Өш зангидсан “өвөө” бие даагчдыг улс төрд дахиж алхуулмааргүй байна

480
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгддөггүйг мэддэггүй нөхөд улс төрд байдаг гэхэд даанч итгэмээргүй.
Сүүлийн үед энд ч бие даана, тэнд ч халз өрсөлдөнө гэх намдаа гомдчихсон, настайвтар нөхдийн сүржин мэдэгдлүүд хаа сайгүй гарах болсон. Энэ удаагийн сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ. АН, МАН хоёр “мода”-наас гарав уу, эсвэл идсэн уусан нь илэрмэгц намаасаа хөөчихсөнд өш санаж, эргэн ирж байгаа хэрэг үү, улс төрд өнө удсан тэд одоо л намын “мөөм”-нөөс гарч биеэ даахуйц болж, гар нь ганзганд хүрэв үү, бүр эсвэл угаасаа л улс төрд байх нь хувь тавилан минь гээд итгэчихсэн явна уу,бүү мэд. Ямартай ч намын далбаанд намирч байхдаа улсаа хөгжүүлээгүй ТЭД нас дээр гарсан хойноо бие даагаад улсаа хөгжүүлнэ гэдэг юу л бол.  Жишээ нь, цагдаа, шүүхэд ээрэгдэж дуусаагүй яваа “цагаан үст” Э.Бат-үүл гуай бие дааж нэр дэвшинэ гэнэ. Ардчиллын алтан хараацайгаас “хэрээ” болтлоо улс төрийн тогоон дээгүүр эргэлдсэн түүнд ирэх дөрвөн жилд хийх ажил мундахгүй их байгаа аж. Тэр тусмаа “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байх аа” хэмээн өөрийн цахим хаягаараа мэдэгдээд байгаа.

Тэр Ардчилсан намыг анх байгуулалцаж, анхны даргаар нь ажиллаж, улмаар 1996, 2004, 2008 оны сонгуулиудад УИХ-ын гишүүнээр сонгогдон төр түшилцсэн. Түүнчлэн 2012 оны НИТХ-ын сонгуулиар Ардчилсан намд ялалт авчирч, 2012-2016 онд Хотын даргын алба хашиж байв. Ардчиллын төлөө улс төрд яах аргагүй 30 жил зүтгэжээ. Ямар сайндаа л АН-ынхаа ойгоор Улсын баатар цолоор шагнуулж байх вэ. Гэхдээ л өнгөрсөн хугацаанд улс төрд түүний гай, гавьяа хоёр багадаагүй.  Гэхдээ түүний цахим хуудастаа “Ардчиллын дайснуудтай тэмцэнэ, Зи-тэй халз өрсөлдөнө” хэмээн нийтэлснээс харахаар тэр УИХ-ын сонгуульд өрсөлдөж, улсаа хөгжүүлэх гээд байна уу, улс төрийн өшөө авах гээд байна уу гэдэг нь маш эргэлзээтэй.

Намдаа гомдогсдын цувааны эхэнд АН-ын тав дахь дарга асан “хонгил” Н.Алтанхуяг тууж яваа харагдана. Н.Алтанхуяг энэ удаагийн сонгуульд “Шударга бусын хонгилыг нураана” гэсэн уриатай бие даахаар болсноо мэдэгдээд буй.   Ер нь ч “шударга бусын хонгил” гэх нэршлийг улс төрийн товч тайлбар толинд оруулж ирсэн, тэр хонгилыг нураах ганц хүн гэж өөрийгөө өргөмжилж, имижээ болгож ирснийг нь ард иргэд мартаагүй биз ээ.  Ганцхүү намын дарга байхдаа ч, ерөнхий сайд байхдаа ч нурааж чадаагүй хонгилоо бие даан нэр дэвшээд ирэх дөрвөн жилд нураах юм гэнэ.  Түүний хувьд Э.Бат-Үүлээс ялгаагүй улс төрийн тогоонд 1996 онд орж ирсэн, “ахимаг” ангилалын дээгүүрт жагсах хүн. 1998 онд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайд байсан. 2008 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн Шадар сайдаар ажилласан. Ардчилсан намд амь хайргүй зүтгэснийхээ хүчинд тэр зөөлөн суудал бүрт тухалж явсан ч одоо бие даагч болчихсон, залуучуудтай хамт зайдан морь унаад давхиж явах гэж.

Ардчилсан намын угшилтай бас нэгэн бие даагчийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Оюутолгой, Дубайн гэрээ, Оффшор гээд улс төрийн бүхий л том хэрэгт нэр холбогдон шалгагдаж, Оюутолгойн гэрээгээр ном хүртэл бичсэн С.Баярцогт энэ удаагийн сонгуульд мөн бие дааж буй. Оффшорын хэргээр АН-аас хувь заяагаа салгасан тэрбээр залуухан харагддаг давуу талтай ч улс төрд бол ахимагтаа орно.  1996 оноос хойш УИХ-д дөрвөн удаа гишүүнээр сонгогдож, Сангийн сайд, УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга хүртэл хийж, албан тушаалын тэнгэрт тэтгэгдчихсэн явсан үе түүнд бий. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гал тогоог барьж байх үедээ Дубайн гэрээнд гар бие оролцсон хэрэг нь түүнийг АТГ-тай “анд нөхөр” болтол нь нөхөрлүүлж буй.  Улмаар 2016 оны сонгуульд “мултарсан” нь түүний карьерийг төгссөн гэх ойлголтыг олон нийтэд нэг мөр өгчихсөн. Харин энэ удаад дахиад нэр дэвшихээр болжээ.

Энэ мэтээр улс төрд 26-30 жил болсон ч гавьяанаасаа илүү гай үлдээсэн нөхөд бие даагчийн дүрээр эргэн ирэхээр зэхэж байна. Гэхдээ ТЭД нэг зүйлийг ойлгохгүй байх шиг. Эхэнд хэлсэнчлэн нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгддөггүй. Товчхондоо намын өмнөөс 30 жил улс төрд ажилласан ч улсаа хөгжүүлээгүй тэд бие даагчаар сонгогдоод ч улсаа хөгжүүлэхгүй гэдгийг сонгогчид мэдэж байгаа. Үүнийг л тэд ойлгохгүй байна.  Эгэл энгийний туйл болсон, эх орны хөгжлийн шийдэл нүдэнд нь харагдчихсан хүмүүс мэт жүжиглэж байхаар нэг мөр тэтгэвэртээ суучиж болдоггүй юм уу, Ардчиллын алтан хараацай нараа.

Б.Цогтбаяр 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn