Б.Баярмагнай: Би үг хэлэх тоолондоо нэг иргэний нэрийг зааж дуугарна

1 276


Сонгогчид оновчтой сонголтоо хийхийн тулд нэр дэвшигчдээс итгэл үнэмшил олж харахыг хичээдэг. Тэр ч утгаараа өөрсдийн санаж бодсоноо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авах хамгийн боломжтой үе нь ч яг энэ цаг мөч буюу сонгуулийн сурталчилгааны цөөн хэдэн өдөр.  Тэгвэл улс орны хэмжээнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна, иргэд юун дээр хамгийн их эмзэглэж байна вэ гэдгийг захын ганц уулзалтаас харж болно. Мөн нэр дэвшигч тэрхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татах асуудал мөн.
Сонгуулийн 23-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Баярмагнайгийн уулзалтын эргэн тойрноос сонирхвол:
-Иргэн: Таныг гарч ирнэ гэдэгт итгэж байгаа. Гэхдээ дараа нь “би бүтэхгүй юм байна өө” гээд явах юм биш биз дээ. Танд дарамт, шахалт маш их ирнэ. Тэр болгон дээр бат зогсож чадах уу?
-Би бөмбөгдүүлсэн баазыг ямар ч төсөв мөнгөгүйгээр босгох үүргийг 30 гаруй насандаа аваад явсан. Би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Энэ олон хүмүүсийн өмнө, Монгол эх орныхоо өмнө би хариуцлага үүрч байгаа юм байна. Энэ хариуцлагыг би үүрэг гүйцэтгэж байх бүхий л цаг хугацаанд ганц хором ч умарталгүйгээр гүйцэтгэх юм байна гэдгийг л ойлгосон. Би цэргүүддээ маш хатуу шаардлага тавьсан. 180 хоног цэргүүдээ хатуу шахсан, өдөр шөнөгүй ажиллуулсан, зовоож тарчлаасан, эцэст нь бид баазаа сум нэвтэрдэггүй болгож, найдвартай хамгаалалтанд оруулж чадсан. Дараа нь би цэргүүддээ хандаж хэлэхдээ, хамгаалж явахын хажуугаар та нартаа хатуу хандсан нь Монголын төр, ард түмний надад үүрүүлсэн хариуцлага байсан юм шүү гээд уучлалт гуйж байлаа.
Би гэнэт л Их хурлын гишүүн болоод өөрчлөгдөх гээд байгаа юм биш. Өсөхөөс миний бие болоод ухамсарт суусан хүмүүжил бол хүний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх.
Өнөөдөр энэ УИХ-д дутагдаж байгаа гол асуудал бол хариуцлага. Ард түмнээсээ саналыг нь авч сонгогдсон л бол хариуцлага хүлээдэг л байх ёстой.
-Иргэн:
Би танаас ганцхан зүйл асууя. Өмнө нь олон бие даагчдыг дэмжиж байсан. Гэхдээ сөрөг хүчний ч юм уу, эсвэл бие дааж гарсан гишүүний тойргууд хэцүү байдаг юм шиг санагдаад байдаг юм. Тэгэхээр та яагаад бие даах замыг сонгосон юм бэ?
-Иргэн Дорж, Батын үгийг бие даагч гишүүн л хэлж чадна. Би 4 жил сайн дуугаръя. Магадгүй надтай эвсээд, тэнд Монголын ард түмний сайн сайхны төлөө бусад нь эвсээд ирэх юм бол би  бас нэгдэж бүлэг байгуулаад ч хамаагүй тэмцье. Хэрэв 39-н цөөнх гараад ирэх юм бол би тэд нарыг нэгтгэж, базаж, нягтруулж байгаад Монголын төрийг нэг мөсөн цэвэрлэе л гэсэн зорилготой байна. Эхлээд ямар ч байсан би ард түмнийхээ дуу хоолойг хүргэх ёстой. Зөвхөн бие даагч гишүүн хүргэж чадна. Би үг хэлэх тоолондоо нэг иргэний нэрийг зааж дуугарна. Та бүхний яриад байгаа чинь ард түмний амьдралаас тэс ондоо агаарт явж байна гэдгийг нь байнга сануулж байх үүрэгтэйгээр ажиллана.
Хоёрдугаарт, намаас буруу бодлого, үйл ажиллагаа явуулчихаад, тэрийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд дахин буруу ажиллагаа явуулах гэж буруу бүхнийг хийсэн хүмүүсээ дахин нэр дэвшүүлж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэр хүн хариуцлага хүлээх ёстой, дахин дэвших нүүргүй болсон гэж үзэх ёстой.
-Иргэн:
Гадныханд хамаг лицензүүд очоод байна. Бид нутаггүй боллоо. Та лицензийг худалдаалдаг явдлыг зогсоож чадах уу?
-Байгалийн баялаг, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хатуу бодлого хэрэгтэй. Хууль бус үйлдэл бүрийг нь ичтэл хэлэх ёстой юм. Ард түмэн сонсог. Яг тэр компанийнх нь нэрийг заагаад, өөрийнх нь хулгайлсан өмч хөрөнгийн тоог нь заагаад, банкыг нь заагаад улайтал хэлээд байвал эд нар байж ядна. Яг толгой дараалан бүх лицензийг ил гаргаж ирж байгаад, байгалийн баялаг гагцхүү ард түмний өмч байна гэдэг Үндсэн хуулий заалт үнэхээр хэрэгжиж байна уу, эсвэл Монгол хүний нэрийн ард гадныхан байна уу гэдгийг ард түмэнд зарлах ёстой юм. Ингэж бүгдэд ойлгуулж, жигшүүлж байж бид дараагийн алхмаа хийх ёстой. Тиймээс би энэ болгоны төлөө явж ажиллана гэж хэлмээр байна.
Ер нь би өөрийн боломжоо илүү ашиглая гэж боддог хүн. Хүнд сэтгэл байвал юуг ч хийж болдог, сэтгэл байхгүй бол их мөнгө, мянган төсөв байгаад ч хийдэггүй юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn