Голомт банк “SHE TRADES SUMMIT-2024” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо

188
Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO),  Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын  Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн 17 орны, 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг дэмжигч томоохон компани, корпорац, Засгийн газрын төлөөллүүд оролцсон тус арга хэмжээнд Голомт банк анх удаа Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудаа төлөөлөн оролцлоо. Тус арга хэмжээнд Голомт банкнаас гадна Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим болон ТЭСО групп, Ханбогд кашмер ХХК, She Trades HUB зэрэг байгууллагын удирдлагууд уригдан оролцсон юм.
Энэ удаагийн арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд тухайн улсын төр болон хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа чухал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж, Экспортлогч эмэгтэй бизнес эрхлэгч нарыг дэмжих олон улсын санг /WEID-Women Exporters in the Digital Economy fund/ танилцуулан албан ёсны нээлтийг хийлээ.
Тус арга хэмжээний үеэр Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын дэргэдэх “SheTrades Hub Mongolia”-тай хамтран Бүгд Найрамдах Кени Улсын ABSA банк, CIBC Caribbean банк, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон Олон улсын худалдааны төвийн төлөөллүүдтэй уулзалт хийж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.
Голомт банк жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тогтмол санаачлан хэрэгжүүлэх болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn