Сэрэмжлүүлэг: 65 настай иргэн сурагч охиныг чихрээр хуурч, хүчиндэхийг завджээ
Хичээлээ тараад харьж явсан 10 настай сурагч охиныг хуурч, хүчиндэхийг завдсан хэрэг Баянзүрх дүүрэгт өчигдөр гарлаа. Тодруулбал, 65 настай Б гэгч охиныг хууран гэртээ оруулаад хүчиндэхийг завджээ. Азаар, охин зугтаж, тусламж дуудаж амжсан байна.
БЗД-ийн наймдугаар хороонд оршин суух Б гэгч нь охинтой нэг байр бөгөөд охины дуудлагаар Б-ын гэрээс эд мөрийн баримтуудыг хураан авч, саатуулсан байна. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст мөрдөн шалгаж байна.
Энэ мэтээр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүд хоногт 2-5 удаа бүртгэгдэж байна. Хүүхдийг харгалзах хүнгүй байхад нь энэ төрлийн гэмт хэргүүдийг ихэвчлэн тэдний ойр тойрны, хамаатан садан, найз нөхдийн хүрээллийн хүмүүс үйлдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг сургууль цэцэрлэгээс нь насанд хүрсэн хүн авч, хүргэдэг байх, итгэлтэй бус хүмүүсийн дэргэд үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хүчингийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгагдсан байдаг бөгөөд хамгийн өндөр ялтай гэмт хэрэг юм.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.2.бүлэглэж;
2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.8.харгис хэрцгий аргаар;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно.
-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
-"Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл" гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.