Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

156


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс"–ээс тодруулах боломжтой.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 4) байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 6–д харуулав. Сарын эхээр хүйтний эрч суларч, ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Гуравдугаар сард агаарын дундаж температур Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 7–д харуулав. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөрдөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5ºС–аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 3–5ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 8–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд иэхнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна. 
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна (Зураг 4, 5). Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9–т харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан, харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ 
Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn