдэг бол олон дагагч, олон шүтэн бишрэгчтэй бие даасан бизнес гэж би хараад байгаа юм. Тэгэхээр сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ хоёр бол мөн чанараараа ч ялгаатай. Харамсалтай нь, манайд нийгмийн сүлжээг сэтгүүл зүйгээс дээгүүрт үзэх үзэл төрд байна. Сайд, дарга нар нийгмийн сүлжээнд гоё гарвал өөрсдийгөө сайн, мундаг байна гэж боддог болчихсон. Энэ бол зүгээр л харагдах өнгө. Тэгэхээр манай төрийнхөн өөрөө өөрийгөө хуураад байгаа юм.

Үнэн байх шуурхай хүргэх хоёрыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, медиа аналист Ц.Тамир
Хурдан, шуурхай, шинэлэг байх нь сэтгүүл зүйн нэгдүгээр үүрэг биш юм байна. 2010-2020 он хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хурдаар өрсөлдөж байсан. Харин цар тахлын үеэр мэдээллийг хурдан хүргэх нь хамгийн чухал асуудал биш гэдгийг ойлгосон. Улмаар дэлхий нийтээрээ сошиал медиа биш юм байна, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал гэдгийг олж харсан. Хурд биш чанарыг нэгдүгээрт тавьж байна. Үүний улмаас олон улсад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн алтан үе сэргэж эхэлж байгаа. Манайд харин нийгмийн сүлжээ ноёрхсон хэвээр л байна. Гэхдээ бид ч хурд чухал биш гэдгийг ойлгож эхэлж л байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ялгарал нь хурд бус чанар, тэнцвэр гэдэг тал руугаа явчихвал зүгээр.
МУИС-ийн ШУС-ийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ
Саяхныг болтол шуурхай байх нь хэвлэл мэдээллийн зах зээлийн өрсөлдөөний гол бай байлаа. Өнөөдрийн мэдээллийн хурд эгшин зуурын буюу секундээр хэмжигдэхээр байна. Хүмүүс манайд эрэн сурвалжлах сэтгүүл зүй их чухал байна гэж яриад байгаа. Би эсрэгээр нь хэлмээр санагддаг. Бидэнд эрэн сурвалжлах сэтгүүл зүй бус эргэцүүлж боддог аналитик сэтгүүл зүй хэрэгтэй байна. Тиймээс бид аль болох аналитик, ёс зүй, ёс суртахуунтай, үнэн бодит зүйл рүү тэмүүлдэг, мэргэжлээрээ бахархдаг сэтгүүлчдийг бэлтгэхийг зорьж байна. Сэтгүүлч хүн баян байдаггүй. Сэтгүүлч болох гэж байгаа хүн ч тэрийгээ мэддэг. Гол нь хүсэл тэмүүлэл, итгэл, мэргэжлийн бахархал, үнэт зүйл нь тухайн хүнийг авч явдаг.

https://eagle.mn/r/YohG7m3V0QHскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn