Ямар их хонзонтой нийгэм бэ?

514

-Хорсол тээж явдаг хүн ямар олон болчихоо вэ?
Би нийтлэлч хүн. Сэтгүүлч мэргэжилгүй ч нийтлэл бичих хоббитой, хоббиндоо хөтлөгдөөд бичсээр өнөө хүрсэн. Бараг 40 жил бичиж байна. Монголчуудын сайн танил baabar.mn сайтад өөрийн гэсэн нэрээр хуудас (http://baabar.mn/author/bayarkhuu) нээгээд 10 жилийг үдлээ. Эхэндээ сэтгэгдлийг тоодоггүй байлаа. 2014 оноос хаачихсан. Сэтгэгдлийн ихэнхи нь дан хараал зүхэл, үзэн ядах, унтраах, гутаах агуулгатай. Хоёр туйл. Цөөнхи хэсэг нь намайг магтах, өмгөөлөх, олонхи нь зүхэх. Эх орноос минь хөөсөн туусан, зайлаач, үхээч хатаач гэсэн үгс мөн ч олон явна лээ. Өмнөд хөрш түнш улс үндэстнийг гутаан доромжилсон үгс бол захаас аван. Одоо sonin.mn сайтад сэтгэгдэл буцалж байна. Миний нэг өгүүлэл зарим үед араасаа 200 хол давсан сэтгэгдэлтэй. 
 
Нэг сэтгэгдэл:–Яагаад монголчууд ийм гонгинуур болсон юм гэвэл дээр суусан луйварчид адилхан хоосон байсан байж ах дүү,амраг садангаараа төрд шургалж хулгай хийж баяжиж эх орноо худалдаж, гадаадын төлөөлөгч урвагч нар болсонд учир нь байгаа юм! Монголчууд уг нь тайван тэвчээртэй шунал тачаал бага өөрийн хэмжээндээ сэтгэл хангалуун амьдардаг бодь сайхан ард түмэн байсан! Тйм ард түмнийг ямар болгосныг цайруулах гэж битгий балай юм бич ээ! Чи өөрийгөө судлаач, дипломатч гээд л өргөмжилдөг,үнэхээр жаахан хоймрын хэмжээнд сэтгэдэг улсын болон ард олныхоо буянг буруу эдэлсэн нохой байна дөө! Цаашид өөрөөс чинь өөдтэй юм гарахгүй, тулга тойрсон юм л бичиж шалчигнах юм байна! Одоо нэрээ хугалахаасаа өмнө бичихээ больчих, за юу! Үгэнд ороорой, үгүй бол... гэжээ.
Ямар дүгнэлт хийв? Намайг ална гэсэн заналхийллийг би тоохгүй. Тоймоо алдсан. Харин адилхан ядуу байсан байж чи төрд шургалаад баяжчихлаа гэсэн атаархал нялхийтэл явж байгааг анхаарна уу. Монголчуудын уур хилэн, заналхийллийн цаад уг сурвалж нь хөрөнгө мөнгөний атаархал!
Ажаад байвал сэтгэгдэл бичигчид ихэнхдээ тун их завтай, цагаа нөхцөөж ядсан нөхөд байх шиг. Өөрөө арчаагүй, эцэг эх нь арчаагүй, амьдралд бэлтгээгүйгээс амьдрал нь зовлон болчихсон, тэдэнд хоргодох зүйл гэж үгүй нөхөд бүр их хорсоно. Ам л ангайвал ална, тална, дүүжилнэ! 
Бэрхшээл байхгүй бол боломж ч бас олдохгүй гэх мэргэн үг буй. Бэрхшээл туулж байж түүнийг ялж цаана нь гарна. Энэ утгаар хувь тавилангаа бид өөрсдийн гарт атгаж байдаг. Буурь суурьтай амьдрах зам сонгох, амьдралаа дэмий юманд үрэхгүй байх гэдгийг монголчууд ойлгохгүй явсаар өтөлдөг. Өтөлсөн хойноо бөөн хонзон.
Бусад үндэстэнд байдаг л байх, манайханд бол ямагт доозоо хэтрүүлж байдаг хар, хардлага, хардалт гэж лут юм байнаа. Үндэслэл, хуулийн дүгнэлт энэ тэргүйгээр л санасан бодсоноороо, сургаар, тэгсэн байхаас гарцаагүй гэсэн таамгаас хардаж эхэлнэ. Нэг хардчихлаараа больж өгнө гэж байхгүй, бух шиг зүтгэчихнэ. Амьдрал нь тааруухан яваа, өөрөө (ихэнхдээ өөрөөсөө болоод) гундуу яваа бол өөрөөсөө илүү дээр бүх хүнийг хардана. Энэ хардлага нь дотроос нь өтүүлээд үзэн ядалт болж хувирна. Тэр цагт цус ёрлоно. Ходоодны хүнд өвчтэй МУГЖ Алтан-Өлзий гэдэг хүн хутга барьж гараад хэд хэдэн хүнийг хутгалаад алчих юмсан хэмээн зурагтаар Го Бадарчтай ярьж байсныг нийтэд харуулсан. Тэрээр урлагийн тайз, дэлгэцэнд алдаршиж явахдаа бор дарсанд хэт ороод архидсаар амьдралаа сүйтгээд гэр хороололд тун тааруухан амьдарч явахад буянтай хэсэг нөхөд гэрийг нь өөд татаж, нус нулимсыг нь үзэж буй тухай нэвтрүүлэг ч гарсан. Гол шалтгаан нь архинд толгойгоо мэдүүлж сагаж сагсуурч яваад хэн ч биш болчихсон, өвчний онош гарангуут үхлийг ёрлоод үхэл рүүгээ хэд хэдэн хүн хамт авч явах дон шүглэчихсэн. Хэн буруутай, хэн зөвтэйг ялга даа! 
Хараал зүхэл хийгчдэд зориулсан бас нэг асуулт байна. Энэ сайхан нутагтаа бид яагаад зовж байдаг юм? Яагаад, хэн ч албадаагүй байхад зэрлэг араатан болж хувирцгаав? Золгүй муу хувь заяа чинь чамайг тийм амьтан болгож орхисон уу? Хүсэн хүлээсэн үхлийнхээ амтыг авсан юм шиг юунд цусны хийрхэл цахимаар дэвэргэнэ вэ? Эдгээр асуултад буруутныг тэр гээд хариул даа. Заавал Элбэгдорж, Баяр, Энхсайхан, Сайханбилэг .... нарыг алуулж (“Бузартай Элбэгдорж”-ийг сэтгэгдэлд их бичжээ. Жигшин занах хийрхэл ид дэвэрч байна) байж Та нар сайхан амьдрах тавилантай юу? Бас хариулаарай
Үүнийг ойлгохгүй, ойлгосон ч хэрэгсэхгүй олон монгол хүн гашуун амьдралаа эцэс болгохын тулд үзэн ядалтын шуурга дэгдээх ёстой гэх мухар сүсэгт автсан мэт. Стрессийн гормон (кортизол) хамаг эрүүл мэндийг нь идээд сүйтгээд дууслаа! Бүр дорой нь ийм байдаг бол ажил амьдралтай нь “Хэн дээр байна, түүний эсрэг” гэсэн лоозонд ховсдуулчихсан мэт. Нэр төр гайгүй, өөрөөс нь илүү яваа, сэхээтэн, гэгээлэг (алдартай) бол зуурч аваад үзчих нь тэр. Гүтгэнэ. Гүтгэлэгт нь хариу барихын тулд цаад нөхрийг болон байгууллагыг нь дурдах (тэндхийн тэр гэж) болноо доо. Үгүй тэгээд нэг дурдаад, цаад нөхрийн нэрийг гаргаад өгөөсэй. Хүсэн хүлээх агшин нь ердөө л тэр. “Намайг тэгж дурдаад, миний талаар тэгээд хариу биччихэж”  гэвэл тэнгэрийн умдаг атгана. Аяндаа алдаршчихна гэсэн бат итгэл.
Үзэн ядалт, хонзон гэдэг бол нэг ёсондоо гэмшил юм. Амьдын там туулж яваа хүн олон байна. Түүндээ л харамсдаг бололтой. Үнэн голоосоо гэмшин харамсаж байгаагаа үзэн ядалтаараа илэрхийлээд ч байх шиг. Ардчилал эрх чөлөөгөө эдлээд 30 жил туулахад тэр нөхөр юу ч олж долоогоогүй. Хүнд хэцүүхэн амьдрал зах зээлийн эхэн үед адилхан нийтээр нь дайрсан, овсгоотой нь дээшээ гараад ирсэн, овсгоогүй нь доошоо уруудсан. Эд бол эхэндээ сайн хүмүүс байсан байж магадгүй, одоо бол хүн гэдэг нэр тээж явахад тун хүнд болчихсон. Нэгнийх нь хараадгаар үхэж далд орвол таарах амьтад. Хотууд дахь сүнс царайлсан архичдын их армийг энд нэрлэж байна. Сумын төвийн бөбө нар ч тэдний салаа салбар нь. Шинээр бүртгэгдлээ. Сүнс царайлсан золбин сүрэг иргэдийг бид хэдэн жил цаашид харж гайхаж явахыг УИХ, УБ хотын удирдлага хэлээдэх дээ. 
 
Бас нэг асуулт. Лав хот суурин газарт улс төрийн элдэв ховоор хөөцөлдөх завтай хүн маш их байна. Тэд уйдаж үхэхгүйн тулд бараг бүгдээрээ сошиалд аккаунт нээгээд бичиж эрээчнэ. Өөр хийх ажилгүй. “Сонгогдоогүй” (УИХ-д) мянга мянган хүн байнга хүрээгээ тэлж ирсэн, 2020 оны сонгуулиар ч тэгнэ. Арга ч үгүй. Тийм хүмүүсийг би нэвт харж байна. УИХ-ын сонгуулийн дүн гарч байх өглөө тэд сонгогдож чадаагүйнхээ төлөө хоёр шанааны нь судас бадайран, тархи толгой нь халуу оргин, хоёр хөл нь мэдээ алдран ганхана. Бодох тусам бардам зан нь байж ядталаа хөдлөн атаархан хорсох сэтгэл нь ухаан санааг нь самууруулна. Ингээд УИХ-ын нэг сонгуулиас нэг сонгуулийн хооронд цээжиндээ багтааж чадахгүй болсон асар их уур хилэн, хорсол заналаа шувтан тал тал тийш нь цацна. Монгол маань ийм л улс төртэй болж хувирсан.
“Төрд хулгайч нар байгаа учир бүх юм болохгүй байна” гэсэн итгэл үнэмшил нийгэмд маш хүчтэй түгж байна. Уулзсан, хуучилсан бараг бүх монгол хүн тэгж ярих нь яасан их гаслан бэ? Боловсрол, ёс зүй, ёс суртахуунаа алдсан учраас ардчиллыг дураараа дургиж дунд чимгээрээ жиргэж гараа хамхиад амаа хөдөлгөөд, юм л бол нэхээд санасан бодсоноо гүйцэлдүүлдэг гээд ойлгочихсон. Төр дэх хулгайч нараас нэхэж дарамталдаг амьдралын хэмнэл цаашид хэдэн жил үргэлжлэх бол?
Манай нийгэм, төр, бид ер нь амьдрах арга чадвар байна уу хэмээн хонзон тээгчдээс асуумаар байна. Эсвэл хар залуугаараа (бүр тэнэгээрээ), улайрсан хөөцөлдлөгөөрөө нам дагаж хялбараар амьдрах аргаа олдог, ийм сүрэг хүн МАН, АН-ын дэргэд тойрон хүрээлээд байж байна. Үүнийг зах зээлийн хуулиар юу гэж нэрлэдэг үзэгдэл вэ? Нэр олж өгөх гээд бүр мухардаад эл нийтлэлээрээ асууж байна. 
Өөр нэг өнцгөөс бичье. Ер бишийн ажил үйлсээр оролддог, бүтэхгүй ч гэсэн бүтээх гэдэг нэг хэсэг байна. Тэд тун завгүй. Гар тархи нь дандаа ажилладаг. Хэн нэгэнд атаархах цаг зав, орон зай тэдэнд байхгүй. Үзэн ядах хонзогнох зав тэдэнд алга. Харин тэдэн рүү хандсан атаа жөтөө, мөчөөрхөл тасрахгүй. Хамгийн түрүүн хужаа эрлийз гээд цоллоод авна. Ингэхэд атаа жөтөө гэгч нь монголчуудын генид бат суусан. Өнгөтэй өөдтэй л бол муутгахын түүс. Хэн нэгний хүрсэн үр дүн л атаа жөтөөний мэдрэмж төрүүлдэг. Муутгасаар байгаад өөртэйгөө ойртуулаад авах, адилхан зовогчид болгох ... цаашаа юу гэе дээ?
 
Би эл нийтлэлийн гарчгаа санаандгүй сонгоогүй юм. Сэтгэгдлүүдээс ийм гарчиг оллоо. Ерөөсөө монгол уншигчдад юу бичсэн нь чухал биш, хэн бичсэн нь чухал юм билээ. Агуулгыг нь шүүсэн, шүүмжилсэн, дэмжсэн сэтгэгдэл байх нь байна. Гэвч нэг удаа гүйлгэж уншив уу, үгүй зохиогч руу асаад эхэлдэг нь ганц над дээр мэдрэгдээд байгаа юм биш. Миний найз олон бичигч нар тийм мэдрэмжийг авдаг. Ерөөсөө л үзэн ядаад зүхээд байх нь тэр. Алъя хядъя, дүүжлэе гэсэн уриа ятгалга нэг бус удаа тааралдана. Ална шүү, мэдээтэй яваарай гэсэн заналхийлэл түгээмэл байна. Хүн алахаар заналхийлэх нь хуулийн ялтай гэдгийг хөшигний цаанаас таамгаар бичиж гарын зугаа, сэтгэлийн цэнгэл эдлэх цаад нөхөр мэдэхгүй биш мэднэ. Нүүрээ ил гаргаад ир гэвэл таг чиг болчихно, хулчгар, гэхдээ цахимаар террор хийгч. Ийм цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядалцах гэж? Хүний мууд хэт дурлаад байх шиг. Тун тоогүй, бүр дэндүү харамсмаар! 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn