Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

583
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат “Хан-Уул дүүргийн шүүх 2020 оны тавдугаар сарын 14-22-ны хооронд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэрэг буюу олны дунд Салхитын мөнгөний ордын гэж нэрлэгдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.4.1, 22.5.1 зүйл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269-д заасан хээл хахууль өгөх, авах гэдэг яллах дүгнэлттэй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүхээс Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцсон. Г.Жаргаланг мөн адил зорилгоор хээл, хахууль өгсөн, Г.Алтан-Очирыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. 
Мөн Б.Цолмонбаатарыг хээл хахууль өгсөн, авсан, Э.Халиунбаярыг бусдад хээл хахууль өгсөн, Н.Уранчимэгийг хээл хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцож 2-5 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. 
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүх хавтаст хэргийн хүрээнд буюу прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан хэлэлцээд эдгээр шүүгч нарын хээл хахууль авсан хэргийг нотлох баримтаар тогтоож чадаагүй байна гэж үзсэн учраас цагаатган шийдвэрлэсэн. 
Энэ хэрэгт Цэндсүрэн, Амгаланбаяр гэдэг хүмүүсийг холбогдуулан шалгасан. Шүүгдэгч Амгаланбаярыг албан тушаалтны нэр барьсан, Цэндсүрэнг хахууль өгөхөд зуучилсан гэж тооцон, гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. 
Дээрээс нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1,425,200 ам.долларыг улсын орлого болгон шийдвэрлэлээ. Нэмж хэлэхэд уг хэрэгтэй холбоотой мөнгийг хурааж буй бичлэг сошиалд тавигдсан байсан. 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч Ш.Мөнгөншагайгийн хөлсөлж байсан 220К гэдэг байрны 305 тоотоос 1.2 сая орчим ам.долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хурааж авч байгааг харуулсан. Энэ бичлэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримт. Өөрөөр хэлбэл 27-28 хавтас хэрэгт тэр бичлэг ирээгүй. Тэр бичлэг дээр нөхцөл байдлыг хавтаст хэрэгт бичгийн хэлбэрт буулгаад нотлох баримтаар ирүүлсэн байсан" гэдэг мэдээллийг өглөө. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн бие муудсан учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах үүднээс Н.Өнөрцэцэгийн хэргийг Н.Сайханцэцэгийнхтэй хамт хэргээс тусгаарлажээ.  
Түүнчлэн ерөнхий шүүгч И.Ганбат цахим орчинд тарсан шиг шүүгдэгч нар мөнгөө хувааж авч байгаа бичлэгээ үзээд ухаан алдаж унасан гэдэг нь худал мэдээлэл гэдгийг онцолсон юм. 
Ийнхүү Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял оноожээ.
Биечлэн эдлэх ялаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзээд Б.Цолмонбаатараас 60 сая, Г.Алтан-Очироос 50 сая, Н.Уранчимэгээс 35 сая төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.  

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн шүүх
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn