Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

337
Бид нар УИХ-ыг найм дахь удаагаа сонголоо. МАН яллаа.МАН-ын энэ ялалтыг гадна талд бол хэн ч төсөөлөөгүй. Ерөнхийдөө дээд хязгаарыг нь 40-өөс дээш тооцохгүй байсан юм. Гэвч сонгууль болсон, санал хураасан, дүн гарсан. Энэ сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч өрсөлдлөө. Тэгээд МАН 62, АН 11, МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат эвсэл” нэг, бие даагчид нэг суудлыг тус тус авчээ. Ер нь бол МАН-ынхан “бодож” байсныхаа хэрээр суудал авсан гэхэд болно. Бодож байсан гэдэг нь МАН-ынхан ийм “зөгнөл” ихээхэн ярьцгааж байлаа. Харин тэдний гаргасан 62 гэсэн хариуг тэднээс бусад нь гаргахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнөх хугацаанд, бас сурталчилгааны явц дахь нийгмийн хүлээлт өөр байв.
Өөрчлөлтийг, “зөв хүн”-ийг, шинэчлэлийг дэмжих давалгаа даацтай явж харагдсан. Хүн бүр дээлтэй очиж саналаа өгч байлаа. Ер нь л энэ сонгуульд дор бүрнээ л ач холбогдол өгч, өөр зууртаа хүлээлт үүсгэчихсэн байсан. Гэвч сонгуулийн урьдчилсан дүн гарч МАН ялсан. Дүн гарч байх явцад цахим сүлжээн дэх сонгогчдын сэтгэгдэл ч гайхаж шогширсон “эможи” үзүүлж байв.
Үнэхээр ч сонгуулийн дүн нийтийн таашаалд хүрээгүй. Сонголт өөр байсан, сонгуулийн дүн өөр гарсан гэх яриа хаа сайгүй. Энэ сацуу У.Хүрэлсүхийг дагасан “хүзүү” олноороо гарсан гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Улстөрчдийн яриагаар бол “кноп” нэлээд орж иржээ.
Энэ бүхэн МАН-ын ялалтыг нийтээрээ хүсээгүй юм шүү гэдгийг илтгэж буй хэрэг. Гэхдээ МАН ялсны хамгийн том шалтгаан нь тэд Сонгуулийн хуулиа өөрсөддөө зориулж хийсэн. Хийсэн хуулиа ашиглаж чадсанд байгаа юм. Бие даагчид маш хүчтэй байлаа. “...Алаагүй ч гэсэн айлгалаа” гэдэг шиг нийт саналын талаас илүүг нь бие даагчид авч, үлдсэн дээр нь “хүчээ нэгтгэж” байгаад ялаад гараад иржээ. Ийм жишээ олон. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг тоон үзүүлэлтээр харвал МАН-ынх буурч, АН-ынх нэмэгдсэн шүү. 2016 оны сонгуулиар МАН 65, АН есөн суудал авч байсан юм. МАХН буюу “Та бидний эвсэл”-д уламжлалаар Орхон аймгаас нэг суудал оногдсон байна.
Гэхдээ дээр хэлсэнчлэн АН-ынхан гэхэд л хүлээлт нь өндөр байв. Тиймээс өчигдрөөс С.Эрдэнэ даргыгаа солих аянд гарч, оронд нь очих горилогчид ч нэрээ дэвшүүлээд эхэллээ. Энэ удаагийн сонгуульд АН хүссэндээ хүртэл суудал авч чадаагүй нь яахын аргагүй үнэн. Ялагдал С.Эрдэнэ даргатай нь холбоотой. Улс төрд 30 жил явчихсан, том намын даргын тархинаас гарамгүй хачирхалтай үйлдлүүдийг тэр хийсэн. Бөхөөр бол олон удаа хийтэй гишгэсэн дээ. Тиймээс С.Эрдэнийг З.Энхболдтой нь зайлуулна гэсэн АН-ынхны түрлэг өчигдөр эхэллээ. АН-ын хэрүүл өндрөө авсан тухай эх сурвалжууд мэдээлээд эхэлсэн. За, ингээд МАН ямар ч байсан ирэх дөрвөн жилд төрийн, та бидний толгой дээр заларч байна. Харин тэд ялалтын мишээлээ нуугаад хачин даруухан л байна. Гэхдээ тэдэнд том том хундага тулгахаас урьтаад тохирох, ярих асуудал их бий.
Хамгийн түрүүнд УИХ-ын даргаа сонгоно. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдох нь сонгогдсон. Багаараа сонгуульдахаар гарсан. Л.Элдэв-Очир, Б.Батцэцэг хоёрыгоо гээчихээд ирсэн. Оронд нь АН-ын хоёр гишүүнийг хөтлөөд ороод ирсэн. Төрийн гурван өндөрлөгийн нэгийн том албан тушаалд ажиллаж байгаад нэр дэвшсэн ч баг нь мултарч, ганцаараа УИХ-даа ирсэн. Бусад нь багаараа гарч ирээд байхад, ийм ханарсан сонгуулиар УИХ-ын баг унасан нь УИХ-ын даргын рейтингтэй холбоотой байв уу гээд л яриа хөөрөө гарч л байна.
Тэгэхээр Г.Занданшатар улирах уу, яах вэ гэдгийг МАН-ынхан ярьж л таарна. Ярих ч ёстой л доо. Дараа нь засгаа хэрхэн байгуулах вэ гэдгээ ярьж таарна. Магадгүй, ялсан намын хамгийн том ажил нь энэ биз ээ. У.Хүрэлсүх нарын төр дэх, нам дахь эрх мэдэл нь хэвээр үлдсэн ч тоглогчид тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Мөн Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бүрдэх учиртай. Мэдээж хэрэг, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно. Я.Содбаатар, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар шинэ Засгийн газарт заавал орно гээд зүтгэчихнэ. Нэр дэвшилгүй үлдсэн тохироо нь тэр. Нэр дэвшээд унасан ч У.Хүрэлсүхийн хувьд хөөгөөд явуулж болохооргүй Ц.Нямдоржийг, Н.Цэрэнбатыг яах вэ гэдэг асуудал бас бий. Тэд “...Би сайдаараа үлдье” гээд суучихвал бас л хэцүү.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давхар дээлтэй дөрвөн сайд байж болно гээд  заачихсан. Дандаа гаднаас ч байж болно гэсэн үг. Гэвч гишүүд гол яамны сайд болох гэж улайрах нь ойлгожмтой. Угаасаа тэгдэг. Шинэ Засгийн газрын ХЗДХЯ л гэхэд одоогийн сайд Ц.Нямдоржоос гадна Х.Нямбаатар, Б.Энхбаяр гэсэн хоёр гишүүн “ах” нараараа яриулж байгаад энэ яам руу зүтгэнэ. БСШУСЯ гэхэд одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд сайд Г.Ганбаяр нарын овоо хараанд орсон байна. Я.Содбаатар ЗТХЯ-аа, УУХҮЯ-тай сонирхож буй. Ж.Энхбаяр чадвал Шадар сайд, “буугаад” БХЯ руу санаархаж байгаа нь лавтай. Д.Оюунхорол бол БОАЖЯ, эсвэл УУХҮЯ руу зүтгээд үзнэ.
Дээрээс нь ерөөсөө УИХ-д орж үзээгүй ч У.Хүрэлсүхийн дэмжих ёстой, насаараа дагачихсан мэргэжлийн маягийн боловсон хүчнүүд бас оочерлоод хүлээж байгаа. МАН-ын аппаратаас засгийн бүрэлдэхүүнд багтах, агентлагийн дарга болж тамга атгах хүмүүс ч нэлээд бий. Түүнчлэн У.Хүрэлсүхийн нэрийг өндөрт аваачиж, ялалтад хүргэсэн “хүчин”-үүд Засгийн газарт орон зайгаа эзлэх гэнэ.
Ингэхээр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёрын тухайд ялалтын бялуу хуваах гэдэг хамгийн хэцүү ажилтай өчигдрөөс нүүр тулсан гэхэд болно. Хэт олуулаа байхын зовлонг МАН амссан. Хэт олуулаа байсан учраас 33:32-оороо хуваагдаж, сүүлдээ нэг нь нөгөөгөө “барьж идсэн” түүх туршлага бий. Ийм явдал энд дахиад давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл Засгийн газрын сайдын суудал тоотой. Харин МАН-ын сайдад дуртай гишүүдийн тоо замбараагүй их юм. Тэднийгээ яамнаас гадна агентлаг, ТӨҮГ гээд тарааж өгөх байх л даа. Ард нь тэгээд улсын мөнгө уйлахгүй яаж ийгээд энэ бүхнийхээ ард гарах биз. Гэхдээ нэг нь баярлана, нөгөө нь гомдоно. Энэ бол ялсан МАН-ын эхний зовлон. Дараа дараагийн зовлон илүү хүндэрнэ. Энэ бол ирэх жилүүдэд Монгол Улсын, монголчуудын, Засгийн газрын, МАН-ын бүгдээрээ нүүр тулах, туулахаас аргагүй эдийн засгийн их хямрал юм. Дэлхий нийтээр өнөөдөр эхэлчихсэн, COVID-19-ийн дараа хүндрэх эдийн засгийн хямралаас айж байна. Сүүлийн нэг сарын турш галтай цогтой сонгуульдчихсан. Ямар сайндаа “...Энэ сонгууль Монгол Улс COVID-19-гүй гэдгийг баталлаа” хэмээх мааз цахим орчинд хандалт их авч байхав дээ. Нэг талаар үнэн л дээ. Сонгуулийн сурталчилгааны хэд хоногт тэврэлдэхийн дээдээр тэврэлдэж, үнсэлцэхийн олноор үнсэлцсэн. Тэгээд одоо байцгааж л байна. Одоо харин ам гарч авсан суудалдаа эзэн байж чадах уу үгүй юу гэдэг хамгийн том ажил нь эхэлж байгаа юм. Тиймээс ирэх жилүүдэд ажиллах Засгийн газар эдийн засагчдаа голдуу татаж оруулах бодлого барих уу, Засгийн газраа ялалтын бялуу болгож, бүлэг фракцууддаа хуваах уу гэдэг сонин. Бас нэг том ажил хүлээж байгаа нь ирэх жилүүдэд төлөх гадаад өр юм. Монгол Улс 2020-2024 онд бондын төлбөрт 14.3 тэрбум ам.доллар төлөх хуваарьтай. За тэгээд, ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалт манай улсад ядахад яр л болно доо. Ийм л ирээдүй ялсан МАН-ыг хүлээж байна. Харин монголчуудыг ямар ирээдүй рүү хөтлөхийг тэд мэдэхээр болчихлоо. Нэг үгээр хэлэхэд ялсан МАН-ын зовлон яг одоо л эхэлж байна даа.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn