Үндсэн хуулийн өөрчлөлт ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

255
Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер”[1] улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна. 
“Өнгөт хувьсгал”-ыг судалдаг Майкл Макфол (Michael McFaul) “Пост коммунизмаас шилжих нь” (Transitions from Postcommunism) бүтээлдээ улс төрийн солилцооны зүй тогтол өөрчлөгдөж байж улс төрийн тогтворгүй байдал үүсэх ёстой. Улс төрийн төрийн тогтворгүй байдал үүсэхэд дэглэмийн өөрчлөлт онцгой хамааралтай. Өөрөөр хэлбэл их гүрнүүд пост комунист орнуудын улс төрийн тогтолцоог хямралт байдалд хүргэхийн тулд тухайн улсын үндсэн хуулийг байнга өөрчлөх, сонгуулийн циклийг алдагдуулах, нийгэм, эдийн засгийн байдлыг байнга дордуулж, улмаар улс төрийн суурь тогтолцоог нь ганхуулж байдаг гэжээ.[2] 
Их гүрнүүд бусад улсын дотоодод улс төрийн хямралыг зориудаар бий болгож улс төрийн талцал, сөргөлдөөнийг гүнзгийрүүлж, улмаар үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн тогтолцоог нь өөрчилж, эрх мэдлийг нэг гарт, нэг намд төвлөрүүлдэг технологи бий болжээ. Улс төрийн бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл ийн хурцатсаар дийлэнхдээ сонгуулийн үеэр “өнгөт хувьсгал” гардаг.
 
Энэ удаагийн дугаарт Кыргызстан, Украин улсад гарсан үндсэн хуулийн өөрчлөлт, үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдэлтэй эрх мэдлийн төвлөрөл, түүнийг эсэргүүцэж сөрөг хүчнээс зохион байгуулсан жагсаал, бослого нь даамжирч “өнгөт хувьсгал” болсон тухай болон “өнгөт хувьсгал” гарсан орнуудын нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн уруудаж байдаг талаарх судалгааг танилцуулах болно.   
 
Судалгааны үр дүн 1: Эрх баригчид сонгуулийн өмнө үндсэн хуулийг өөрчлөх замаар эрх мэдлээ бэхжүүлдэг, улмаар сөрөг хүчний боломжийг хаадаг байдал нь улс төрийн зөрчлийг хурцатгаж, сонгуулийн үеэр “өнгөт хувьсгал” болдог. 
Кыргызстан: Тус улс үндсэн хуульдаа таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас гурван удаа нь “өнгөт хувьсгал”-ын шалтгаан, үр дагавар болж байжээ. 2003 оны 2 дугаар сард үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг явуулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс нэмэгдүүлсэн явдал тус улсыг авторитаризм руу чиглэх үндэслэл болсон гэж судлаачид үздэг. Улмаар 2005 онд “Алтанзулын хувьсгал” гарсан. 
2007 оны 10 дугаар сард Кыргызстан улс үндсэн хуульдаа дахин нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр их хурлын гишүүдийн тоог 75 байсныг 90 болгон өсгөж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн олон заалт оруулав. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа улс төрийн зөрчил хурцдаж, 2010 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хоёрдахь хувьсгал гарсан билээ.
 
2016 оны 12 дугаар сард Кыргызстан улс дахин үндсэн хуульдаа өргөн хүрээтэй өөрчлөлт орууллаа. Үндсэн хуулийн суурь бүтцийг 10 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх зарчмыг үл харгалзан бүх нийтийн санал асуулга явуулсан. Кыргызийн ерөнхийлөгч үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрх байхгүй ч ерөнхийлөгч А.Атамбаевын нөлөөгөөр парламентын 84 гишүүн нь үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, улмаар орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар дэмжснээр бүх нийтийн санал асуулга явагдсан байна. Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагуудыг томилдог, улмаар өөрийн нөлөөндөө байлгадаг тод жишээ бөгөөд улс төрийн зөрчил 2020 оны парламентын сонгуулиар оргил цэгтээ хүрч, “Залуусын хувьсгал” гарсан. 
Украин: Украин улс тусгаар тогтносон 30 жилд зургаан ерөнхийлөгч ажиллахдаа нийт долоон удаа үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, тэмцэл хурцадсаар 2004, 2014 онд өнгөт хувьсгал гарч, улмаар 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр хөрш ОХУ-ын ашиг сонирхлыг илт зөрчсөнөөр дайн гарах шалтгаан болжээ. 
ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарснаас хойш 1996 оныг хүртэл ерөнхийдөө ЗХУ-ын үндсэн хуулийг Украиных болгон бага зэрэг өөрчлөн баримталж байгаад 1996 онд шинэ үндсэн хуулиа баталсан ба энэ хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл өндөр байлаа.
 
2004 онд үндсэн хуульдаа анхны нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа ерөнхийлөгчийн хэт их эрх мэдлийг хязгаарлаж, ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлжээ. 2004 онд “Жүржийн хувьсгал” гарав. 2010 онд Үндсэн хуулийн шүүх 2004 оны нэмэлт өөрчлөлтийг хүчингүйд тооцон, 1996 оны анхны хувилбарт нь шилжүүлэх буюу ерөнхийлөгчийн эрх мэдлийг буцаан нэмэгдүүлжээ. 2014 онд Дээд Рада үндсэн хуулийн 2004 оны заалтуудыг хүчин төгөлдөр болгон сэргээх буюу ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, ерөнхий сайдын эрх мэдлийг буцаан нэмэгдүүлжээ. 2014 онд “Евромайдан хувьсгал” дэгдэв. 2016 онд дахин үндсэн хуульд өөрчлөлт оруулан шүүх эрх мэдлийг нэмэгдүүлэв. 2019 онд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, НАТО, ЕХ-нд элсэх асуудлыг тусгажээ. Энэ нь Москвагийн ашиг сонирхолд эрс заналхийлсэн хэрэг болсон юм. 
Судалгааны үр дүн 2: Их гүрнүүд “буфер” орны улс төрийн тогтолцоог өөрт ашигтай байдлаар бүрдүүлэхийн тулд “өнгөт хувьсгал”-ыг ээлж дараалан хийдэг. Нэгэнт “хувьсгал” хийсэн бол дахин хийгдэх магадлал нэмэгдэж байдаг.  
Кыргызстан: Анхны ерөнхийлөгч А.Акаев 2005 оноос хойш хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага, нийтлэл бүрдээ АНУ-ыг “Алтанзул хувьсгал”-ыг зохион байгуулсан хэмээдэг нь ОХУ-ын хэвлэл мэдээллээр пост социалист улсуудад болж буй бүхий л хувьсгалуудын ард барууны санхүүжилттэй олон улсын, төрийн бус болон судалгааны байгууллагууд байсан гэдгийг нотолгоо мэт цацагддаг. Баттай эх сурвалж гэж үзэж болохуйц АНУ-ын нэр хүнд бүхий мэдээний агентлагийн нэг The Wall Street Journal-д бичсэнээр  АНУ-ын засгийн газар Төрийн департамент, USAID, Радио Либерти, Freedom House зэрэг байгууллагуудаар дамжуулан засгийн газрыг эсэргүүцэгч хэвлэл мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлж, сөрөг хүчний жагсагчдад тусламж үзүүлжээ. Кыргызстаны жагсаалын үеэр цахилгаан тасрахад АНУ-ын Элчин сайдын яам ослын цахилгаан үүсгүүрээр хангасан ч гэх мэдээлэл байна. Мөн Кыргызийн бусад сөрөг хүчний бүлгүүд болон сөрөг хүчний телевиз АНУ-ын засгийн газар болон түүнтэй холбоотой төрийн бус байгууллагуудаас санхүүжилт авсан талаар мэдээлэл бий. Үнэхээр ч 2005 оны байдлаар Төв Ази дахь АНУ-ын тусламжийн хамгийн том хүлээн авагч нь Кыргызстан улс байсан. Улс төрийн сөрөг хүчний удирдагчийн АНУ-ын Элчин сайд нээлттэй дэмжиж сонгуулийн үр дүн ч яг төлөвлөсний дагуу мэт К.Бакиев тэргүүтэй сөрөг хүчин улс төрийн тавцанд  гарч ирснийг АНУ-ын бүс нутаг дахь Оросын нөлөөг сулруулж, цаашид Евразийн бүс нутгийн бүхий л авторитар засаглалтай орнуудад либерал засаглалыг гаргах бодлого байсан гэж үздэг.[3] 
Үүнийг Москва зүгээр өнгөрөөсөнгүй. АНУ-ын дэмжлэгтэй гарч ирсэн ерөнхийлөгч К.Бакиевын дэглэмд шахалт үзүүлэхийн тулд Москва эдийн засгийн хөшүүргийг ашигласан байна. 2010 оны хоёрдахь хувьсгалын өмнөх жилүүдэд ОХУ нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүнийхээ гаалийн татварын хөнгөлөлтийг цуцалсан нь Бишкекийн эдийн засагт хүнд цохилт болсон. Мөн бусад эдийн засгийн ил болон далд арга хэмжээнүүдийг явуулж, шатахууны үнэ 30 орчим хувиар өсөж, инфляцын өсөлттэй зэрэгцэн цахилгаан, дулааны тарифыг хоёр дахин нэмэгдүүлж, иргэдийн нуруунд ачаа болжээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр К.Бакиевын дэглэмийн эсрэг хийсэн асар их мэдээллийн дайралт нь сөрөг хүчнийхэнд таатай нөхцөлийг бий болгосон байна. Улмаар 2010 оны хувьсгалын өмнө Кыргызийн нийгэм эдийн засгийн байдал 2005 оны хувьсгалын өмнөх үетэй адил болсон дүр зурагтай байв. Ингээд 2010 оны “өнгөт хувьсгал”-ын дараа Оросын талыг дэмжигч А.Атанбаев ерөнхийлөгчөөр сонгогдож улмаар 2012 онд ОХУ Кыргызийн 500 сая ам.долларын өрийг тэглэж, Кыргызийн засгийн газраас 15 жилийн турш өөрийн цэргийн баазыг байрлуулах шийдвэр гаргуулж чадсан юм. Энэ ч утгаараа 2010 оны хувьсгалын ард ОХУ байсан гэж үзэх үндэслэлтэй.[4] 
Украин: Украины 2004 оны сонгуульд АНУ идэвхтэй оролцсон байдаг. Тухайлбал, АНУ-аас Украинд сууж байсан элчин сайд Жон Е Хэрбст сонгуулийн хамгийн чухал хүлээлт нь шударга, нээлттэй байх явдал юм хэмээн мэдэгдсэн бол Конгрессоос сонгуулийн дүн шударга бус гарвал үүнд ерөнхийлөгч Л.Кучма хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэж, энэ талаар бичсэн ерөнхийлөгч Ж.Бушын захидлыг АНУ-ын Сенатор Ричард Ж.Лугар ерөнхийлөгч Л.Кучмад 2 дахь шатны сонгуулийн өмнө гардуулан өгсөн байдаг. АНУ-ын Фрийдом хаус болон ХБНГУ-ын Маршалын сангаас Украины тэмцэгч бүлэглэл болох “Шар Пора” хөдөлгөөнийхнийг Словак, Серби, Гүржийн тэмцэгчидтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, Фрийдом хаусын зүгээс Украины тэмцэгч залуусыг Сербид Отпорын зуны сургалтанд хамруулсан зэргээр нөхцлийг бүрдүүлжээ.[5] 
2004 оны “Жүржийн хувьсгал”-ын дараа ОХУ Украины хооронд байгалийн хийн дотоодын хэрэглээний болон дамжуулах үнийн асуудлаар маргаан дэгдэн, Оросын талаас хийн нийлүүлэлтээ зогсоов. Газпром компани 50 ам.доллар байсан байгалийн хийн дотоодын хэрэглээний үнийг 230 ам.доллар болгон эрс нэмсэн. 2005 оноос хойш Украины гадаад өрийн хэмжээ эрс нэмэгдсэн нь дотоодын хэрэглээний байгалийн хийн үнэ огцом нэмэгдсэнээс үүдэлтэй. Мөн энэ үеэс хойш тус улсын гадаад худалдаа өнөөг хүртэл нэг ч жил эерэг үзүүлэлттэй гараагүй нь ОХУ-ын эдийн засгийн дарамтаас үүдэлтэй гэж үзэж болно. Украины өр улам нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарууд ээлж дараалан уналтад орсноос гадна Оростой хийн ашигтай гэрээ хийх ажил Украины санаачилгаар нуран унаж, Европ руу хий дамжуулах хоолой байгуулах асуудал тасалдав. 2008-2009 онд өрнөдөөс авсан зээлийн хэмжээ нэмэгдсээр Украины эдийн засаг, ДНБ-ий хэмжээ эрс унаж, 1990-ээд оны түвшиндээ очжээ. Энэ мэт байдлаар их гүрнүүд давуу байдлаа олж авахын тулд “буфер” орнуудад “өнгөт хувьсгал” хийж нийгэм, эдийн засгийг байнга дордуулж байдаг. 
Судалгааны үр дүн 3: Өнгөт хувьсгал” гарснаар “буфер” орнууд геополитикийн болоод эдийн засгийн томоохон хохирол амсдаг. 
Кыргызстан: Тус улс их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн дунд эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө асар их хоцорч үлдсэн. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтворгүй байдал хөгжилд нь саад учруулж, эдийн засгийн удаашралтай байдалд шилжсэн. Өдгөө ЗХУ-ын үед бүтээн байгуулсан дэд бүтцүүдийнх нь ашиглалтын зардал Кыргызийн эдийн засгаас ч давж болзошгүй нөхцөл хүрч дордсон байна. Нэг улсаас эдийн засаг нь хэт хамааралтай байгаа нь цаашид хямралаас гарах ямар нэг ирээдүй байгаа эсэх нь эргэлзээтэй. 
Гурван хувьсгалаас хойш Кыргызстанд авлига хавтгайрч дээд боловсролын зэргийг худалдаж авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарт авлига өгөх замаар авах, шүүх, гаалийн алба, эрчим хүчний салбар гэх мэт бүхий л салбарт хээл хахууль улам ихэссэн байна.[6]
 
Ерөнхийд нь гурван хувьсгалын дараах нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг дүгнэж үзэхэд ердөө л улс төрийн хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж эрх мэдлийг нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжүүлэхэд хүргэсэн үйл явдал бөгөөд хувьсгалын үр дүн нийгэмд ач тусаа өгөөгүй гэж дүгнэж болох юм. Харин ч гадны хөрөнгө оруулалтыг үргээсэн, эдийн засгийн хөгжлөө боомилсон сөрөг үр дагавар учруулсан гэж үзэхээр байгаа бөгөөд эдийн засгийн хямралт нөхцөл байдал нь дараагийн улс төрийн хямралыг өдөөх нь гарцаагүй юм.
 
Украин: “Өнгөт хувьсгал” гарсан Украин 2014 оны “евромайданы хувьсгал”-ын дараа эдийн засаг, улс төрийн гүн хямралд өртсөн төдийгүй Крымийг алдаж, их гүрнүүдийн дунд өнөөдөр дайн бүхий байдалд жил орчмыг өнгөрөөн, Донбасс, Луганск зэрэг 4 муж нь тодорхойгүй нөхцөл байдалд байна. Нэмж дурдахад “Сарнайн хувьсгал” гарсан Гүрж улсын Өмнөд Осетид дайн дэгдэж, үр дүнд нь газар нутгаа бүрмөсөн алдсан жишээ мөн бий.   
Дүгнэлт 
“Өнгөт хувьсгал” гарсан орнуудыг харахад улс төрийн хямрал хувьсгалын гол шалтгаан болдог нь ажиглагдаж байна. Эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдал нь “өнгөт хувьсгал” гарах шууд шалтгаан гэхээсээ илүү түүний суурь дэвсгэр болдог аж. “Өнгөт хувьсгал”-ын шууд шалтгаан болсон улс төрийн хямрал хаанаас үүдэлтэйг нягтлахад үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдож байгаа нь дээрх орнуудын жишээгээр нотлогдов. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр улс төрийн бүлэглэлүүдийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж, эрх мэдлийн төлөөх тэмцлийг хурцатгасаар гол төлөв сонгуулийн цэг дэр тэсрэх хандлагатай байдаг. Иймд үндсэн хууль болон сонгуулийн циклийг тогтвортой хадгалах нь “Өнгөт хувьсгал” гарахаас урьдчилан сэргийлэх чухал алхам юм. 
сонин mn
 
сонин mn
сонин mn
 
Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн бэлтгэв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn