Гэртээ орж чадаагүй хүүхдүүд гэрийн тусгаарлалтын хугацаагаа дуустал хүүхэд хамгааллын байранд байрлана
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ... тоот байранд байрлах орцны жижүүр Х халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Харин 4 настай, 17 настай 2 хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул өчигдөр гэртээ очсон байдаг. Гэвч байрныхан оршин суугчид болон СӨХ-ийн дарга нь гэрт нь оруулаагүй. Үүнийгээ хүүхдүүдийн ээж Х-гээс тус орцны 16 хүн халдвар авсан тул оршин суугчид ихээхэн бухимдалтай байгаа хэмээн хүүхдүүдийн ээжид тайлбарласан аж.
Улмаар БЗД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс мэдээллийн дагуу ажиллаж, хүүхдүүдийг түр хамгаалах байранд байрлуулаад байгаа. Тэднийг гэрийн тусгаарлалтын хугацааг нь дуустал тус хүүхэд хамгааллын байранд түр байрлуулах аж.