"Монгол болон Киргизстанаас өөр оронд энгийн АИ-92 автобензин хэрэглэдэггүй"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр /2026.11.16/ сэтгүүлчдэд АИ-92 автобензиний нийлүүлэлт, хангамжийн талаар мэдээлэл өглөө.
-Шатахууны үнийг тогтвортой барих асуудлыг судалж байна. Тодорхой хугацаанд шатахууны нөөц бүрдүүлэх боломж хэр байгааг мөн судалж байгаа. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, шатахууны нөөц бүрдүүлэх, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ онд Засгийн газрын татаастай зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахууны нөөцийн сав барьж эхэлсэн. Эхнээсээ нөөцийн савууд ашиглалтад орж байгаа. Өнөөдрийн байдлаар “Шинэ эрэн” ХХК-ийн 16 м2 багтаамжтай сав ашиглалтад орж байна. Өнгөрсөн хугацаанд 19 аж ахуйн нэгж арилжааны банкуудаас авсан зээлийн хүрээнд шатахууны нөөцийн сав барьж, ашиглалтад оруулаад байна. Харин ирэх оны хавар буюу гурав, дөрөвдүгээр сард нийт нөөцийн савыг ашиглалтад оруулж дуусгахаар тооцоолж байгаа. Мөн 2027 оны улсын төсөвт нөөцийн сав байгуулах ажлыг тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.
Үндсэндээ, 2028 он гэхэд Монгол Улс 300 гаруй м3 шатахуун нөөцлөх багтаамжтай савтай болохоор ажиллаж байна. Ингэснээр гурваас дөрвөн сарын хэрэглээний шатахууны нөөц бүрдүүлэх юм.
Эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгохын зэрэгцээ шатахууны үнийг бууруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас, Монгол Улсад хэрэглэж буй газрын тосны бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлдэг АИ-92 автобензиний чанарын асуудалд анхаарч байна. Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар энгийн АИ-92 автобензиний хэрэглээтэй холбоотой шийдвэр гарсан байдаг. Учир нь энгийн АИ-92 автобензин нь К2 стандартын дагуу хүхрийн агууламж нь 5000 ppm байдаг. Тиймээс Евро-5 стандартын шаардлага хангасан шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Одоогоор шийдвэр бүрэн эцэслэн гараагүй байна. Энгийн АИ-92 автобензин нь урт хугацаандаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна нийслэлийн агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улс болон Киргизстан улсаас өөр оронд энгийн АИ-92 автобензин хэрэглэдэггүй.
Үүнээс харахад урт хугацаандаа энгийн АИ-92 автобензиний хэрэглээнээс татгалзах нь зүйтэй.
Өнөөдрийн байдлаар К2 стандартын шаардлага хангасан бензинийг ОХУ-аас импортлон хэрэглэж байгаа бөгөөд үнийн хувьд Евро-5 стандартын шатахуунтай харьцуулахад ихээхэн зөрүүтэй байна. Тиймээс Евро-5 болон энгийн АИ-92 автобензиний үнийн зөрүүг ойртуулах арга хэмжээ авахгүй бол Евро-5 буюу К5 стандартын бензиний хэрэглээг түлхүү нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна.