Байшин шатаж, дөрвөн иргэн амиа алджээ
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд өнгөрсөн шөнө байшин шатаж, дөрвөн хүн амиа алджээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 04:12 цагт очиход иргэн Д-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
-Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
-Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
-Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
-Гараж, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
-Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
-Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
-Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх
Эх сурвалж: ОБЕГ