Улаанбаатарт ШТС байх ёстой хэмжээнээсээ 2.4 дахин их
Ливаны хар өдөр манай улсад ч тохиохгүй гэх баталгаа алга. Учир нь Ливаны нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтэд эхний байдлаар 135 хүн нас барж, 5000 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд хотын дарга нь хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар таван тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон. Энэ дэлбэрэлт 2750 тонн аммонийн нитрат хадгалж байсан агуулахад болсон бөгөөд 2014 онд тээврийн хөлөг онгоцноос хураан авснаас хойш боомт дахь агуулахад хадгалагдаж байжээ. 2750 тонн аммонийн нитрат нь тэсрэх бөмбөгийн 40 хувийн хүчтэй тэнцэх хэмжээний дэлбэрэлт үүсгэсэн гэж үзэж байгаа аж. Мөн тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун өөрийн твиттер хуудсандаа, “2,750 тонн аммиакийн нитратыг тийм их хэмжээгээр нь ямар ч хараа хяналтгүй, сонор сэрэмжгүй хадгалж байдаг нь яавч хүлээн зөвшөөрч боломгүй зүйл юм” хэмээн бичжээ.
Боомтод байсан агуулах дэлбэрэхэд ийм хэмжээний хохирол амсаж байгаа нь манайх шиг байшин хийгээд гэр хороололтойгоо хаяа нийлэн оршдог ШТС-тай газар бол ямар аймшиг хүлээж байгаа бол.
Уг нь стандартад зааснаар бол далд савтай шатахуун түгээх станцыг хатуу түлш түлдэг байгууллага, айлын хашаанаас 50 метрийн зайд барина гэж заасан байдаг. Харамсалтай нь 50 байтугай 5 метр ч хүрэхгүй зайд оршсоор байгаа. Өнгөрсөн жил л гэхэд СХД-т үйл ажиллагаа явуулдаг "Синчи газ" шатахуун түгээх станцаас газ алдагдсан хэрэг гарсан. Гэтэл өнөөх ШТС нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, газ худалдаалж байсан нь тогтоогдсон. Гэр хороолол, сургууль, цэцэрлэгтэй залгаа оршдог тус ШТС ийн газ алдахад НМХГ-аас "Синчи газ"-ыг зөвшөөрөлгүй газ худалдаалсан гэж үзэн худалдсан газын орлогыг улсын орлогод хурааж авахаар прокурорын газарт хүсэлт явуулснаас хэтрээгүй. Тухайн үедээ хэсэг хугацаанд ШТС-ыг хаасан байсан ч өдгөө үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
Түүнчлэн энэ оны 5-6 сард НМХГ-аас газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ХЦС, ШТС, автомашины хий цэнэглэх станцуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Тэгэхэд Улаанбаатар хотод ШТС байх ёстой хэмжээнээсээ 2.4 дахин их байна гэдэг тайлбарыг өгч байв. Мөн Улаанбаатар хотын бүсэд дахин ШТС-ын зориулалттай газар олгохгүй, зураг батлахгүй, зөвшөөрөл олгохгүй байх талаар холбогдох газруудад хүсэлт илгээсэн гэж байсан.
Тухайн үед нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 21 аж ахуйн нэгжийн 239 шатахуун түгээх станц, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, газрын тос хадгалах 20 агуулах, хийгээр цэнэглэх 4, байгалийн хийгээр цэнэглэх 2 станцад найман чиглэлээр хяналт, шалгалт хийсэн. Тэгэхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 10 ШТС, гурван авто машины хий цэнэглэх станц, зөвшөөрөлгүй барьсан долоон ШТС, зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нэг нефтийн агуулах, нэг хийн агуулах, жижиглэн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нэг ШТС, агуулахын болон ШТС-ын шатахуун хадгалах савны цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүйгээс чанарт сөргөөр нөлөөлсөн нэг агуулах байсан гэх мэт нийт 117 зөрчил, дутагдал илэрсэн байдаг. Ийн дутагдал, зөрчил байсан ч холбогдох газрууд торгохоос өөр арга хэмжээ авах эргүй үлддэг. Түүгээр ч зогсохгүй зөрчлөө арилгахгүй, давтан илэрсэн тохиолдлууд ч байсан.
Тэгэхээр дэлхий нийтийг цочроосон Ливаны хар өдөр манай улсад тохиохгүй гэх баталгаагүй гэдэг нь илэрхий байгаа юм. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг. Хаана ч хариуцлага алдахад хэнбугай ч хохирч болдгийн тод жишээг бид нэгэнт харсан болохоор эртнээс сэрэмжлэх ёстой баймаар.
Erennews.mn