Буруу гараар орсон баялгаа авч байгаа бол үйлдвэр объектоо ч авах хэрэгтэй

282

Д.Сосорбарамын “АРД” кино театр, Д.Дагвадоржийн “АСА” циркийн хувьчлалын асуудлыг шалгах хэрэгтэй
Төр Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөг, “Эрдэнэт”-ын уулын баяжуулах үйлдвэр, Салхитын мөнгөний орд гэх мэт газруудыг өөртөө буцаан авсан. Үүнийгээ хууль бус хувьчлал, төсөвт нэмэргүй, нийт түмэнд өгөөжгүй, алдагдалтай ажилладаг, хэдхэн хүний хоол болж байгаа гэх мэтээр олон салаа тайлбарладаг. Үүнийг эсэргүүцэж байгаа нэгэн байхад хүлээн зөвшөөрч байгаа нь ч бас цөөнгүй. Стратегийн чухаа ач холбогдолтой үйлдвэр объект газруудыг хувийн хэвшилд өгөөд байх нь буруу байх. Төр өөрийнхөө дансанд байлгаж, ард түмэнд тэгш хүртээх учиртай болов уу. Газрын доорхи баялаг нь бүх ард түмний өмч хэмээн Үндсэн хуульдаа заачихаад хэсэг бүлэг хүмүүсийн хоол болгоод байх нь яавч зохисгүй. Тиймдээ ч стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, орд газруудыг Төр өөртөө буцаан авч байгааг буруушаах аргагүй. Ардчилал, чөлөөт зах зээл, хувийн өмч нэрийн дор улсын үнэ цэнтэй объект үйлдвэр, орд газруудыг сүүлийн гучаад жил хэдхэн гэр бүл, нэг хоёр бүлэглэл эзэмшиж ирсэн нь туйлын үнэн. Зөвхөн “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийг аваад үзье. Тус үйлдвэр нь хувийн хэвшилд очсон 2016 онд 184 тэрбум төгрөг төсөвт оруулж байсан бол төрд эргүүлэн авсан цагаас хойш 2017 онд 580, 2018 онд 655, 2019 онд 961.9 тэрбум төгрөгийн татвар төлж ажиллажээ.
Цар тахлын үед тус үйлдвэр өрх айлын цахилгаан, дулааны мөнгийг төлсөн гээд дурдаад барахгүй эерэг зүйл бий. Зөвхөн энэ жишээнээс харахад стратегийн чухал ач холбогдол бүхий үйлдвэр газруудыг хэдхэн хүний хоол болгох нь дэмий зүйл аж. Хэрвээ “Эрдэнэт” хувийн хэвшилд байсан бол нийт өрхийн цахилгаан, дулааны өрийг төлөхгүй нь ойлгомжтой. Салхитын мөнгөний ордыг хятадуудын гараас авсан даруйд уг ордоос олох орлогыг тооцон төрөөс ахмадуудынхаа тэтгэврийг нэг удаа тэглэлээ. Энэ нь “Нийт ард түмний өмч” гэсэн хуулийнхаа агуулгатай яв цав нийцэж буй хэрэг. Тус үйл явц нь олон нийтийн таалалд ихээхэн нийцэж буй.
Өнгөрөгч 2016 оноос Монголын төр хувьчлалаар гарсан үйлдвэр, объект, орд газар гэх мэт олон зүйлийг “хууль бус” хэмээн шалгаж, өөртөө авч эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Тодотговол МАН төрийн эрхэнд гараад хийж хэрэгжүүлсэн эхэлсэн томоохон ажиллагаа гэхэд болно. Үнэхээр хувьчлалд оролцсон өмчлөгчид хууль бус замаар авсан бол Төр өөртөө авахаас эхлээд ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Харин төр ямар нэг аргаар өөрийн болгож байгаа бол буруу гэж хэлэх байна. Шил шилээ дарсан энэ ажиллагааг “Дээрэм тонуул” хэмээн үзэж байгаа бол албаныхан шүүхийн шийдвэр танилцуулж байгаа учраас яах ч арга алга. Олон жилийн өмнөөс хөрс сууриа тавьсан энэхүү ажиллагааг 2019 оны гуравдугаар сард болсон ҮАБЗ-ийн хуралдаан бүр ч бататгаж өгсөн байдаг. Тухайлбал, “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй лицензийг улсын мэдэлд авах”-аар шийдвэрлэсэн нь олны анхаарлын төвд орж байв. Ингэхдээ “Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм” гэх тайлбарыг өгч байсан. Тодотгоход ҮАБЗ-ийн энэ зөвлөмж нь Үндсэн хуулийн 6.1-д заасан “Байгалийн баялаг ард түмний өмч”, 6.2-т заасан “Төрийн өмч менежмент хийж явна” гэдэг заалтыг хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байсан. Гэхдээ энэ хуулийн заалтыг барьж хувийн өмч рүү халдах нь үндэслэл болж чадах уу гэдэг хуульчдын байр суурь ч олон салаа байгаа зэргээс харахад зөв буруу гэж дүгнэх аргагүй. Энэ утгаараа төр хувийн хэвшлийнхэн дунд маргаан гарсаар байна. Тэгэхээр хувийн хэвшил төр хоёр аль аль талдаа хохиролгүй, хууль ёсны байх талаас авч үзэх шаардлага байгааг ч удаа дараагийн үйлдэл харуулсан.
 
АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БОССОН “АРД” КИНО ТЕАТР ГАНЦ ГЭР БҮЛИЙН ӨМЧ БАЙЖ БОЛОХ УУ
 
Одоо тэгэхээр орд газар, үйлдвэрээс гадна хувийн хэвшилд өгч болохгүй объект газрууд гэж бас бий. Тухайлбал, үргэлж хэл ам дагуулж байдаг “Ард” кино театр, “Асса” циркийг нэрлэж болно. Өдгөө Д.Сосорбарам жүжигчний эзэмшилд байгаа “Ард” кино театр бол Монголын хамгийн анхны кино театр. Тус театр нь 1930 онд байгуулагдаж, одоогийн энэ барилга нь 1965 онд баригдаж байсан түүхтэй. Хотын төвд байршилтай учир нийслэлийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй кино театр байсан гэж ахмадууд хэлдэг. Харин театрыг 1996 онд менежментийн хувьчлалаар авснаас хойш ганц ч кино гаргаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл менежментийн хувьчлалаар авсан үүргээ биелүүлээгүй. Хувьчлалаар хувьд очсон даруйд нүүрэн талдаа банктай, араасаа бинго тоглуулдаг түрээсийн газар болж хувирсан. Одоо Төр гэрээний дагуу кино театраа буцааж авахад буруудахгүй гэх хуульчдын байр суурь ч бий. Айсуй 2030 онд “Ард” кино театрын 100 жилийн ой нь тохионо. Дэлхийд 100 жилийн түүхтэй кино театр тун ховор гэдгийг ч санахад илүүдэхгүй.
Энэ нь Төр нь хувийн хэвшлээ дээрэмдээд бай гэсэн үг биш бөгөөд Төрийн өмчийг зузаалах гэсэн санаа биш юм. Гагцхүү менежментийн хувьчлалийн гэрээнд заасан дагуу ажиллаж чаддаг хүмүүст нь өгөх ёстой болов уу. Нөгөө талаар нийслэлчүүд түүхэн дурсгалт барилга, кино театраа өмгөөлөх хамгаалах эрх нь бий. Д.Сосорбарам жүжигчин өөрөө ардчилал, хүний эрх чөлөө гэж ихээхэн ярьдаг нөхөр учраас тэгтлээ дургүйцэхгүй байх. Хамгийн гол нь нийтэд хүртээлгүй ганц нэгэн хүний хувийн өмч байгаа нь буруу жишиг юм. Ер нь Төрийн өмчид ганц кино театр яагаад байж болохгүй гэж. Д.Сосорбарамын үе үе ардчилал, хүний эрх чөлөө хувийн өмч яриад гарч ирдэг нь ч цаанаа учиртай байж таарна. Тодотгож хэлэхэд “Ард” кино театрын хувьчлалд асуудал байна гэсэн үг. Монгол Улсад “Өргөө”, “Тэнгис”, “Од” гэх дөрөвхөн том кино театр байсны нэг нь “Ард” кино театр. Өнөөдөр зориулалтын болон зориулалтын бус кино театрууд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр “Ард” кино театр нь зориулалтын бус ашиглагдаж, ганцхан гэр бүлийн хүрээнд үйлчилж байна. Уг нь менежментийн гэрээнд зааснаар бол кино театрын зориулалтаар олон нийтэд хүртээмжтэй байх ёстой юм билээ. Гэтэл тус кино театр нь түрээсийн байр болж хувирсан. Тэгээд ч хувьчлалын асуудлыг шалгах зайлшгүй шаардлага бий.
 
ӨМЧ ХУВЬЧЛАЛ НЬ ҮНДЭСНИЙ ЦИРКИЙГ ҮХЭЛД ХҮРГЭСЭН ҮҮ
 
Хувьчлагдсан цагаасаа хойш байнга хэл ам дагуулж байгаа газар бол “Асса” цирк. Цагтаа Монголын үндэсний цирк хэмээх аугаа их нэрийн дор мандаж явсан тус байгууллагын гэр орныг нь ганц хүн өмчлөх болсноор тарж бутарсан гэхэд болно. Өмчлөгчтэйгээ ойлголцож ажиллаж чадаагүй олон циркчид манежаа орхиж харь орныг зорьсон. Тэнд уран бүтээл гэхээсээ илүүтэй гэрээ түрээс, хөрөнгө мөнгөний асуудал яригддаг болсон гэдгийг циркчид ч хэлдэг. Уг барилгыг 1971 онд Рум улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын Зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан тухай өөрөө ярина лээ. Энэ үеэс л Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Том агуулгаар нь авч үзвэл Д.Дагвадорж гэх хүн Монголын циркийн хөгжил дэвшилд томоохон чөдөр тушаа болсон гэхэд ч хэтийдсэн хэрэг болохгүй. Аливаа зүйл нь өөрийн гэсэн байр сав, хөрөнгө санхүүтэй байж л сая хөгжин дэвшдэг жамтай учраас ийн хэлсэн хэрэг.
Улсын циркийг 2007 онд хувьчилж, 2021 онд циркчид түүхт 80 жилийнхээ ойг гудамжинд угтахад хүрсэн тухай мэдээлж, төрөөс байр саваа нэхэж эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байсан удаатай. Дэлхийг шуугиулж байсан Монголын циркийн барилгыг хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн төрөл бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх  байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй, өөрсдийгөө ажлын байраар хангаж, тус бүрдээ студи, продакшн болж хуваагдан оршин тогтнохоос аргагүй болсон нь үнэн. Энд зөвхөн барилга байшингийн асуудал яриад байгаа хэрэг биш. Үүний цаана асар том эрх ашиг хөндөгдөж байгааг л хэлэх гэсэн юм. Д.Дагвадорж гэх хүн өнөөдөр циркийн гал голомтыг самарчихалгүй бодлогын дагуу хөгжүүлээд явж байгаа бол тэнд банкаа ажиллуулна уу, бар рестароноо аиллуулна уу хамаа байхгүй. Гагцхүү урлагийн нэгэн том төрөл Монгол Улсын хэмжээнд гудамжинд гарчихсанд л байна. Тиймээс л циркчид, иргэд олон нийт хувьчлалын асуудлыг шалга гээд байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn