Хөрөнгө хураах хууль баталбал Ардын намынхан “шалдан” үлдэх үү…

11

УИХ-аар Хөрөнгө хураах тухай хууль баталбал  эрх баригч намын эрхтэн дархтнууд шалдан үлдэх эрсдэлтэй тул хойшлуулсаар байгаа гэх хардлага газар авч эхлэв.
Ямартай ч УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй дотоод хэргийн сайдын албанаас буухынхаа өмнө Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдэлгүй өнөөдрийг хүргэсэн.  Хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 530 гаруй хонож байна” гэж мэдэгдсэн.
Энэ хооронд иргэн Б.Болдбаатар хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноох тухай нийтийн өргөдлийг d.parliament.mn сайтад байршуулсан нь 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан.
Товчдоо УИХ хууль бусаар хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийн төслийг батлахгүй бол 2028 оны сонгууль хатуухан буухаар байгаа юм. Харин энэхүү төслийг батлахад Ардын намын албан тушаалтнууд дотор шалдан үлдэх нь олон тул  хуулийн төслийг сайжруулах нэрийн дор Засгийн газар төслийг өргөн мэдүүлэхгүй цаг алдаж байна гэж үзэх хүн ч олон байна.
Уг нь УИХ-ын дарга С.Бямбацогт “Засгийн газар Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслөө өргөн барихгүй бол УИХ-ын гишүүд өргөн барих хэрэгтэй" гэж өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Энэ үгэндээ спикер эзэн болбол Засгийн газрыг харалгүй хуулийн төслөө хэлэлцэх бүрэн боломжтой гэж олон нийт бас үзэж байна. Гол нь УИХ-аар хууль баталсан тохиолдолд шалдан үлдэх албан тушаалтан олон тул хөрөнгөө хураалгаж хувхай сууснаас гүрийх нь дээр гэх сонголт хийж болзошгүй аж.

https://news.mn/r/2899398/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn