Хөлдөж үхэхгүйн тулд цаасан хайрцгаар хагас бүлээцсэн гэр хорооллын айлаас...

309


 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН Б.О: Өглөө босоход савтай ус, данхтай цай тас хөлдчихсөн байдаг

        Улаанбаатар хотын гэр хорооллынхны дунд гялгар цаас, өндөгний хайрцаг, сонин, сэтгүүл, модны төрлийн хогоор бүлээцдэг олон айл бий. Зарим нь шахмал түлш авах мөнгөгүй болохоороо даарсандаа хашаагаа түлдэг гэхчилэн тэдний зовлон бишгүй их. Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжилах баг хасах 30-40 хэмийн хүйтэнд Улаанбаатар хотын төвөөс алслагдсан гэр хорооллын айлууд түлшээ хэрхэн бэлддэг, юу түлж, дулаацаж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог зорьсон юм.  
 17:30 цаг. Бидний эхний очсон газар бол эмнэлэг, галын машин ч олж очихооргүй “задгай” хэмээн нэрлэгддэг хаягжилтгүй айл П.Одгэрэлийнх байлаа. Тэднийх  хашаагүй мөртлөө айлын газар түрээсэлж амьдардаг. 2011 онд түүний хань бурхан болж, түүнээс хойш ганцаараа амьдарч байгаа нэгэн. Тэр 10-аад жил Цагаан давааны хогийн цэгээс унааны сав, шил болон дахин боловсруулах боломжтой хаягдал түүж, хоолоо залгуулдаг. Тэрбээр “Ойрын өдрүүдэд хүйтэн хонож байгаа нь эрс мэдэгдэж байна. Манайх дулаалаагүй болохоор гал унтрахаар л хүйтэн орчихдог юм. Хашаа байхгүй уулын энгэр дээр болохоор илүү хүйтэн хонодог. Хавар, намартаа Цагаан давааны хогийн цэгээс мод, хавтан,  хулдаас, цаас  олоод түлчихдэг юм. Харин заримдаа мөнгөний бололцоогоороо авсан хоёр шуудай нүүрсээ гамнаад түлж чадахгүй юм. Манайх түлшний цэгээс хол болохоор Цагаан давааны хогийн цэгээс ойр зуурын юм авчираад галдаа хийчих нь амар байдаг. Идэр есийн хүйтэн эхэлчихсэн болохоор хөлдүү гэрт өглөө босох  ч халгамаар. Гэхдээ бараг сурчихсан байна даа. Босож цай халааж уучихаад өдөржин Цагаан даваан дээр өнжинө шүү дээ. Заримдаа мод худалдаж авдаг. Гэхдээ худалдааны модонд барилгын элчгүй мод байдаг болохоор урамгүй.  Манай баруун талын замаар мод ачсан том оврын автомашин явдаг. Зам дагуу унасан мод түүгээд зарим өдөр болгочихдог юм” гээд галлахаар бэлдэв.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭН: МАНАЙХ ХАР ЦААС, ДУГУЙ ТҮЛЖ БАЙСАН

      Харин бидний очсон дараагийн айл бол Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Х.Батболдынх. Хүүхдүүд нь цамцныхаа малгайг өмсчихсөн галаа тойроод зогсох аж. Тэднийх хоёр цагийн өмнө гал түлсэн болохоор яндан, зуухных таг  бүлээхэн байлаа. Гэрийн эзэн ажилдаа яваад эзэнгүй байв. Харин эхнэр нь гурван хүүхдээ дааруулгүйн тулд нөхрийнхөө авчирсан түлшийг тааруулж түлэхээс өөр аргагүй гэнэ. Тэрбээр “Манайх түлшний цэгээс хол учир нялх хүүхдүүдээ орхиод гэрээс гарч чаддаггүй юм. Шахмал түлш  байнга түлэхгүй бол хүүхдүүд минь даараад байх юм. Мод болохоор ноцоод л дуусна, ямар ч илчгүй шүү дээ.  Манайх дөрвөн хүүхэдтэй, бага нь сарын дараа  нэг нас хүрнэ. Манайх өмнө нь хашааны банз, хар цаас, дугуй түлж байсан. Гэхдээ  хар утаа саагьж, муухай үнэртдэг. Нялх хүүхдүүдтэй болохоор түлэхгүй байхыг хичээдэг. Хань минь ажлаасаа ирээд буцаж усны тэрэг түрээд түлшиндээ явах байх. Түүнийг ирэхийг хүлээгээд л сууж байна” хэмээсэн юм. Тэднийх Улаанбаатарт нүүж ирээд таван жил болж байгаа аж.

ИРГЭН Ц: ШӨНӨ ИРЭХЭД ХЭЧНЭЭН ХОНОГ ГАЛЛААГҮЙ ЮМ ШИГ ГЭРТ ХҮЙТЭН ОРЧИХСОН БАЙДАГ

    18:20 цаг. Гэр бүлээрээ Цагаан давааны хогийн цэгээс ундааны сав, лааз, архины шил түүгээд таван жил болж байгаа Цэдэвсүрэнгийнхийг галлаж байхад очлоо. Тэд хогийн цэгээсээ гэртээ ирээд, галлаж байв. Тэдний түлш бол ердөө шахмал хавтан, мод гэнэ. Өвлийн цагт шахмал түлш хэрэглэж үзээгүй гэх. Олж ирсэн хавтан, модоо түлштэй холихгүй бол гал болдоггүй биз дээ гэхэд “Шахмал хавтан ноцох нь удаан ч энгийн модыг бодоход элчтэй санагддаг. Бид өдөрчин хогийн цэг дээр ажиллаж байгаад гэртээ ирэх болгондоо шуудай хавтан авчирч түлдэг юм. Заримдаа барилгын хог буухгүй бол мод олдохгүй хэцүү. Бид хоёр гоймонтой шөл буцалгаж идчихээд буцаж гарна. 10:00 цагаас хог буудаг юм. Толгойндоо чийдэн зүүжчихээд л шөнөөр хүртэл ажилладаг. Дөрвөн ханатай гэр болохоор амархан дулаацаж, хөрдөг. Шөнө ирэхэд хэдэн өдөр галлаагүй юм шиг хүйтэн орчихсон байдаг. Нялх хүүхэдгүй тулдаа амьдарч байна. Бид өдөрт 60-70 мянган төгрөг олдог. Зундаа арай нэмэгдэнэ” гэв.  
ИРГЭН: ГАЛЛАХГҮЙ ХОЁР ЦАГ БОЛОХООР ХҮҮХДҮҮД “ЭЭЖЭЭ ДААРААД БАЙНА” ГЭДЭГ
      18:45 цаг. Бид Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Улаанбаатар хотын зүүн хойд зүгийн хамгийн захын айлыг зорилоо.Тэднийг дөрвөн нялх хүүхэдтэй. Гэрийн эзэн нь Улаанбаатар хотын ТҮК-д ажилладаг. Түүний ажил 06:00 цагт эхлэдэг болохоор тэр 04:00 цагт босож, галлачихаад ажилдаа гардаг гэнэ. Сүүлийн хоёр хоногт түүнийг өглөө босоход нь савтай ус, данхтай цай нь хөлдчихсөн байсан гэв. Харин түүний эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Хоёр цагийн зайтай галлахгүй бол гэрт нь хүйтэн орж, хүүхдүүд нь “Ээжээ, дараад байна” гээд л тохитой сууж чаддагүй гэнэ. Олон нялх хүүхэдтэй болохоор тэднийгээ дааруулж, ханиад хүргэхгүй гэсэндээ гэртээ хүйтэн оруулахгүйн тулд ойрхон давтамжтай галладаг тухай тэд ярьсан юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ТҮЛШ БОРЛУУЛАГЧ: КАРТГҮЙ ИРГЭД ШӨНИЙН ЦАГААР “ТҮЛШ ЗЭЭЛЭЭЧ” ГЭЭД ИРДЭГ

     17:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Түлш борлуулах цэгийн хашаанд түлш элбэг, хэд давхарлаад өрчихсөн байв. Жижиг автомашинтай иргэн тэдний хашаанд шууд орж ирээд долоо хоногийн түлшээ ачаад явлаа. Нэг айлд долоо хоногт зургаан шуудай түлш өгөх нормтой гэнэ. Нэг шуудай шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй байдаг аж. Иргэд ихэвчлэн тооцоо шилжүүлчихдэг болохоор түлшээ автомашинтай нэг нь автомашиндаа усны тэрэгтэй нь тэрэгтээ түрээд явдаг аж. Тэднийг энэ жил шахмал түлш борлуулж байгаа гэнэ. Өнгөрсөн зун шахмал түлш зардаг байсан айлын хашаа байшинг худалдан авч, бизнесийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Түлш борлуулагчаас иргэдийн худалдан авалт ямар байгаа тодруулахад “Намар гүйлгээ муу байсан. Харин сүүлийн долоо хоногоос түлшний гүйлгээ сайн байна. Түлш авах картгүй иргэд ганц хоёр шуудайг зээлээч гээд шөнө болсон хойно ирдэг. Тэгэхээр нь өөрийнхөө түлэх ёстой байснаас илүүчилэхийг боддог. Өчигдөр манайд 10 тонн шахмал түлш буусан. Өнөөдөр таван тонн бууна. Одоогийн байдлаар иргэд түлшний талаар гомдол, санал гаргаагүй байгаа” гэсэн юм.
      Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн даваа гарагт хүүхдүүдийн хичээл цахимаар орсон. Гэвч өвлийн хүйтэнд галдаа хийх түлээ, түлшгүй айл хотын захаар хэчнээн байдаг билээ дээ. Хасах 40 хэмийн хүйтэнд нялх хүүхдүүдээ галгүй үлдээчихээд архидаад явдчихдаг аав, ээж ч олон. Хэдийгээр гадуур хувцсаа өмссөн ч гэртээ чичирээд суудаг хүүхдүүд гал алдахгүйн тулд олдсон цаасаа түлж, зарим нь юу түлэх билээ гэж хайж, галдаа хийх юухан олсондоо баярлаж суудаг. Түлэх түлшгүй, хоосон яс, нохойн хоолоор өл залгадаг монголчуудын амьдрал идэр есийн хүйтэнд бүр ч чангарч байна даа.

https://ergelt.mn/news/125/single/27837
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn