Г.Дамдинням: Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ буулгах болсон талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргасан.
Бид нийт шатахууныхаа 20-30 орчим хувийг евро-5, бусад нь евро-2 төрлөөр авч байгаа. Өнгөрсөн 7, 8, 9, 10 дугаар саруудад шатахууны хангалт маш бага байсан. Харин арваннэгдүгээр сарын захиалгаас харахад харьцангуй гайгүй байна. Энэ хэвээр үргэлжлэх байх.
Аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулж 7 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож, нөөц бүрдүүлэх чиглэлээр санхүүжилт гаргана. Энэ санхүүжилтийн механизм болон бусад эх үүсвэрүүдээр богино хугацааны арга хэмжээнүүдийг авч байгаа.
Дэлхийн зах зээл дээр ирэх саруудад шатахууны үнэ буурна гэдэг хүлээлт байгаа. Энэ бууралт манайд ч нөлөөлөх ёстой. Тиймээс бид шатахууны үнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Татаасын хувьд НӨАТ-ын баримтаас шууд хамаарна. Хилээр оруулж ирж байгаа бүх шатахуунд гаалийн бүрдүүлэлт хийгээд, цаанаа төлсөн, энд төлсөн татвартайгаа баталгаажсан байдаг. Түүнийг нь НӨАТ-ын бүртгэлийн системд хянаад нэгдсэн тоо гаргаж, манай яам руу хүргүүлснийг нь бид шийдвэрлээд явна. Тухайн сард хэд орж ирнэ түүнээс нь хамаарна гэсэн үг.
Шатахууны үнийн бууралтыг он дуустал цаашлаад 1-3 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэв.