Энэтхэгийн нийслэлийн захиргаа архинд 70 хувийн “корона татвар” оноож эхэллээ

510
Удаан хугацаанд хорио цээрийн дэглэмд байсан Энэтхэг улс өчигдрөөс эхлэн зарим хоригоо сулруулж эхэлжээ. Даваа гарагаас эхлэн тус улсын нийслэл Шинэ Дели хотод архины дэлгүүрүүд нээгдэж, согтууруулах ундаагаар цангасан энэтхэгчүүд урт дараалал үүсгэн үйлчлүүлэх болсон байна.
Цагдаа нар өчигдөр орой дэлгүүрүүдийн гадаа цугларсан олон зуун иргэдийг зохицуулахын тулд бороохой хэрэглэжээ. Коронавирусийн халдварын эрсдэл өндөр хэвээр байгаагаас олон хүн нэг дор бөөгнөрөхийг эрх баригчид хориглож байгаа.
Тиймээс архины дэлгүүрт олон хүн цугларах үзэгдлийг арилгахын тулд Шинэ Дели хотын захиргаа өнөөдрөөс эхлэн согтууруулах ундаанд 70 хувийн татвар оноожээ. Энэхүү онцгой албан татварыг “корона татвар” гэж албан бусаар нэрлэж байна.
Үүнээс гадна Энэтхэгийн засгийн газар хилийн чанадад гацсан олон зуун мянган иргэнээ татаж авах агаарын болон далайн тээврийн нүсэр ажиллагаа эхлүүлэх гэж байгааг өнөөдөр зарлажээ. Өнөөдөр хоёр усан онгоц Мальдив арал руу илгээсэн бол нэг усан онгоц Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) руу илгээсэн тухай Энэтхэгийн батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна.
Персийн булангийн АНЭУ-д нийт 3.3 сая энэтхэг хүн оршин суудаг нь тус улсын хүн амын 30 орчим хувийг бүрдүүлдэг ажээ. Дубайд суугаа Энэтхэгийн консулын мэдээлснээр нийт 200,000 орчим хүн эх орондоо буцах хүсэлт гаргасан гэнэ. Олон улсын агаарын тээвэр зогсохоос өмнө тус улс Хятад, Япон, Иран, Италиас 2,500 орчим иргэнээ татаж авсан юм. 

Э.Сэмүүн 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn