“Ядарсан” АН

371
Сонгууль дөхөх тусам улс төрийн хүрээнд эрүү мултлах шахсан цочир үйл явдал их өрнөх бололтой. Өчигдөр Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн, бие даагчдын ганц төлөөлөл С.Жавхлан АН-д элсэж, гэнэтийн “бэлэг” барилаа. Сар хүрэхгүй хугацааны өмнө МАХН-ын нэрээр УИХ-д орж ирсэн О.Баасанхүү гишүүн Ардчилсан намд элсэж, хонь, чоно болж байсан С.Эрдэнэтэйгээ гар барихыг харсан. Хоёр жилийн өмнө л АН-ын дарга С.Эрдэнэ “Ганцаараа хэл амтай нь юм шиг дандаа дарвалзаж байдаг юм. Чамаас нэг их айж ичээд байх юм байхгүй шүү. Чи хэн юм новш минь. Аятайхан байгаарай. Мэдрэл муутай юм уу. Наад мэдрэлээ “Шар хад”-нд үзүүл дуракаа” хэмээн О.Баасанхүү гишүүнийг зад загнаж, нөгөөх нь ч мөчөөгөө өгөхгүй үзэлцэж байв. Гэтэл “Шар хад” руу явуулахаар загнаж байсан хүнээ намдаа аваад, батлахаа гардуулаад, гар бариад зогсож байхыг үзэв. О.Баасанхүүг Орхон аймагт найдвартай ялалт байгуулна гэж тооцоод, нүдээ аниад л авч байгаа юм болов уу даа гэж бодсон. Тэгээд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд О.Баасанхүү шиг их үг хэлж, асуудлыг ярьдаг хүн энэ парламентад лав байхгүй. АН-д байхад болохгүй ч юмгүй “дүр”. Хоёр хүний хоорондын асуудал намд ямар хамаа байхав гэж бодохсонж.
Харин С.Жавхланг авч байгаа нь АН үнэхээр аргаа барж, “ядарсан” гэдгийг харуулав. Ганц ч болов суудал нэмж авчирч байвал хэнийг ч авсан яах вэ гэдэг бодлого баримталж байгаагийн илрэл. Маргааш гэхэд намуудын нэр дэвшигчид эцэслэн тодорно. Тэгэхээр нийтийн дууны “ханхүү” хаана өрсөлдөх нь тодорхой болох биз. Баянзүрх үү, Увс аймаг уу. Эсвэл өөр тойрогт өрсөлдүүлж гэнэтийн бэлэг барих нь уу гэдэг нь сонин. Гол нь АН түүнийг нэг суудал зулгаана гэж тооцсон нь ойлгомжтой. Тэдний тооцоо байгаа оносон уу гэдэг нь эргэлзээтэй. С.Жавхлан улс төрд үнэхээр жулдаж, онигоо болно гэдгээ өнгөрсөн дөрвөн жил харууллаа. 2017 оноос өнөөдрийг хүртэл чуулган таслалтаараа үргэлж дээгүүр байрт “хурдалж”, Б.Наранхүү гишүүнийг гүйцэж түрүүлэх шахсан. Цаадах нь “хурдтай” тулдаа гүйцэгдээгүй байх. Хэдхэн жишээ татахад, 2017 оны намрын чуулганыг 58 цаг тасалсан. Хаврын чуулган 21 өдөр хуралдахаас 11 өдөрт нь тасалсан гэсэн ирцийн мэдээ байна. 2018 онд хаврын чуулган 3 удаа тасалсан байх жишээтэй. Энэ хаврын чуулган 10 гаруй удаа хуралдахад нэг ч суугаагүй, бүгдэд нь өвчтэй байсан гэсэн мэдээлэл ч бий. 
Тасалсан шалтгаанаа “Би чуулган таслаагүй, ажил хаялт зарласан” гэж тайлбарлаж байсан ч удаатай. Хууль батлагдчихаад байхад мэдэхгүй ярьж, парламентын танхимд хөгөө хөлдөө чирж байсан тохиолдол ч түүнийх. Ийм хүнийг АН аваад, ардчиллын үнэт зүйлийн төлөө зүтгэхийг ерөөгөөд байж байх гэж. Өнөөх нь “Цэнхэр тэнгэр шиг Монголоо цэнхэртүүлэх цаг айсуй” ч гэж байх шиг. Эсрэгээрээ хүмүүсийн дургүйг хүргэчихлээ. С.Жавхлан орохоор л цэнхэртчихдэг юм биш. Мань эр 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, ШИНЭ намд нэгдэж байгаагаа зарласан. “Хоёр эрхэм гишүүн надад удаа дараа санал тавьсны дагуу удаан тунгааж бодож, судалсны эцэст нэгдэхээр боллоо. Тулгын гурван чулуу болж, Монголд үнэний галыг бадраахаар зориг шулуудаж, энэ хүмүүстэй хамтарч ажиллахаар нэгдэж орж байгаагаа зарлаж байна” хэмээж байв.
Гэтэл өчигдөр “АН-ын 9 дэх гишүүн болж, бүтэн болгож буйдаа туйлын их баяртай байна. Цэлмэг хөх тэнгэр шиг цэнхэрийн тэнгэрийн орноо “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж буйдаа баяртай байна. Цэнхэр тэнгэрийн орон цэнхэртэх цаг айсуй” хэмээн хэлж, АН-д элслээ. Ийм л хүнийг Ардчилсан нам элсүүлж авлаа. Харамсалтай байна, ядарчээ энэ нам. С.Жавхлангийн оронд ядаж л хуулийн заалт уншчихдаг, төсвийн тоо ялгачихдаг чадвартай залуу дэвшүүлсэн бол зүгээр байсан юм. 
Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Болд гээд томд тооцогдох лидерүүдээ “хөөж” явуулчихаад, оронд нь О.Баасанхүү, С.Жавхлан хоёрыг авах ч гэж. Хүндээ хөнгөнөөс өгөхийн л үлгэр боллоо. Саяхан л АН-ыг газар дор ортол муулж явсан, нам намаас нэр дэвшдэг нэг хүүхнийг авах бололтой сураг дуулдсан. Юутай хайран. Гэхдээ С.Баярцогт, Э.Бат-Үүл тэргүүтнүүдтэйгээ учраа олсон сураг гарсан. Маргааш нэр дэвшигчдийн нэр эцэслэн тодроход, лидерүүд нь оройлоод, чадвартай, мэдлэгтэй шинэ залуус нь түрээд гараад ирвэл болж л байна. Гэхдээ бараандуу байсан өнгө төрхөндөө нэг хоёр хар толбо наагаад, суудал авахын төлөө чичирч байгаа чинь алдаа болох вий дээ. АН арай ч ийм ядарсан улс төрийн хүчин биш юмсан. Шилсэн хүмүүс чинь шалаар нэг ойчих вий дээ. 

Н.Пунцагболд
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn