Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгээгүй гэлээ

32

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 5-р тогтоолоор ойн сангаас 16,440 куб.метр хэрэглээний болон түлээний мод бэлтгэх, модны хэмжээ, хуваарийг батлан найман аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Мань-Уул хайрхан, Титэм ой, Сод ногоон төгөл гэсэн гурван компани хэрэглээний болон түлээний мод бэлтгэж байна. Нойтон мод хууль бусаар огтолсон гэх газарт энэ сарын 13, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Батсүмбэр суман дахь сум дундын ойн анги зэрэг мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн юм. Мод бэлтгэлийн талбайд хийсэн шалгалтын явцад урьдчилсан байдлаар гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдэл тогтоогдоогүй гэдгийг албаны хүмүүс хэллээ.
 
Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан “Бид Батсүмбэр сумын 3-р багын хэсэгт хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан. Хяналт шалгалтын хүрээнд Батсүмбэр суманд Мань-Уул, Титэм ой, Сод ногоон төгөл гэсэн гурван аж ахуйн нэгж, дөрвөн газарт талбай тусгаарлуулан мод бэлтгэлийн ажлыг явуулж байсан.
Мод бэлтгэлийн газрыг ЖПС төхөөрөмж ашиглан тухайн тусгаарласан талбайгаас хэтэрсэн эсэх дээр мэргэжлийн байгууллага шалгалтын ажил хийсэн. Урьдчилсан байдлаар хууль бус зүйл илрээгүй, шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэв.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сарын 19-нд болсон их салхи шуурганд үндсээрээ булгарсан, хугарсан, цаашид ургах чадваргүй болсон 327 ширхэг модыг зохих журмын дагуу иргэдэд олгох дүгнэлт гарчээ. Үүний дагуу зургаан иргэн тус бүр 10 куб.метр модыг холбогдох хууль журмын дагуу авсан байна. Урьдчилсан байдлаар хууль бусаар нойтон мод бэлтгээгүй гэж мэргэжлийн хүмүүс мэдэгдлээ.
 
Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Батбаатар “Манай төв наймдугаар сарын 21-ний өдөр экологийн цагдаатай хамтран Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам гэх газар ажиллалаа. Иргэдтэй холбоотой нойтон мод бэлдсэн гэх асуудал гарсан. Иргэдийн хувьд ойн тухай хуулиар багийн дарга хэрэглээний мод бэлтгэх өргөдөл гаргаснаар засаг даргын захирамжийн дагуу иргэдэд олгодог. Тухайн иргэдэд олгосон модны хувьд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цаашид ургах чадваргүй болсон моддыг ойн ангийн дүгнэлтийн дагуу иргэдэд олгосон” гэдгийг хэллээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хууль бусаар мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, мод бэлтгэлийн талбайд хяналт шалгалт  тогтмол хийх,  хараа хяналтыг сайжруулах, зөрчил гарсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авах авч хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
 
Эх сурвалж: БОАЖЯ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn